Писториус задлангийн зургийг хараад бөөлжжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Писториус задлангийн зургийг хараад бөөлжжээ

Найз бүсгүйгээ олон удаа буудаж хөнөөсөн паралимпийн алдарт тамирчин Оскар Писториусыг шүүх хурал гуравдугаар сарын 3-нд эхэлж, хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өмнөд Африкийн Преториа хотод үргэлжилж буй шүүх хурлын үеэр Оскар Писториусын өмгөөлөгчид түүнийг найз бүсгүйгээ хулгайчтай андуурч, санамсаргүй хөнөөсөн гэдгийг нотлохоор хичээж байгаа юм. Харин прокуроруудын зүгээс Писториус найз бүсгүй Рийва Стинкэмпийг санаатайгаар олон удаа буудаж хөнөөсөн хэмээн хүн амины хэрэгт буруутгаж байгаа билээ.

Үүний зэрэгцээ өчигдөр /III.10/ болсон шүүх хурлын үеэр Өмнөд Африкийн модель Рийва Стинкэмпийн биед задлан шинжилгээ хийсэн зургийг дэлгэн үзүүлсэн байна. Гэтэл найз бүсгүйнхээ цогцост хийсэн задлангийн зургийг харсан Оскар Писториус шоконд орж, бөөлжжээ. Тэрээр найз бүсгүйнхээ сэглэгдсэн цогцосны зургийг харснаасаа болж шүүх хурлын үеэр хоёр удаа бөөлжиж, ихээр уйлсан байна. Хэдийгээр шүүх хурлын зарим хэсгийн Өмнөд Африкийн телевиз, радиогоор шууд нэвтрүүлж буй боловч задлан шинжилгээний зургуудыг нийтлэхийг хоригложээ.

Писториусын шүүх хурлын хувьд хохирогч Рийва Стинкэмпийн тархинд үүссэн гэмтэл хамгийн чухал аж. Учир нь Писториус найз бүсгүйгээ андуурч буудсаны дараа түүн дээр очиход амьд байсан хэмээн мэдүүлж байгаа юм. Харин паталогичдын хэлснээр хохирогч Рийва Стинкэмпийн толгойн тус газарт “Black Talon” сумаар буудсанаас тархинд нь маш их гэмтэл учирсан аж.

Хэрэв шүүхээс Оскар Писториусыг хүн амины гэмт хэрэгт буруутай гэж үзвэл тэрээр 25 жил шоронд хорих ял сонсох юм. Оскар Писториус өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр найз бүсгүй, Өмнөд Африкийн загвар өмсөгч Рийва Стинкэмпийг гэрийнхээ ариун цэврийн өрөөнд олон удаа буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж