Улс орноосоо дүрвэн ОХУ-д орогнож байгаа Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович мягмар гаригт сэтгүүлчдэд хандан Киев фашизмд үйлчлэн засгийн эрхийг хүчээр булаасан хэмээн мэдэгдлээ. Ирэх тавдугаар сард товлогдоод байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус хэмээн дүгнэж, Украины улмаас АНУ-ын хууль дүрмийг Цагаан ордон зөрчсөн тул тэрбээр Конгресс болон АНУ-ын шүүхэд хандана гэжээ.
Ростов-на-Дону буюу Дон дахь Ростов хотод болсон хэвлэлийн бага хурлын өмнө Виктор Янукович асуултад хариулахгүй гэсэн болзолтойгоор сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн юм. Украины хууль ёсны ерөнхийлөгч гэгдэх түүний мэдэгдэл энэ удаа богинохон, чимээ, шуугиан багатай өнгөрлөө.
Цугласан сэтгүүчлдэд хандан хамгийн түрүүнд "Би амьд мэнд, гэхдээ биеийн байдал тааруу" гэдгээ Янукович хэллээ. “Украинд болж буй үйл явдал түгшүүр төрүүлж байна. Албан ёсны гэх Засгийн газрын хөшигний цаана хэт үндсэрхэг үзэлтнүүд ба фашистууд нуугдаж байна. Тэд ерөнхийлөгчийн суудалд санаархаж эхэллээ. Украинд олон нийтийн эсрэг замбраагүй явдал өргөжиж байна” хэмээн тэр онцлов.
Тэрбээр "Украины хотуудад баг өмссөн хүмүүс эргүүл хийн энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхгүй гэсэн армийн дээд тушаалын офицерүүдийг халж байна. Бодоод үз, тэд армийг Бандерийн тугийн дор тавин иргэний дайныг өдөөж байна. Тэд хэт үндсэрхэг үзэлтнүүдийг эгнээндээ татан гарт нь зэвсэг бариулах гэж байна. Энэ "харанхуй" хүчнийг ивээгч барууныхнаас “та нар сохроо юу, фашизм гэдгийг мартаа юу" гэж асуумаар байна. Гэхдээ би Украины цэрэг, офицерүүд үнэ цэнээ мэднэ, тэд энэ гэмт хэргийн шинжтэй тушаалыг үг дуугүй биелүүлэхгүй гэдэгт найдаж байна” хэмээн тодотголоо.
Тэр өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч гэдгээ, мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр байна гэдгээ сануулжээ. “АНУ болон бусад орон намайг улс орноосоо зугтаад хууль ёсны эрхээ алдсан гэж байгаа. Би хаашаа ч зугтаагүй, Украины нутаг дэвсгэр болох Харьков, Донецкт байсан. Би заавал Киевт буцан очно. Тавдугаар сарын 21-ний Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус бөгөөд Үндсэн хуультай нийцэхгүй байна” хэмээн Янукович мэдэгдсэн байлаа.
АНУ-ын зүгээс Украинд санхүүгийн тусламж амласан нь буруу. Ерөнхийлөгчөө хүчээр зайлуулсан, цэргийн эргэлт хийсэн, өөр хууль бус үйлдэл хийсэн Засгийн газарт АНУ тусламж үзүүлдэггүй. Би АНУ-ын Конгресс, Сенат болон Дээд шүүхэд хандан Засгийн газартаа хууль зүйн үнэлгээ өгөх хүсэлт тавина. Та нар өөрийн хуулиар дээрэмчдэд мөнгө өгөх эрхгүй гэмээн тэр онцлов. “Украин хүнд цаг үеийг туулж байна. Хууль зөрчигчдийн буруугаас Крым салж байна. Украин мөхөхгүй, алдар нь бадартугай, Эр зориг ялна!” гэсэн уриагаар тэр яриагаа төгсгөжээ.
Тодруулахад, Крымын парламент ард түмний өөрөө сонголт хийх эрх болон Косовогийн жишээгээр тус улсын тусгаар тогтнолын тунхаглалыг гаргалаа. Бүх нийтийн санал асуулгаар ОХУ-д нэгдэхийг дэмжвэл энэ тунхаглал нь шаардлагатай болох ёстой. Түүнд бүх нийтийн санал асуулгаар Крымын статус дэмжигдвэл Крымын автономит улс ба Севастополь хотын хамт тусгаар тогтносон улс гэж тунхаглана гэж заажээ. Түүний дараа тус улс ОХУ-д хандан бүтцэд нь багтах хүсэлтээ гаргах юм. Уг тунхаглалыг Крымын парламентын 78 депутат дэмжжээ.
Дашрамд дурьдахад, албан тушаалаасаа зайлуулагдсан Янукович эхний хэвлэлийн бага хурлаа хоёрдугаар сарын сүүлээр хийлгэсэн ба сэтгүүлчидтэй тэрээр мөн л Ростов-на-Дону хотод уулзсан юм. Фашист талын залуус засгийг авлаа гэж тэр хэлэхдээ зэвсэгт тэмцэлд уриалаагүй. Харин энэ хэрэг явдлыг олон улсын байгууллагууд бүх талын мөрдөн байцаалт, шалгалт явуулах ёстой гэсэн байв.
Тэр үед тэрээр өөрийн орны нутаг дэвсгэрт зэвсэгт сөргөлдөөн гаргахгүй төлөө байгаа гэхдээ Орос заавал үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн билээ.
Үүнээс хэд хоногийн дараа Украины үйл явдалд Путин өөрийн тайлбарыг өгсөн юм. Москва урьдын адил Януковичийг хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж байгаа гээд түүний хүсэлтийн дагуу армийг Украинд ашиглах зөвшөөрлийг Холбооны зөвлөлөөс авсан гэлээ. Гэхдээ цэрэг армийг орос хэлтнүүдтийг хамгаалах зайлшгүй шаардлага гарвал ашиглах болно гэж ноён Путин онцолсон байна.