“Петрочайна Дачин тамсаг”-ийн ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

“Петрочайна Дачин тамсаг”-ийн ажиллагааг зогсоов

“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ачааны машинуудад газрын тос тээвэрлэх үеэр гал алдсан талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Тосон уулын талбайд гуравдугаар сарын 10-ны орой арван машин газрын тос тээвэрлэлт хийж байх үеэр гал алдсан бөгөөд хоёр хүн амь эрсдэж, нэг хүн бэртсэн юм.

Нөхцөл байдал одоогоор ямар байгаа талаар газар дээр нь ажиллаж буй Газрын тосны газрын Ашиглалт олборлолтын хэлстийн дарга Ч.Жамсрангаас тодрууллаа.

-Гал гарсан олборлолтын талбайд одоо нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” ХХК –ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны эксортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа. Мөн газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цоонгийг түр хаагаад байна.

-Галын улмаас тус компани, ажилтнууд, олборлолтын талбайд учирсан хохирлын хэмжээ хэр их байгаа вэ?

-Галын дүгнэлт бүрэн гараагүй байгаа болохоор хор хохирлын хэмжээг тодорхойлох болоогүй байна.

-“Петрочайна Дачин тамсаг”-ийн үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх вэ?

-Хэрэв Хятадаас засварын мэргэжилтнүүд ирвэл олборлолтын ил байгууламжийн галд өртсөн ачих хэсгийг сэргээн засварлахад 14 хоногийн хугацаа шаардлагатай.

-Мэргэжилтнүүд нь хэзээ ирэх бол?

-Одоогоор Хятадын мэргэжилтэн, засварчдыг авчрахын тулд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн зөвшөөрлөөр үндэслэн бичиг баримтыг бүрдүүлж дуусч байна. Бичиг баримт өнөөдөртөө шийдэгдэх байх. Харин сэргээн засварлалтад шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлтгэж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж