
Байсхийгээд л нэг нь Баянхонгор руу баахан сэтгүүлч дагуулж явдаг болчихоод байгаа.
Хөгжил дагасан их нүүдлийг зогсоож, хөдөө орон нутгийнхны хөлийг тушихын тулд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийг тойрсон шивэр авир яриа тасрахгүй байна. Зарим сумынхан “Сайдтай аймгийнхан сайхан юм аа” хэмээн чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахаар очсон гишүүддээ үг хаяж байгаа сурагтай. Монголчууд алхам тутамдаа жалга довоороо талцдаг явдлаас “Шинэ сум” төсөл холуур өнгөрсөнгүй. Тиймээс "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэдэг шиг манай аймгийнхан яахаараа хамрагдаж болдоггүй юм бэ хэмээн бусад аймгийнхан барьцаад эхэлсэн гэх. Төслийн эхний ээлжинд Баянхонгорын хоёрын хоёр сумыг хамруулчихсан болохоор аргагүй байж уу. Эдгээр сумдыг ямар шалгуураар төсөл хамруулах болсныг Эдийн засгийн хөгжлийн сайдаас асуувал " тэнгэр таалсан" гэх байлгүй.
Ямар ч байсан “Шинэ сум” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж, Баянлиг, Бууцагаан сумын цогцолбор барилгуудыг хүлээн авах ёслолын ажиллагаа энэ сарын сүүлээр болохоор товлогджээ. Баянлиг, Бууцагаан сумдад цогцолбор барих тендерт “Их модун”, “Ти Ти Энд Би” компаниуд шалгарч, дээрх сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, конторыг Канадын карказан барилгаар солиход 20.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм байна. Энэ онд нийтдээ 16 сумын төвийг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 80 тэрбум төгрөгийг төсөлд зарцуулахаар улсын төсөвт суулгасан. Энэ бол бага мөнгө биш. Эдийн засгийн үр ашгийг нь макро төвшинд тооцвол шүү дээ.
Манай яам микро асуудалд оролцох ёсгүй гэж дэд сайд нь томроод байдаг. Гэтэл сайд нь хөгжлийн бодлого боловсруулахаас илүү хөдөөд модон барилга барихаа л илүүд үзэж байна.
Баянлиг, Бууцагаан сумдад цогцолбор барих тендерт шалгарсан “Их модун”, “Ти Ти Энд Би” компаниудыг ямар шалгуураар, яаж ялагч болгож тодруулсныг мэдэхгүй юм. “Ти Ти Энд Би” компанийн хувьд 2005 онд байгуулагдсан гэх мөртлөө 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн зөрүүтэй мэдээлэлийг албан ёсны сайтдаа тавьсан байна лээ. Захирал нь Г.Цэдэнсодов, 2-10 ажилчинтай гэснээс харахад барилга угсралтын чиглэлээр олонд төдийлөн танигдаагүй компани бололтой. Харин “Их модун” компанийн хувьд байгуулагдаад таван жил болж байгаа, өнгөрсөн хавар тус компанийн захиалгаар Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд “баригдаж байсан “JB TOWN” барилга дээрээс төмөр унаж нэг нас зургаан сартай А гэгч хүүхдийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Мөн 2012 онд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй барилгын компаниудын жагсаалтад багтсан байдаг. Гэхдээ тэдгээр компаниуд “хэн” байх нь гол биш ямар замаар энэ тендерт ялсан бэ гэдэг нь хамгийн сонирхолтой асуулт юм. Учир мэдэх хүмүүс дээрх хоёр компанийг ногоон гэрлээр шалгарахаас яах вэ гэлцэж байна. Ийм зэргийн модон байшинг барихад тийм их мөнгөөр барих тендерт хэр баргийн компани шалгарахгүй нь тодорхой гэж харах хүмүүс ч цөөнгүй. Магадгүй энэ бүх асуудлууд “Шинэ сум”-д авлига шингэв үү гэсэн шивэр, авир яриа эдийн засаг болоод улстөрийн хүрээнийхний дундаас сонсогдох боллоо.
Үнэндээ нийслэлийн нэг хорооны иргэдээс илүү гарч чадахгүй хөдөөгийн хоёрхон суманд нийтдээ 18 модон байшин барихад 20.9 тэрбум төгрөгийг зарцуулна гэдэг Монгол Улс баян байгаагийн шинж байх. Гэтэл төмөр зам тавьж, цахилгаан станцаа барих болохоороо мөнгөгүй гэдэг шалтаг хэлээд 20 жилийг үдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэвэл сум барьж хөгжинө гэдэг нь жалга довны үзлээрээ ялгарах дуртай монголчуудаас л гарах санаа. Тэр тусмаа төмөр зам ч үгүй хэрнээ сум барьж хөөрцөглөөд яваа улстөрчид Монголын хөгжлийг "Шинэ сум"-аар тодорхойлж байгаа бол хамгийн тэнэг дүгнэлт болох байх. Эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал хаалттай хэвээр байна. Дэлхий зах зээл дэх эрдэс баялгийн үнэ өссөнгүй. Гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвар хумигдаж дэд бүтэцгүйгээр хөгжих боломжгүй гэдгийг монголчуудад алхам тутамдаа мэдэрч буй. Гэтэл хөгжлийг арай өөрөөр харах ёстой Хөгжлийн сайд "хөдөөгийнхөнд бүжиглэх театр хэрэгтэй" гээд сууж байгаа нь эмгэнэлтэй биш гэж үү. Нүүрсээ зөөх төмөр зам нь хэзээ тавигдах нь бүрхэг, царигийнхаа асуудлыг үг хэлээ олоод шийдвэрлэж чадахгүй байж юун "Шинэ сум" бэ. Үүний цаана юу байгаа болоод улстөрчид жигтэйхэн кайфтай байна вэ.
Сумын шавар байшинг модоор шинэчиллээ гээд сумынхны амьдрал дээшлэхгүй гэдэг хамгийн ойлгомжтой асуудал.