
Тэгвэл ам.долларын ханш өсөхөд юу нөлөөлөв. Засгийн газар, Төв банк буруу менежмэнт хэрэгжүүлснээс болов уу, эсвэл өөр шалтгаан нөлөөлсөн үү? Эдийн засагчид өөр, өөр шалтгаан хэлэх ч Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээлэл сэртхийлгэхгүй байхын арга алга. Түүгээр арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын эцэст 598 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 16.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95 хувиар өсчээ. Муу мэдээ дуулгах болсон цөөнхийнхний анхааруулгатай яв цав нийцэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэлт явуургүй болсны дохио. Цаашид чанаргүй зээлийн хэмжээ ийн өссөөр байвал банк, санхүүгийн салбарт эрсдэл үүсгэнэ. Тэр үед Шинэчлэлийн Засгийн газар үүссэн хохирлыг өмнөх Засгийн газарт тохохыг оролдох тусам өөрсдөө л тэнэг болж харагдана. Учир нь, Ардчилсан нам Засгийн эрх аваад хоёр жил боллоо, энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт С.Батболдын Засгийн газрын үеийнхээс өссөн үү, эдийн засгийн өсөлт түүний үед гарч байсан шиг 23 хувьд хүрсэн үү гээд хөөгөөд үзвэл хаана нь ч хүрэхгүй.
Ийм байтал зарцуулсан хөрөнгө нь давж гарна. Зөвхөн “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн жил төсвөөс гадуур гурван их наяд төгрөгийг зарцуулсан хэр нь эдийн засгийнх нь өсөлт хоёр дахин буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ бол ердөө ганц үзүүлэлт.
“Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” өнөө жил ч үргэлжилж байгаа. Харамсалтай нь, үр дүн дагуулахгүй байгааг зөвхөн махны үнээр жишээлж болох биз. Уг хөтөлбөрөөс санхүүжилт авсан нөөцийн махны үнэ ченжүүдийн зарж байгаа махны үнээс 500 төгрөгөөр илүү үнэтэй байна. Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төвд өчигдөр үхрийн мах нэг кг нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол нөөцийн махны үхрийн махны үнэ нэг кг нь 8500 төгрөг аж. Инфляцийг хязгаарлах үүрэгтэй нөөцийн махны үнэ эсрэгээрээ үнийг хөөрөгдөгч болж, хувирсан нь энэ. Алдаатай бодлого биш гэж үү.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын хэлсэн үгийг эргэн нэг бодъё. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг зогсоохгүй бол эдийн засгийн тогтолцоогоо эвдээд байна гэсэн нь дээрх үйл алдааг нотлох мэт.
Эрх баригч хүчний хувьд одоогоор энэ мэт алдааг хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй бэлэн биш байгаа ч цөөнхийн зүгээс тавьж буй эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг цаг алдалгүй боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болбол хариуцлагыг хэн үүрэх вэ.
Ерөнхий сайд та юу, эсвэл ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгах амлалт аван 2014 оны төсөвт суулгасан Эдийн засгийн хөгжлийн сайд уу. Эс бөгөөс татвараа олигтойхон бүрдүүлж чадахгүй суугаа Сангийн сайд уу. Аль эсвэл уул уурхайн компаниудыг гадаад руу нь буцаагаад алдчихсан гэх бурууг үүрч суугаа Уул уурхайн сайдаас нэхэх ёстой юу, хэнээс вэ?.
Монголын нийгэм, эдийн засгийг өөрсдийнхөө амьдралын төвшингөөр төсөөлж суусаар байтал ард иргэдийн худалдан авах чадвар навс уналаа, сайд нар аа. Эдийн засагчид төгрөгийн ханш 30 гаруй хувиар буурсан тухай сануулж байна, энэ бол тоглоом биш.
Сөрөг хүчнийхэн саарал ордноос гадуур ажиллаж ард иргэдийн амьдрал руу гүн орохыг хичээж байхад Засгийн эрх барьж байж, Төрийн ордноосоо сугарч болохгүй юу. Нэг өдөр ч болов тэнгэрийн амьдралаасаа газарт бууж хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээ нягтлаад нэг үзээч, эрх баригчид аа?.