
Румыны хувьд, 150 гаруй мянган иргэн нь амьдардаг Майкан арлыг онилоод буй. Тэд Олон улсын шүүхэд хандсаны хүчээр 2009 онд Украинаас багагүй газар нутаг тасалж авч чадсан. Харин одоо газар нутгаа нэмэгдүүлэх оролдлогыг дахин хийх боломж бүрдээд байна.
Украины Карпатын нуруу орчмоор 156 мянга орчим унгар үндэстэн амьдардаг. Румынчууд Украины гурван өөр хэсэгт суурьшсан байдаг бол унгарчууд Карпатын уулсын дагуух Ужгородский, Виноградский, Береговский зэрэг мужуудад суурьшсан байдаг юм. Унгарчууд Дээд Радад төлөөллөө оруулах саналыг эрх баригчдад байнга тавьдаг ч амжилт ололгүй өдийг хүрчээ. Харин одоо олон улс анхааралтай ажиглаж байгаа ОХУ Крымыг нэгтгэх арга гэж юуг хэлээд байгааг тайлбарлая.
Украинд төрийн эргэлт гармагц ОХУ Крымд цэргээ оруулж, онц чухал объектуудыг хамгаалалтад авсан билээ. Энэ үед хүн бүхэн л дайны талаар түгшин бодож байсан ч оросууд харьцангуй тайван буюу Крымчүүдээр өөрсдөөр нь сонголт хийлгэх аргыг сонгоод байна. Крымд амьдарч байгаа иргэдийн 70 хувь нь оросууд учир В.Путин болон түүний багийнхан Елена Мизулин гэдэг гишүүн тухайн бүс нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулах замаар эмх журмыг тогтоож болно гэсэн утгатай хуулийн төслийг өнгөрсөн сарын 27-ны өдөр төрийн думд оруулж ирсэн байна.
Хэрвээ энэ хууль хэрэгжиж, ОХУ Крымыг эвтэйхэн нэгтгэж дөнгөж гэмээ нь дэлхийн парактикт нэг чухал жишиг тогтоох болчихоод байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн бүс нутгийн иргэд өөр улсын бүрэлдэхүүнд нэгдье гэвэл санал хураалт явуулаад шийдэж болохоор болж байгаа юм. ОХУ урьдын үйлдлээ мартаж, их гүрний дээрэнгүй зан гаргаагүй тохиолдолд шүү дээ.
Крымын дараа нэн тэргүүнд Унгар, Румын улсууд Елена Мизулины санаачилсантай ижил хуулийг батална. Унгарын үндсэн хуульд “Тэр нь бусад улсын нутагт амьдарч байгаа унгар үндэстнүүдийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж заасан байгаа. 2012 онд шинэ үндсэн хууль батлахдаа ийм заалтыг тусгайлан оруулсан байдаг. Румын, Унгар улсууд ийм хууль баталсны дараа Украинд байгаа иргэдийнхээ дунд санал асуулга зохион байгуулна гэсэн үг. Гэхдээ энэ ажил бүтэхэд асуудал бий. Тухайлбал, Унгарууд засаг захиргааны 13 мужид тархан суурьшдаг бөгөөд тухайн нэгжийнхээ хүн амын 0.1-76 хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа 10-т нь 0.1-12.7 хувийг эзэлж байгаа бөгөөд Ужгородскийд 32.6, Виноградскийд 26.1, Береговскийд 76.1 хувьтай байгаа нь хамгийн их тоо юм. Өөрөөр хэлбэл, яг одоо санал асуулга явууллаа гэхэд ганц Береговскийд л ялалт байгуулах боломжтой байна.
Румынчууд Украинд 151.1 мянга /2001 оны тооллогоор/ бий. Гэвч эдгээр нь гурван хэсэгт тасран суурьшсан байдаг гэдгийг дээр өгүүлсэн. Украины нийгмийн амьдралд румынчууд унгаруудаа бодвол илүү оролцдог, нөлөөтэй /та бидний сайн мэдэх алдарт дуучин София Ротару Украины румын үндэстэн/. Тэдний үндсэн зорилго нь Майкан арал. Дунай мөрний энэ жижигхэн арлын төлөө хоёр улс эртнээс дайсагналцаж байсан юм. Харин шинэ нөхцөл байдал үүссэнээр Украины газар нутгаас шилжүүлж авах боломж бүрдэж байгаа юм. Тэд одоо ОХУ Крымын асуудлыг хэрхэн шийдэхийг харсан шиг төлөвлөгөөгөө гарган сууж байна.
Одоо хамгийн гол асуудал. Украин, Крым, ОХУ-ыг тойрсон шийдлүүд Монгол Улсад маш их нөлөөллийг үзүүлж болно. Бид ОХУ-ын баталсантай ижил хууль баталсан тохиолдолд Эрхүү, Тува зэрэг туурга нэгтнээ нэгэн тугийн дор нэгтгэх боломж бий болох юм.
Орос, Хятад 1913 онд гурван улсын хэлэлцээ хийсний дараа Монгол Улсыг доройтсон байдлыг ашиглан газар нутаг, ард иргэд таслан авсны нэг нь Тува юм. Цаашлаад Буриадыг нэгтгэх боломж ч бага боловч бий. Эрхүүгийн хязгаарт хоёр сая гаруй иргэд амьдарч байгаагийн 77 мянга гаруй нь буриад үндэстэн гэсэн тоо байдаг юм байна. Магадлал бага гэсэн үг, гэхдээ л бага боловч боломж юм.
Нөгөө талаар, геополитикийн асуудал сөхөгдөж байгаа үед тухайн улс үндэстний өөрсдийнх нь ашиг сонирхлыг их гүрнүүд үл тоодог гэдгийг бид Украинаас сайн ойлгож авцгаалаа. Улстөрийн хямрал, нэгдмэл бус байдал ямар үр дүнд хүргэдгийг бид харж байна. Улстөрчид сайхан сайхан зүйл ярьж байсан ч үнэн чанартаа гадныхны гар хөл болж байсан нь мэдэгдлээ шүү дээ. Улс орон тарж бутарлаа үүний хариуцлагыг улстөрчид хүлээхгүй. Гадаад руу л арилаад өгцгөөнө. Тиймээс бид дараагийн сонгуулиар гадны ашиг сонирхлыг хамгаалдаг нөхдүүдэд биш, жинхэнэ эх оронч хүмүүсээ дэмжих нь л гол болж байх шив.
Эх сурвалж: www.mminfo.mn