Манайдаа л урдаа барьдаг үзвэрийн газрын нэг “UB palace”-ын хаалгаар ороод тасалбар авахын зуурт л 00-ын үнэр хамар сэтлэх дөхнө. Алсаас үнэртэж байгаа бие засах газраар үйлчлүүлэх бүр ч асуудалтай. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тал нь гэрэлтэй, тал нь гэрэлгүй. Үзэгчид гар утасныхаа гэрлээ тусган байж үйлчлүүлнэ. Ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг муу байх нь дүүрч гэхэд цэвэрлэгээ ариутгалын тухай мэддэг ч үгүй газар бол “UB palace”. Тэгсэн хэрнээ 100 төгрөгийн “татвар”-тай. Татсан усаа л үнэлсэн хэрэг байхдаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бүх үйлчилгээний байгууллагын нийтийн бие засах газрыг үнэ төлбөргүй болгох үүрэг өгсөн ч чих хатуу “UB palace”-ын удирдлагууд өнөө хэр үйлчлүүлэгчдээсээ үнэ төлбөр нэхсэн хэвээр. Хуучин цагт бол Үүрэг трейд гэх компани , “UB palace”-ыг байгуулж байсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очдог байсан үзвэрийн ганц газар өдгөө хуучирч муудаад үеэ өнгөрөөжээ. Чамгүй олон жил шоу ертөнцийг дангаар ноёрхож, өдгөө ч бүрмөсөн хаагдчихаагүй тус газар багагүй ашиг олсон л баймаар. Даанч олсон ашгаа олонтойгоо хуваалцаж гэмээнэ арвиждаг бичигдээгүй хуулийг мөрддөггүй нь харамсалтай.
Тоглолтын их танхимын тухайд тамхины эхүүн үнэр нэвт шингэсэн байхын дээр үзэгчдийн дунд архи үнэртүүлэгсэд дийлэнх. Яг л адал явдалт америк киноны хэсэг шиг санагдах үе ч бий. Хүмүүс мөнгөө төлөөд үзвэр үзэхдээ яах нь тэдний дур гэж бодож болох юм. Гэвч бусад хүмүүст тун чиг төвөгтэй. Тэр битгий хэл тоглолт үзээд сууж байхад тамхины утаа гэрлийн тусгалд сүүмэлзэж муунаглана. Тамхины эсрэг хууль үйлчилдэггүй ганц газар ч байж мэднэ. Тамхичныг үзэгчид дундаас хайгаад тул ахиулж сайн ажвал хамгаалагч залуус хаалган дээрээ тамхи татаад зогсож байх жишээтэй. “Ice top” хамтлагийн сүүлийн тоглолтын үеэр биеэ хянах чадваргүй болтлоо хөлчүүрхсэн хүмүүсийг хүртэл танхимд оруулсан байсан. Дараа нь дэлхийд алдартай продюсер, дуучин Нана дуулиантайхан айлчлахдаа “UB palace”-ын тайзан дээр “Голд Чингис”-ийг сурталчлан согтотлоо ууж орхисон юм. Тийм л орчин нөхцөлд залуус хөгжилдөж байна.
Орчин нөхцөлийг нь орхиё, үзэгчдийн эрх гэхэд тайз засалт, хөгжмийн дуугаралт нь бүр ч эвгүй. Том том өсгөгчүүд царгиж, микрофонууд чихрах нь чихэнд чийртэй. Дахиад энд тоглолт үзэхгүй хэмээн андгайлж байх нэгэнтэй ч таарч л байлаа. Мэргэжлийн дуугаралт, техник тоноглолгүй учраас дуучид, хамтлагийнхан ам барихаас аргагүйд хүрнэ. Хамгийн сайнаараа дуулаад ч тэдний хөдөлмөр талаар болдог тул хэдхэн минутад үзэгчдийг хөөрхөн молигодоод өнгөрөхийг л бодно.
“UB palace”-ын их танхим нийт 3050 суудалтай. Тоглолт хийхээр гэрээ байгуулсан хамтлаг дуучид гэрээнийхээ дагуу “UB palace”-ын хамт олонд 100 билет зүгээр бэлэглэдэг гэнэ. Уран бүтээлчид бэлгийн тасалбараа хасч тооцоод 2950 хүний суудалтай танхимд тоглохын тулд цагт 5 сая 500 мянган төгрөг төлдөг байх юм. Нэг тоглолт багадаа 2-3 цаг үргэлжилнэ. Дундажлаад гурван цагаар тооцоход уран бүтээлчдийн зүгээс 16 сая 500 мянган төгрөгийг “UB palace”-т төлдөг ажээ. Тоглолтын тоогоор үржүүлэн тооцвол тус байгууллага жилд орлого өндөртэй нь хэнд ч ойлгомжтой. Зарим тоглолтын урдуур суудал 40-60 мянган төгрөгийн ханштайг байнгын үйлчлүүлэгч нэгэн өгүүлсэн. Мэдээж зардал гардаг л биз. Гэхдээ л үзэгчид төлбөр мөнгө, үнэ хөлсөндөө таарсан хангалттай үйлчилгээг хүсч байна.
Өнгөрсөн зун ирж тоглолт хийхдээ Цэнгэлдэх хүрээлэнг маань дундад зууны үеийнх хэмээн чамлаж, тоглолтынхоо техник хэрэгслээ хаа холоос тээж ирэхдээ тулсан дэлхийн одод “Blue”, “T-Ara”-г дахиад урихад нүүр улайхааргүй дэлхийн стандартад нийцсэн тоглолтын танхимтай болох юмсан. Ядаж л байгаа хэдэн тоглолтын танхимдаа засвар хийгээч гэж уриалмаар байна. Засварыг “UB palace”-аас эхэлбэл яасан юм бэ.