УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Эл бодлогыг хэлэлцэх шатанд та хэд, хэдэн зарчмын асуудлыг хөндөн тавьж байсан нь бодлогод туссан уу?
-Харамсалтай нь, Эрдэс баялгийн бодлогод Монголын ард түмний хүсэн хүлээж байсан, иргэний нийгмийн байгууллагын олон жилийн амьдралаа, тэмцлээ зориулж байсан заалтыг тусгаж чадаагүй. Бодлогод нэгдүгээрт, Монголын газрын баялаг түүнтэй холбоотой бүх асуудалд Монгол төр онцгойлох байр суурьтай байх ёстой гэсэн үндсэн агуулгыг оруулаагүй. Хоёрдугаарт, Монголчууд газрын доорх баялгаа өөрсдөө үнэлье, түүнийг хөрөнгө оруулалтын нэг хэсэг болгож тооцдог болъё гэдэг зарчмын заалтыг оруулаагүй. Гуравт, Байгалийн баялгаа нөөцлөн хадгалъя гэх заалтыг оруулаагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан хэдий ч бодлогын алдааг засах хуулийг баталж чадаагүй гэж би үзэж байгаа.
-УИХ-аар уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч байсан. Завсарлага авах шатанд бүлэг эрх баригч хүчинтэйгээ ойлголцож чадаагүй гэсэн үг үү?
-Ний нуугүй хэлэхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хангалтгүй ажилласан. Завсарлага авсан хэдий ч гишүүдийнхээ байр суурийг хамгаалж тууштай байж чадаагүй л дээ. Үүгээр зогсохгүй хэд, хэдэн асуудалд би УИХ-д хамтрагчид болоод Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг нь Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран бүрдүүлж байгаа улстөрийн хүчин боловч бодлогоо хамтрагч улстөрийн хүчнээрээ хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна. Тухайлбал, Алтны татварыг 2.5 хувь болгон бууруулах нь Монголд ашиггүй үүнээс дор хаяж 500 тэрбумын алдагдал хүлээнэ гэдгийг анхааруулсаар байсан ч эрх баригч хүчин Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд татварыг багасгасан хуулийг УИХ-аар батлуулсан. Мөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой хэмээн шаардлага тавьж байхад хуулийг хэрэгжүүлэхгүй байх, хүрээг хумьсан төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийх нь төлөө Үндсэн хуулийн цэцэд Засгийн газрыг өгсөн боловч цэц “Гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн байгаа. Цаашаа хуулийн дагуу явах шат байвал явна. Шат, шатны шүүхээс Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой хэмээсэн шийдвэр гарсан байтал Үндсэн хуулийн цэц хүлээж авахгүй байгаа юм.
Дээр нь шүүхээс “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн хорих ял ногдуулсан нь иргэний хөдөлгөөнөөс гарч ирсэн, тэднийг төлөөлөн УИХ-д сууж байгаа УИХ-ын гишүүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Үндсэн хуулийн цэцээс өгсөн хариу болгон, Ц.Мөнхбаярын хэргийг шийдвэрлэж байгаа шийдвэр хоорондоо холбоотой юм шиг бодол төрүүлж байгаа. Гэхдээ шүүхийн процесс дуусаагүй байна, давж заалдана.
-Би ташаа ойлгоогүй бол “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаяр нарт ногдуулах шүүхийн шийдвэрээс хамаарч таны улстөрд хийх нүүдэл хаашаа ч эргэж мэдэх нь гэж ойлголоо зөв үү?
-Мэдээж, шүүхийн шийдвэрээс шалтгаална. Шударга бус ял оноох юм бол миний хувьд улстөрийн шийдвэр гаргах шаардлага тулгарна.
-Ямар учраас?
-Газар нутгаа зарсан хүмүүст хариуцлага тооцоогүй байж хамгаалсан хүнд өндөр ял өгч, энэ хүнийг амьдралаар нь хохироох юм бол улстөрийн дараа дараагийн асуудлыг хөндөн тавих болно. Шалтгааныг нь хэлсэн шүү дээ, шийдвэр шударга бус байна гэж… Би иргэний хөдөлгөөнөөс гарч ирсэн тэднийг төлөөлөн УИХ-д сууж байгаа УИХ-ын гишүүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тэр Монголын төрийн харж чадахгүй байгаа үйлийг 10 жилийн турш хийж, түүчээнд нь явсан. Тийм байтал Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн, гадаадад данс нээж эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө байршуулсан УИХ-ын гишүүнд ямар хариуцлага тооцсон билээ, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад сууж байгаа нь шударга үйл үү. Монголын газар нутагтай холбоотой энэ хоёр хэргийг харьцуулж шударга ёсыг нэхэх ёстой. Ард түмнийгээ би газар нутгаа зарсанд нь ямар ял оноосон билээ, газар нутгийнхаа төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт ямар ял өгөв гэдгийг харьцуулж бодоосой гэж бодож байна.
-Таныг Ц.Мөнхбаяр нартай уулзах хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынханд тавьсан тухай дуулдаж байсан, уулзаж чадсан уу?
-Ц.Мөнхбаяр нартай уулзах хүсэлт гаргаад зөвшөөрөл авч чадахгүй байгаа. Шүүгч н.Алдар зөвшөөрөл олгохгүй байгаа. Ямар хууль эрх зүйн үндэслэлээр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаагаа хэлдэггүй.
-Та дээр эрх баригч хүчин хамтрагчийнхаа хүсэлтийг хүлээн авахгүй байна гэж хэлсэн. Цаашид яах вэ, өөрсдийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд?
-Өнгөрсөн хугацааны үйл явцыг харахад эрх баригч хүчин Ардчилсан намын хандлага шударга бус байгаа. УИХ дахь “Шударга ёс” эвсэл түүнд байгаа улстөрчидийн томоохон зорилгыг харгалзаж үзэх ёстой. Чуулган эхлэхээр энэ асуудлыг тавина, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээр ч энэ асуудлыг ярьж таарах болов уу.
-Хүсэлтийг хүлээж авахгүй бол яах вэ?
-Ёс суртахууны хувьд тийм засагтай хамтран ажиллах эрхгүй болно, миний хувьд. Яагаад гэвэл би олон түмнээс, иргэний хөдөлгөөнөөс сонгогдсон. Олон түмэн эрдэс баялаг, ашигт малтмал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд шударга ёсыг эрэлхийлж байгаа. Энэ бүхэн эрх баригчидтай нэгдэж нийлж чадахгүй бол би өөрөө сонгогчдын өмнө ёс суртахууны хариуцлага хүлээхээс аргагүй. Тийм асуулт миний өмнө тулгарна гэж бодож байна.
-Гэхдээ танай бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын төвшинд Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлгүй бол хэн ч биш шүү гэсэн утгатай яриаг хэвлэлд өгсөн байсан, харин та арай өөр тайлбар хийх. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг бодлогоо УИХ-аар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ. АН, МАН хоёр нийлээд кноп дараад байдаг юм уу, ямар учиртай юм бэ?
-Эрдэс баялаг, ашигт малтмал, газар шороо, тэрбумаар тоологдох их мөнгөтэй холбоотой асуудал дээр Ардын нам, Ардчилсан нам нэг байр суурьтай байгааг та бүхэн ажигласан байх. Их мөнгөн дээр тулахаар МАНАН арилаагүй байна гэдгийг энэ хугацаанд би их мэдэрсэн.
-Намрын чуулганы завсарлагааг ашиглаж та тойрогтоо өдөр болгон шахуу ажиллаж байна. Сонгогчид валютын ханшийн өсөлт амьжиргаанд нөлөөлж байна гэдэг ч юм уу, гомдлыг тавьж байна уу. Сөрөг хүчний хувьд энэ асуудлыг хурцаар тавьж байгаа ч эрх баригч хүчин “Амьдрал сайхан болно. Эдийн засаг тэгтлээ муудчихаагүй байна” гэх?
-Иргэдийн хамгийн их санаа тавьж, энэ Засгийн газрын үйл ажиллагаанд хамгийн их сэтгэл хангалуун бус байгаа асуудал бол валютын ханшийн өөрчлөлт. Хуулиараа төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг Монголбанк барих үүрэгтэй. Үүргээ төв банк гүйцэтгэж чадахгүй байна. Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн байр суурийг өмнө нь би тавьж байсан, одоо ч энэ байр суурин дээр хэвээр байна. Ер нь бол Засгийн газрын гарцаагүй хийж чадахгүй байгаа ажил бол валютын ханшийн өсөлт. Дорвитой арга хэмжээ авч шинэчлэл хийх цаг нь болсон. Монголд төгрөгөөр арилжаа хийдэг боловч бидний амьдрал бүхэлдээ валютаас хамааралтай болсныг бид харж байна. Хамаарлаас гарахын тулд улстөр, эдийн засгийн төвшинд томоохон өөрчлөлт хийх ёстой.
-Тухайлбал, эдийн засаг талаас авах арга хэмжээ нь юу байх ёстой гэж та харж байна вэ?
-Хамгийн түрүүнд урт хугацаанд холыг харсан арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар, төв банкны хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” мэт нь тухайн үедээ гал унтраах арга хэрэгсэл болж байгаагаас биш бодлогын урт хугацааны арга хэмжээ болж чадахгүй байна. Тийм учраас урт хугацаандаа төгрөгийн ханшийг тогтворжуулах бодлогын арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагад элссэн гэдэг шалтгаанаас болоод дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний импортын татварыг өсгөж чаддаггүй. Үүнийг гарцаагүй хийх ёстой. Эдийн засгийн шинэчлэлийн нэг нь энэ юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд иргэдэд зээл олгож байгаа. Хэчнээн үйлдвэрлээд, хэчнээн чардайгаад гадаадаас импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнийг үнээрээ дийлж чадахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл түүхий эдээ үнэтэй авдаг. Гэтэл импортын бэлэн бүтээгдэхүүн нь ямар ч татваргүй орж ирдэг. Энэ хоёрын дунд асар их зөрүү байгаа биз.
Жишээ татъя, сүлжмэл, ноосон эдлэлүүд, хэвлэсэн бэлэн ном ямар ч гаалийн татваргүй Монголд орж ирэх хэрнээ ном хэвлэхэд хэрэгтэй будаг, цаас, шохой бүгд Гаалийн татвартай орж ирдэг. Тэгэхээр Монголд ном хэвлүүлснээс гадаадад ном хэвлүүлээд оруулж ирсэн нь хамаагүй хямдхан тусдаг. Энэ нь Монголд ном хэвлэж болохгүй гэсэнтэй адил юм. Бүх сүлжмэл, оёдол бүтээгдэхүүний утсууд нь Гаалийн өндөр татвартай орж ирэхээр өндөр хөлс шингэсэн үндэсний сүлжмэл бүтээгдэхүүн нь импортын гаалийн татваргүй орж ирсэн Хятадын сүлжмэл бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй болж байна л даа.
Ийм нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж иргэдэд 5-10 сая төгрөгийн зээл олгоод үр дүн гарахгүй. Гарцаагүй Гаалийн бодлого, татварын бодлого дээр томоохон өөрчлөлт хийхээс аргагүй.
Монгол өнөөдөр хөгжих хэрэгтэй байна, эдийн засаг нь импортоос хамаарч савлаж байна, ийм байхад Дэлхийн худалдааны байгууллагад элссэн гэдэг шалтгаанаар дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ ижил төрлийн импортын бараанд Гаалийн татвар ногдуулж чадахгүй байвал Монгол шинэчлэлийг хийж чадахгүй л гэсэн үг.