
Ослын улмаас “Дачин Тамсаг” компанийн эзэмшлийн экспортын тос тээвэрлэдэг найман машин галд өртөж, шатжээ. Энэ үеэр БНХАУ-ын харьяат хоёр мэргэжилтэн амиа алдсан байна. Мөн Хятадын “CNPC” компанид жолоочоор ажиллаж байсан 40 орчим насны эрэгтэй түлэгдэлтийн улмаас Бичигтийн боомтоор дамжин өмнөд хөрш рүү хүргэгджээ. Шөнийн 02:30 цагийн орчимд галыг унтраасан ч одоогоор бага зэргийн шаталт үргэлжилж байгаа аж. Ослын улмаас Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд байгууламжийн бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, дэд станц, перфораци болон ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол гараагүй гэдгийг албаныхан хэллээ.
Одоогийн байдлаар “Дачин Тамсаг” компанийн ажлыг бүрэн зогсоосон бөгөөд ослын газарт Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга н.Оюунбаатар, Гаалийн газрын дарга н.Винтов болон мэргэжлийн хяналт, онцгой байдал, шүүх, эмнэлэг, түргэн тусламжийнхан ажиллаж байна.