Эрлийг Андаманы тэнгист явуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Эрлийг Андаманы тэнгист явуулж эхэллээ

Малайзын агаарын тээврийн сураггүй болсон “Boeing 777-200ER” онгоцыг хайх ажлыг олон улсын хамтарсан эрлийн баг тав дахь өдрөө илүү өргөн хүрээнд хийж байна. Малайзын иргэний агаарын тээврийн газрын дарга Азхаруддин Абдул Рахманы өнөөдөр /III.12/ мэдээлснээр сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн эрлийн ажлыг Суматра арлын дээгүүр болон Андаманы тэнгист явуулж эхэлжээ. Суматра нь Андаманы тэнгисийн өмнө хэсэгт оршдог Индонезийн хамгийн том  арал билээ.

Түүнчлэн сураггүй болсон онгоцны эрлийн ажилд оролцогч Хятад улсын зүгээс 10 хиймэл дагуулаар сансараас хайлт хийж буй  бөгөөд нэмж хоёр нисдэг тэрэг гаргасан байна.  Харин Вьетнам улсын зүгээс сураггүй болсон онгоцыг хайх ажилд оролцоогоо багасгаж буйгаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Малайзын агаарын тээврийн 239 зорчигчтой “Boeing 777-200ER” онгоц өнгөрсөн бямба /III.8/ гарагт холбоо тасрах үедээ чиглэлээ өөрчилж, баруун зүгт эргэсэн гэх мэдээлэл цацагдаад байна.  “Reuters”-т мэдээлснээр сураггүй болсон 370-р нислэг Малайзын баруун эргийн Малаккагийн хоолой руу эргэсэн байж болох ул мөр радарын дэлгэцнээс илэрсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж