Импортлогчдод “Sorry” л гэе

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Импортлогчдод “Sorry” л гэе

Өнгөрсөн жилүүдэд ам.долларын ханш төгрөгийн эсрэг харьцангуй сул байсаар л ирлээ. Энэ нь мэдээж импортлогчдод ашигтай, сайн сайхан байсан биз. Харин энэ удаад ханш чангарахтай зэрэгцэн импортлогчид түрүүчээсээ асар их алдагдал хүлээх болжээ. Ялангуяа томоохон дүнтэй, тансаг зэрэглэлийн гэх импорт хийдэг нөхдүүд бараг тэрбум, тэрбумаараа алдагдал хүлээснээ өнгөрсөн долоо хоногт учирлав. Улмаар ийнхүү ханш чангарч, алдагдал хүлээсэнд нь төр хийгээд, Монголбанк буруутай учраас шүүхэд хандаж, алдагдлаа нөхөн төлүүлнэ гэнэ. Гэхдээ, уучлаарай… импортлогчид оо. Тийм зүйл гэж байдаггүй юм.
 
Нэгдүгээрт, зах зээлийн нийгэмд ханш чөлөөтэй тогтож байх ёстой. Мөн ханш нь эдийн засгийн нөхцөл, байдлын тусгал болдог. Энэ утгаараа бол аль хоёр, гурван жилийн өмнөөс л гадаад, дотоод эдийн засаг хүндрэх нь гэх сигнал байсаар л ирсэн. Үүнийг гадаад зах зээл дээр ажилладаг импортлогчид мэдэхгүй биш мэдэж л байх ёстой. Мэдээгүй бол харин “хохь чинь” гэж хэлэх хэрэгтэй байх. Хэдэн зуун саяар нь импорт хийдэг, машин, техник, тоног төхөөрөмж оруулж ирдэг нөхдүүд энэ зэргийн ханшийн эрсдлээ тооцоолж чадаагүй бол одоо яая гэх вэ дээ. Нөгөөтэйгүүр импортлогч компаниудын яриад байгаа зүйл нь “Монголбанк ам.долларын ханшийг тогтоон барьж чадаагүй учраас бид хариуцлага нэхэх ёстой” гэж байгаа юм. Дахиад “уучлаарай” гэж хэлээд, Монголбанкинд ханшийг тогтоон барих үүрэг огтоос байдаггүй гэдгийг сануулъя.
 
Яахав дээ, ханш огцом чангарсан нь үнэн л дээ. Магадгүй ийм хөдөлгөөн бий болно гэж импортлогчид зүүдлээ ч үгүй байсан биз. Тийм ч учраас алдагдал хүлээх болсон байх. Гэхдээ алдагдал хүлээгээд байгаа бол импортлохоо л больчих хэрэгтэй бус уу. Тэртээ тэргүй Монгол  Улс импортын бараа, бүтээгдэхүүнээр дутаагүй. Харин үүнийхээ оронд импортолж, зарж олсон ашгаараа нэг ч болов үйлдвэр байгуулчих хэрэгтэй баймаар. Жижиг, дунд байсан ч хамаагүй. Тэгээд төр засагт хандан “Миний үйлдвэрийг дэмжихгүй байна” гэж гомдолловол харин ойлгож болмоор юм шиг. Үнэндээ томоохон гэх импортлогч компаниуд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголдоо шингэх баялаг бүтээгээгүй л байх. Ажлын байр ч төдийлөн олноор нь бий болгох шаардлагагүй. Нэгэнт бэлэн юм авчраад зарчихаж байгаа юм чинь.
 
“Урбанек” гэж компани 360 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэж байна. Мөн “Бридж” групп бараг тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ гэх мэтчилэн учирлаж байна билээ. Дандаа л тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний импортлогчид байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараг ерөнхий сайд болсноосоо хойш л хэлээд байгаа. “Бүгдээрээ тансаг хэрэглээгээ багасгая” гэж. Тансаг хэрэглээгээ багасгаад, оронд нь үйлдвэрлэж болох юмнуудаа үйлдвэрлээд л явах хэрэгтэй. Импортлоход үнэтэй тусаад, алдагдал хүлээгээд байгаа бол больчиход л хангалттай бус уу.
 
Үргэлж импортолж, түүгээрээ ашиг хийж явж байсан болохоор хэцүү байгаа нь аргагүй л дээ. Гэхдээ энэ удаад үнэндээ хэсэг бүлэг, цөөн хэдхэн томоохон импортлогчид бус Монгол Улсын том эрх ашиг чухал байх. Магадгүй энэ тохиолдолд цөөн хэдэн импортлогчид “шатаад”, түүнээс хавьгүй олон экспортлогчид, эх орондоо үйлдвэрлэгчид хожиж ч байгаа юм билүү. Улс оронд үйлдвэрлэл хөгжиж байхад хэдэн тансаг зэрэглэлийн импортлогчдын гомдоллох ч үнэндээ яамай л байна даа.

 Л.ДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж