Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2014.03.11/ БНХАУ-ын Синопек корпораци болон хөрөнгө оруулалтын “HOPU” группын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн намар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын Синопек корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулсан бөгөөд өнөөдрийн уулзалтын ажлаар төслийн нэгжийн үйл ажиллагаа ийнхүү эхэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.