Т.Дуламдорж: Галын дүгнэлт энэ долоо хоногт гарна

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Т.Дуламдорж: Галын дүгнэлт энэ долоо хоногт гарна

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр гал гарсны улмаас хоёр хүний амь эрсдэж, найман машин шатсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?

-Одоогоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас урьдчилсан таамаг дэвшүүлэх боломжгүй байна. Гал ямар учраас гарсан, гадны нөлөөтэй эсэх зэргийг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Ямар нөхцөлд гал гарсан байж болзошгүй вэ?

-Ер нь газрын тос олборлох орчин нь шатамхай нөхцөлд байдаг. Гал гарсан газар нь тусгайлсан олборлолтын талбай бөгөөд  цементэлсэн байдаг учраас байгаль орчинд нөлөөлөхгүй.

-“Петрочайна Дачин Тамсаг” компани галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байсан бэ. Өмнө нь галын аюулгүй байдлын шалгалтын дүн хэрхэн гарсан бэ?

-Тус компани нь 2013 онд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран галын сургуулилт хийж байсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тухайн аж ахуйн нэгж байгууллага гэрээт гал унтраах нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Үүний дагуу “Петрочайна Дачин Тамсаг” компани сайн дурын гал унтраах томилгоот бүрэлдэхүүнтэй, нэг гал унтраах автомашинтай байсан. Гал түймрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээс гарч ирнэ. Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газруудаас ажлын хэсэг гарч ажиллаж саналыг Шадар сайд Д.Тэрбишдагвад саналаа хүргүүлсэн.

-Хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн бэртсэн гэсэн. Өөр бэртэж, гэмтсэн хүн байгаа юу?

-Хоёр цогцос олдсоныг шалгаж байгаа. Мөн БНХАУ-ын иргэн 70 хувийн түлэгдэлттэй байсан, шөнөдөө Бичигтийн боомтоор дамжин өмнөд БНХАУ руу эмнэлэгт хүргэгдээд байгаа. Өөрөөр гэмтэж, бэртсэн зүйл алга байна.

-Одоогоор гал бүрэн унтраагүй гэж байна. Цаашид дэлбэрэлт үүсэх, дахин гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн үү?

-Гал бүрэн унтраагүй байгаа ч аюулгүй байдалд байгаа. Ажлын хэсэг шуурхай ажиллаж галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

-Нас барсан болон түлэгдсэн хятад иргэд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид уу?

-“Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компани нь олон улсын тээвэрлэлтийг хийдэг. Тэгэхэээр тус компанийн охин компанийн ажилчид гэсэн үг. Дотоодын буюу талбай хоорондын тээвэрлэлтийг монгол компани гэрээгээр хийж гүйцэтгэдэг.

-Гал гарсан газар Хятадын хэдэн ажилчин ажиллаж байсан бэ?

-Гал гарсан 19-р баазад нийт 100 гаруй ажилчин ажилладаг. Үүнээс 38 нь БНХАУ-ын иргэн байдаг.

-Галын дүгнэлт хэзээ тодорхой болох вэ?

-Ер нь бол ойрын хугацаанд галын дүгнэлт гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ долоо хоногтоо багтааж галын дүгнэлт гарах байх.


    Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж