Бодь Электроникс тэргүүний технологи нэвтрүүлдэг

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Бодь Электроникс тэргүүний технологи нэвтрүүлдэг

“Бодь электроникс” ХХК-ийн Бизнес Удирдлагын газрын захирал Б.Золбоотой ярилцлаа.

-Өнгөрсөн онд танай компани албан байгууллага, аж ахуйн нэгжийн хяналт, хамгаалалтын системд түлхүү анхаарч ажилласан. Оны эцсээс харахад хэрэглэгчдийн сэтгэл ханамж хэр байх юм?

-“Бодь электроникс”  ХХК өнгөрсөн онд шинээр хэд хэдэн брэндийн албан ёсны түншлэгчээр ажиллах эрхээ авсан. Мөн үүний зэрэгцээ  хяналт, хамгаалалтын салбарт тэргүүлэгч брэндүүдийн албан ёсны борлуулагчаар ажиллаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Одоогоор бид бүх төрлийн хяналт, хамгаалалт болоод цаг бүртгэл, ID карт, паспорт сканердах, унших систем гээд үйлчилгээндээ “SAMSUNG TECHWIN”, “SUPREMA” зэрэг брэндийг хэрэглэгчдэд санал болгон ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ маань ч хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж, аль хэдийнэ өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгч нартай болсон. Одоо удахгүй шинээр баригдах олон улсын нисэх буудал, тусгай хамгаалалтын бүсүүдэд шаардагдах нэвтрэх систем зэрэгт хамгийн тохирох бүтээгдэхүүнүүдийг бид санал болгож байгаа юм. Ер нь энэ салбарт бидэнтэй хамтарч ажиллах боломжтойг энэ дашрамд дуулгахад таатай байна.

-“Бодь электроникс” дэлхийд үнэ цэнэтэй гэгддэг нэр бүхий брэндүүдийг ихэвчлэн Монголын зах зээлд оруулж ирэх болсныг хэрэглэгчид мэднэ. Тэгвэл дээрх брэндүүдийн онцлог нь юундаа байна вэ?

-Хяналт болоод аюулгүйн системийн чиглэлд хяналтын камер тэдгээрийн суурилуулалт, байнгын хэвийн ажиллагаа, эдэлгээ маш чухал ач холбогдолтой. Тэгвэл манай компани энэ тал дээр анхаарч чанар болон үзүүлэлтээрээ ч, үнэ өртгийн хувьд ч тэр хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байлгаж чадахуйц бүтээгдэхүүнийг сонгож монголын зах зээлд нэвтрүүлэхийг хүсдэг. Энэ утгаараа бидний хамтарч ажилладаг, монголын зах зээлд тусгайлан танилцуулдаг брэндүүд нь найдвартай, баталгаатай, аюулгүй байдал, дээд зэрэглэлийн хэрэглээг эрхэмлэдэг үйлчлүүлэгч нарт зориулагдсан гэж хэлж болно.

-Гадуур цахилгаан бараа худалдаалдаг нэртэй олон ч дэлгүүр шил дараалан нээгдэж байна. Энэ дундаас гагцхүү сонголтоо хэрхэн хийх нь зөв юм бол оо?

-Сүүлийн үед Монголын зах зээлд хэн дуртай нь хүссэн бараа, бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирэх болсон. Мэдээж чөлөөт зах зээлийн нийгэмд бидэнд хорих юм уу, үгүйсгэх гэсэн ойлголт байж болохгүй. Хэрэглэгчид үнэ дагаж чанар гэхээсээ илүүтэйгээр хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнд хошуурах болж. Үүнийг нь овжин ашиглаж хэн дуртай нь элдэв брэндийн нэр барьж, хямдралтай худалдаа гэх мэтээр чанаргүй бараа, бүтээгдэхүүнээр халаасыг нь хоослох болсон юм шиг. Тэгэхээр хэрэглэгчийн сэтгэлгээнд салхи оруулах шаардлагатай болов уу. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй ус буцалгагч, будаа агшаагч тавьчихаад хэрэглэгчиддээ шахдаг байж болохгүй. Эргээд буцах хаяг, буух эзэнтэй байх ёстой шүү дээ. Үйлчлүүлэгчид халаасандаа захирагдаад хэдхэн сарын эдэлгээтэй угаалгын машин авлаа гэж бодоход яг тийм үнээр жилд хэд хэдэн угаалгын машин сольж байгаа жишээ олон байна. Харин бидний санал болгодог гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Miele” брэнд дээр жишээ авахад зарим тохиолдолд хэдий бусдаас бага зэрэг үнэтэй байх боловч тэднээс хэд дахин илүү сэтгэл ханамж, он удаан жилийн хэрэглээг таньд амлаж байгаад гол учир нь байгаа юм. Манай “Miele” л гэхэд үйлдвэрээс 20 жилийн турш ямар ч асуудалгүй ажиллах лицензтэй, бидний зүгээс 5 жилийн баталгаат хугацааг өгдөг байх жишээний.

-Мэдээж 20 жилийн түүхтэй Монголдоо номер гэхээр электрон бараа импортлогчийн хувьд одоогийн жижиг зах зээлийн зовлонг мэдэрч л байсан байлгүй. Зах зээлд хэрхэн хөл тавьж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Манай компани анх 1995 онд Монголын зах зээлд компьютер болон мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Бодь компьютерс” ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсан даруйдаа “Siemens Nixdorf” брэндийн албан ёсны  дистрибьютерээр сонгогдсон. Харин дараа жил “Fujitsu” брэндийн анхны дэлгүүрийг нээж, Герман чанарын өндөр технологийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд ихэд нийцэж байсан юм. Энэхүү дэлгүүрт маань зөвхөн компьютер төдийгүй компьютерийн дагалдах хэрэгсэл, карт уншигч, гар, цүнх гээд бүх төрлийн дагалдах хэрэгслийг анхлан борлуулж “Монголын харилцаа холбооны шилдэг компани” болж байсан. Харин 2001 онд өөрийн нэрийн “Bodicom” компьютерийг зах зээлд  танилцуулсан. Одоо зарим компаниуд компьютер үйлдвэрлэж эхэллээ гэж байна. Бид жил ирэх тусам компани өөрийн зах зээлийн жамаар хэрхэн яаж өргөжин тэлдэг, хөгжиж өөрчлөгддөг бүхий л үе шатыг туулаад явж байгаа байгууллага. 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн, өөрчлөгдсөн зүйлсийг бүгдийг нь дурдвал цаг их шаардах байх. Ямартай ч бидний өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн хүчин зүйлс бол үе үеийн шилдэг ажилтнууд, бидэнтэй цаг үргэлж хамтран ажиллаж байдаг гадна дотны бүх түншүүд маань гэж хэлэх байна.

-2005 оноос “Бодь електроникс” ХХК хэмээн нэрээ өөрчилж үйл ажиллагаагаа өргөтгөсөн байх аа. Энэ бол электрон бараа борлуулдаг ганц том компанийн хувьд жинхэнэ тэсрэлт болж чадсан болов уу?

-Дээрх өөрчлөлтийн хүрээнд зах зээлд тэргүүлэгчийн байр суурьнаас зөвхөн электрон бараанаас гадна бүх төрлийн цахилгаан бараа, мэдээлэл технологийн солюшн зэргийг зах зээлд нийлүүлэх болсон. Үүний сацуу компанийн стратеги төлөвлөлтийг шинэчлэж өндөр чанарын, үнэтэй зах зээлд гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Ингэхээс ч аргагүй. Цаг ямагт техникийн дэвшил хувьсан өөрчлөгдөж байхад монголын зах зээл ч дэлхийн зах зээлээс хоцрох учиргүй юм.

-Тэгээд л дэлхийн алдартай брэндүүд болох “Miele”, “Apple” зэрэгтэй шил дараалан албан ёсоор хамтарч ажиллах болжээ. Ийм нэр хүндтэй брэндийг борлуулах эрхийг хэрхэн олж авдаг вэ. Эдгээр брэнд бусдаас юугаараа давуу байдаг юм бэ?

-Брэнд гэдэг нэр төр, байр суурийг илтгэсэн хэрэгцээ. Энэхүү хэрэгцээ хэрэглэгчдэд хялбар бөгөөд тансаг, эхэмсэг байдлын илэрхийлэл болж өгдөг. Мэдээж брэнд гэдэг утгаараа үнэ, өртөг шингэсэн байх нь ойлгомжтой. Тиймээс бид 2007 онд дэлхийд алдартай “Miele”, 2010 онд  “Apple” брэндийн Монгол дахь анхны албан ёсны төлөөлөгч болсон. Энэхүү эрхийг хүртэж чадсанаараа Монголын электроникийн салбарт асар том дэвшил хийсэн явдал болж байсан гэж боддог. Ялангуяа “Apple”-ийн тухайн улс дахь анхны эрхийг тийм ч амархан авчихдаггүй. Тухайн компанийн эдийн засгийн байдал, ажиллах хүч, нэр хүнд маш их нөлөөлнө. Анх Монголд “Apple”-ийг оруулж ирэхэд зах зээлгүй гэгдэж байсан ч ганцхан жилийн дараа гэхэд маш олон тооны “Apple” хэрэглэгчдийг бий болгож чадсан. Одоо “Apple”-ийн бизнес амжилттай байгааг хамгийн сүүлд IPHONE Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэлснээс харж болохоор байна. Оны эхэнд бид хуучнаар хүүхдийн 100 орчим, 2-р төрөхийн замын эсрэг талд ENTERA буюу Apple-ийн салбар дэлгүүрийнхээ шинэ салбарыг нээсэн. Энэ дэлгүүрт маань “Apple”, “Miele” гээд бидний худалдааны салбарт санал болгодог бүтээгдэхүүнүүдийг нэг дороос сонирхох боломжтой байгаагаараа онцлогтой. Ер нь гадуур олон тооны “Apple” борлуулагч нар байгаагаас манайхыг хамгийн найдвартай нь гэж сонгох хэрэглэгчид их байдаг юм шиг. Бид ч энэ тал дээр маш их хичээж ажилладаг. Түүнчлэн өнөөдөр шинээр баригдаж буй ихэнхи тансаг зэрэглэлийн сууцнууд манай “Miele”-ээр заавал шахуу тоноглогддог болсон байна. Аливаа гэр бүлийн уур амьсгал, тухтай орчин гэрт хэрэглэгддэг цахилгаан бараанаас ер нь маш их шалтгаалдаг болоод байна шүү. Хамгийн гол нь цахилгаан бараа бол хэрэглээ болохоос хэн нэгний хувьд дарамт эсвэл толгойны өвчин байж болохгүй. “Miele” бол тийм л брэнд. Үнэхээр чанартай. Герман чанар шүү дээ. Дээр нь бүтээгдэхүүний хэрэглэгчдэд үлдээх сэтгэл ханамж, чадамж гэж байна. “Miele” нэг сонгосон айл хэзээ ч өөр бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Яг л нөгөө “Benz” нэг унасан хүн өөр машин унадаггүй гэдэгтэй л адилхан. Энэ мэтчилэн давуу талыг нь дурдаад байвал их л дээ.

-Нэг хэсэг “Бодь” групп дампуурах гэж байгаа хэмээн шуугиан гарсан. Энэ байдал танайд хэр нөлөөлөв. Олон жилийн туршлагатай, Монголдоо электроникийн чиглэлээр ууган компани “Бодь Электроникс” харин ч улам бат бөх болсон гэж бодож байна?

-Бидний жилээс жилд ахиж буй амжилтын үр дүн энэ компани улам батжиж байгаагийн илрэл гэж бодож байна. Бид зөвхөн электроникийн чиглэлээр гэлтгүй олон салбарт хүч үзэж, нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн гэж хэлмээр байна. Монголын зах зээлд дэлхийд дээгүүр зиндаанд ордог брэндүүдийг албан ёсоор танилцуулж, хэрэглэгчдийнхээ тоог нэмсээр л байна. Өнөөдөр бид нийт 30 гаруй брэндийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Олон жилийн туршлага гэдгийн цаана хүмүүс, манай байгууллагын үнэт зүйл болсон ажилтнууд, мэргэжилтнүүдийн тухай яриа яригдаж байна гэж ойлгодог. Үнэндээ цөөн тооны ялихгүй зарим нэг асуудлаас болж дампуурах гэж байна гэсэн цуу яриа үүссэнд харамсаж байна. Харин ч бидний ажил илүү ахицтай урагшилж байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна. Цаашид мэдээлэл технологийн салбарт, илүү нарийн мэргэжил, ур чадвар шаардсан төрөл бүрийн ажлуудад, хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа хүссэн тэр үйлчилгээг үзүүлэн ажиллахад бидэнд туршлагатай инженер, хүний нөөц, санхүүгийн нөөц бололцоо хангалттай бий. Иймд таны саяны хэлдгээр монголын мэдээлэл технологийн ууган компани Бодь Электроникс улам л бат бөх болсоор байна даа.

-Цаашид “Бодь электроникс” хэрэглэгчдэдээ ямар шинэ, содон үйлчилгээг хүргэхээр зорилт тавиад байна вэ?

-Өнөө жил манай компани үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж төрийн болон олон улсын байгууллагууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ялангуяа төрийн албаны дотоод сүлжээ, хяналтын систем, видео хурлын конференцийн салбарт ажиллах бодолтой байна. Бид 2011 оноос “DISS” брэндийн албан ёсны түншээр ажиллах болсон. Энэхүү брэнд нь дэлхийн бараг бүх л парламентийн засаглалттай орны хурлын танхимийн хэвийн үйл ажиллагааг хангаж ирсэн. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж эхэлж байна. Мөн энд видео хурал буюу телепресенс системийн бүтээгдэхүүнүүд ч багтаж болох юм. Сүүлийн үед онлайн хурал хийх, цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан харилцаа холбоо, нүүр нүүрээ харсан уулзалт хийх шаардлага нилээдгүй гарах болоод байгаа. Бидний албан ёсны түнш CISCO бол яг энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч юм. Хамгийн өндөр нууцлалтайгаар яг л дэргэдээ байгаа мэт хол зайд байгаа нэгэнтэй нүүр нүүрээ харан ярилцах боломжийг олгодог гэж хэлж болох юм. Зөвхөн нэг ч биш баг хамт олноороо ч хурал хийх боломжтой. Зарим төрлийн бүтээгдэхүүнүүд интернетийн хурд их голдог бол CISCO энэ талын асуудлыг бүгдийг нь аль эрт шийдчихсэн. Угаасаа дэлхийн бүх онлайн хурлыг CISCO дангаараа шахуу хийж байна. Тэгэхээр уг нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг манай засгийн газар болоод бусад хэрэгцээтэй газруудад өргөнөөр хэрэглээсэй гэсэн бодол байдаг даа.

-Танд баярлалаа. Танай байгууллагын цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа танд болон танай хамт олонд амжилт хүсье.

Д.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж