Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Үнэ цэнэ

Нийслэл хотын өдрөөр нэвтрүүлэгч Д.Цовоо энгэрээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаалаа. Нийслэлийн телевизийн анхны диктор учраас одон одонгийн дээд энэ шагналыг онцгойлон өгч буйгаа хотын удирдлагууд байн байн тодотгож байсан. Ямартаа ч тэрээр хэн хүний хөтлөөд байдаггүй Төрийн хүндэтгэлийн концертыг арваад жил нэр хүндтэйгээр хөтөлж үнэ цэнээ харуулсан байна. Монгол телевизийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр орон зайгаа дархалсан үнэ цэнэтэй хөтлөгчдийн тоонд зүй ёсоор ордог. Дээр нь  жүжигчин, дуучин, эдийн засагч, англи хэлний орчуулагч гээд нэг хүнд ахадам олон талын мэдлэг, боловсролыг эзэмшсэн болохоор ямар ч арга хэмжээг түүртэлгүй хөтлөөд явчихдагт нь хүмүүс дуртай байдаг байна. Аль ерээд оны эхэн үед Лондонд 3 жил суурьшсаных англи хэлээр дажгүй сайн ярьчихна, уртын дууг шаггүй сайн дуулна. Бүр европын орнуудаар аялан тоглолт хийж ардын урлагаа сурталчилж явсан ч удаатай гээд хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууц авьяас түүнд их байдаг. Ёстой Цовоо нэрэндээ тохирсон дайчин бүсгүй амь шигээ хайртай ганц охинтой. Төдийгөөс өдий хүртэл гараасаа хөтөлж хүн болгосон ганц охиныг нь сонин хэвлэлүүд загвар өмсөгч, мисстэй андуурч бичих нь элбэг. Үнэндээ баруунд өндөр боловсрол эзэмшсэн Олон улсын харилцааны сургуулийн дипломатын ангийг дүүргэсэн өдгөө төрийн байгууллагад хариуцлагатай алба хашдаг хаа очиж даруу төлөв Номин хэмээх охин байдаг аж. Чухам охиныхоо төлөө өдөж хоргоосон эрчүүдээс зай барьж элдэв хэл үгэнд орооцолдоогүй явж ирсэн диктор бүсгүй үйлэнд уран, үгэнд цэцэн, эмэгтэй хүнд байх ёстой нандин чанарууд ихтэй учраас ямар азтай эр цайгаа чануулах бол хэмээн шүүрс алдацгаадаг.

Түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл дуулгахад “Манай орцны миний багын дуунууд” цомгийнхоо 2 дахь цувралыг гаргах гэж байгаа аж. Ц.Энхманлай гавьяаттай хамтран гаргасан эл цомог ялангуяа бага насаа 40, 50 мянгатад өнгөрүүлсэн энэ цагийн улс төр, бизнесийн томчуудын сонсох дуртай ганц СD болоод байгаа билээ. Бодвол Цовоо бүсгүйд чамгүй ашиг орлого оруулсан бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж