Хятад талын төлөөлөгчид иржээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Хятад талын төлөөлөгчид иржээ

Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын ил байгууламжийн хэсэгт осол гарч, найман машин галд өртсөн ослын талаар бид мэдээлсэн. Одоогоор ослын газарт онцгой байдал, цагдаа, эмнэлэг, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Түүнчлэн ослын байдалтай танилцахаар БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн ерөнхийлөгч болон Хятад талын бусад албаны хүмүүс, төлөөлөгчид “Дачин Тамсаг”-т ажиллаж байна.

Осол өчигдөр 20:48 цагийн орчимд  Дорнод аймгийн Тосон уулын талбайд газрын тос ачих үеэр гарсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн нийлсэн 200 орчим хүн ослын талбайд  ажиллаж, шуурхай аврах ажиллагаа хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газрын тос тээвэрлэж явсан арван ачааны машины баруун захаас гурав дахь машинд гал гарч, дэлбэрсэн байна. Улмаар зэргэлдээ зогссон бусад машинууд шатжээ. Осол гарах үед ээлжийн оператор н.Цэдэнзэлэм ачилтын шахуургыг яаралтай хаасан тул тос алдагдаагүй бөгөөд ослын улмаас БНХАУ-ын хоёр иргэн амь насаа алдаж, нэг иргэн гэмтсэн байна.

Одоогийн байдлаар галын дүгнэлт гараагүй тул ослын шалтгаан тодорхойгүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж