Нүүрсний компаниуд алдагдал хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний компаниуд алдагдал хүлээсээр

Манай
улс өнгөрсөн онд гадаад зах зээлд 18 сая орчим тонн нүүрс экспортолсон
төдийгүй энэ жил уг хэмжээг 34 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Гэвч
бодит байдал дээр нүүрс экспортлогч “Энержи Ресурс”, “МАК”, төрийн өмчит
“Эрдэнэс-Тавантолгой” гэх мэт хуруу дарам цөөхөн компаниас бусад нь үйл
ажиллагаагаа зогсоож, үүдээ барьжээ. Салбарын томоохон төлөөлөл Энержи
Ресурс компани гэхэд жилийн үр дүнгээ өчигдөр албан ёсоор танилцуулж,
өнгөрсөн онд 58 сая ам.долларын алдагдал хүлээснээ мэдэгдлээ. 2009 оноос
хойш үйл ажиллагаа явуулахдаа нүүрсийг дотооддоо боловсруулах үйлдвэр,
дэд бүтцийг байгуулахын тулд гадаад, дотоод эх үүсвэрээс их хэмжээний
хөрөнгө оруулалт татсан компанийн хувьд дээрхи байдал багагүй хүндрэл
учруулж буй нь ойлгомжтой юм. Нөгөө талаас нүүрсний компаниудын
алдагдалтай ажиллагаа улсын төсвийн орлого, валютын ханшинд сөргөөр
нөлөөлөөд багагүй хугацааг үзэж байна. Нүүрсний үнийн уналт тасралтгүй
үргэлжилсээр байгааг шинжээчид Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлт хэт
ихэссэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Зах зээлийн таагүй нөхцөлд
дэлхийн нүүрс экспортлогч бусад орнууд тээврийн өртөг, зардлаа
бууруулах, экспортлогч компаниуддаа дэмжлэг үзүүлэх алхмуудыг
хэрэгжүүлдэг. Харин манай улсын хувьд төмөр замын дэд бүтэц, транзит
тээвэр зэрэг асуудлаа шийдэж чадаагүйгээс олон улсын нүүрсний зах зээлд
өрсөлдөх нь бүү хэл шахагдан гарахад хүрээд буй. Ердөө 2 жилийн өмнө
гэхэд манай улс Хятадад нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээр нүүрс
экспортлогч орнуудыг тэргүүлж байсан бол өнөөдөр Австрали, Индонез,
Канад, АНУ, ОХУ гээд олон орон Хятадын зах зээлд байр сууриа
нэмэгдүүлсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж