Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Өлсч үзээгүй Монгол

Өнөөдөр дэлхий дээр 800 гаруй сая хүн өлсгөлөнд өртөж, өлөн зэлмүүн аж төрж байна. Тэдгээрийн 63 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт байгаа ажээ. Өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүсийг голчлон Африкт л байдаг  мэт сэтгэдэг нь андуу гэдгийг бүс нутгийнхан тодотгож байна. Тиймээс ч хоёр дахь өдрөө үргэлжилж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн 32 дугаар бага хурлын гол сэдэв шар тивийн өлсгөлөнг бууруулах, болж өгвөл тэглэх тухай  юм.

Хоёр жилд нэг удаа хуралддаг эл хуралдааны энэ удаагийнхад  Азийн хамгийн том далайд гарцгүй оронд 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамдуудын сайд нар болон өндөр төвшний албан хаагчид цуглараад байгаа юм. Ази хэмээх  өргөн уудам тивийнхний өмнө өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлж буйгаараа онцлог  юм. 2015 он гэхэд Ази, Номхон далайн бүсэд өлсгөлөнгийн тал хувийг арилгах зорилт дэвшүүлээд байгаа ч  өлсгөлөн хүн амын 60 гаруй хувь нь энэ тивд амьдарсан хэвээр, тэр дундаа  сая сая хүүхдүүд өлөн зэлмүүн аж төрж байгаа ажээ. Өлсгөлөн, хоол хүсний дутагдлын улмаас Азийн олон орны хүүхдүүдийн 30-35 хувь нь бие махбодийн хувьд өсөлтгүй, тэжээлийн дутагдалтай байгаа юм. Өлсгөлөн хүүхдүүдийн  танин мэдэхүйн хөгжилд  нь саад учруулахуйц хэмжээнд хүрснийг  хуралдаанд оролцогчид онцолж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грацианода Силва өнөөдрөөс эхлэн хуралдаанд биечлэн оролцоно. Нийт 40 орны 230 гаруй  төлөөлөгч нар уригдан ирснээс 15 орны хөдөө аж ахуйн сайд, есөн орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан дэд сайд оролцож байгаа юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас  улс орнууд фермерийн болоод өрхийн аж ахуйг дэмжих замаар өлсгөлөнг даван туулна гэж үздэг ажээ. Иргэн баян бол улс баян гэдэгтэй агаар нэгэн энэхүү зорилтыг биелүүлэхэд бүс нутгийн байгаль  цаг уурын тогтворгүй байдал хийгээд мал, ургамлын өвчин гэх мэт гэнэтийн аюул саад учруулсаар иржээ. 2006 онд Азийн орнуудад тохиосон цунами хар салхи, 2008 оны хүнсний хомсдол гэхчилэн давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас Ази тивийнхэн өлсгөлөнгөөс ангижирч чадахгүй байгаа юм. Дээр нь шар тив хамгийн олон хүн амтай. Хятад, Энэтхэг гэхчилэн хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг улс орнуудын хувьд хүнсний хангамжийн асуудал нэн тэргүүнд жагсч байгаа юм. Номхон далайн арлын орнуудын хувьд газар нутгийн асуудал хүчтэй хөндөгдөж байгааг НҮБ-ын хуралдаанд оролцогчид онцолж байлаа.

Бүс нутагтаа өлсч үзээгүй орны нэгд манай улс ордог. Өргөн уудам газар нутаг, арвин баялаг мал сүрэгтэй монголчууд бид амны хишигтэйдээ баярлахаас аргагүй. Гэвч хүнсээ дотооддоо бүрэн хангаж чаддаггүй зовлон бий. Тэр дундаа өдөр тутмын хэрэглээ болсон бүх төрлийн будаа, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнийг импортоор хангасан хэвээр байгаа юм. Тиймээс ойрын жилүүдийн хамгийн том зорилтын нэг нь ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж эхэлх юм гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцолж байлаа. Түүнчлэн Монгол Улс хүнсний арвин баялаг нөөцтэйн хувиар зөвхөн өөрсдийгөө хангаад зогсохгүй, хөрш орнууд, бүс нутгийн хэмжээнд хүнс экспортлоход анхаараач ээ гэвэл мессежийг Азийн бусад орнуудын зүгээс тавьдаг. Энэ боломжийг ашиглахын тулд техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэйг олон улсын хуралдааны тавцангаас манайханд анхааруулсан юм.

Монголчууд өлсч үзээгүй, хойшдоо ч тийм зовлонг тойроод гарах хувь заяа бидэнд бий. Харин хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд байна вэ гэдэг нь асуудал үүсгээд байна. Хэдхэн хоногийн өмнө дэгдсэн хүнсний ногооноос хүний бие организмд нөлөөлөх хортой бодис илэрсэн талаарх мэдээлэл үүний нэг жишээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаадаа хамгаас ихээр итгэдэг монголчуудын хувьд эргэлзээ төрүүлсэн дээрх мэдээллийг ЭМЯ, МХЕГ-аас үгүйсгэдэн хариу өгсөн ч асуултын хариуг нэг талд гаргаж чадаагүй. Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд нэлээд дэлгэрч буй хүнсний нэмэлт бүтээгэдхүүний хэрэглээ, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал зэрэг нь өлсөлөнгөөс дутахгүй харанга дэлдэж байгаа билээ.

 Энэ бүхнийг бүс нутгийн бүх орны төлөөлөл дөрөв хоногийн турш хэлэлцэх бөгөөд хуралдааны сүүлийн өдөр хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаар дугуй ширээний уулзалт зохион байгуулах юм. Уг уулзалтыг “Би Би Си” телевизийн хөтлөгч удирдаж явуулна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж