Сураггүй болсон онгоцны зорчигч захиас үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон онгоцны зорчигч захиас үлдээжээ

Куала Лумпураас Хятадын нийслэл Бээжинг зорьсон Малайзын агаарын тээврийн “MH370” нислэгт Монголыг зорьж явсан хоёр зорчигч байсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Малайзын “MH370” нислэгт Энэтхэгийн иргэн 50 настай Чандрика Шарма гэгч Улаанбаатар хотод өчигдөр /III.10/ эхэлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралдаанд оролцох ёстой байжээ. Харин Шинэ Зеландын иргэн 39 настай Пол Уикс нь Монголын уул уурхайн компанид өндөр цалинтай ажлын санал хүлээн авсан учир Улаанбаатарыг зорьж явжээ.

Үүний зэрэгцээ Пол Уикс өөрийнх нь зорчиж явсан  Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200 ER” онгоц сураггүй алга болохыг урьдаас мэдсэн мэт эхнэртээ захиас хэлж үлдээсэн байна. Пол Уиксийн эхнэр Даинкагийн “The Times” сонинд өгүүлснээр тэрээр өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол хоёр хүүдээ өгөөрэй гээд бөгж, цагаа эхнэртээ захиж үлдээсэн гэнэ. Пол Уикс гурван настай том хүү Линкольнг хүнтэй гэрлэхээр нь өгөөрэй гээд хуримын бөгжөө, зүүж байсан цагаа  ой хүрч яваа бага хүү Жакт өгөөрэй хэмээн эхнэртээ үлдээгээд онгоцонд суусан аж. Түүнчлэн Полын эхнэр одоо болтол нөхрөө эсэн мэнд эргэн ирнэ хэмээн найдаж, залбирсаар буйгаа ярьсан байна.

Механикийн инженер мэргэжилтэй Пол Уикс өнгөрсөн 2011 онд амьдралаа шинээр эхлээр Австралийн Перт хотод гэр бүлийнхээ хамт нүүж ирсэн аж.

Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч явахдаа өнгөрсөн бямба /III.8/ гарагаас хойш холбоо тасарч, сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200 ER” онгоцыг далайд осолдсон байж магадгүй хэмээн 10 орны хамтарсан эрлийн баг далайд хайлт, самналт хийж байгаа билээ. Онгоц сураггүй болсноос хойш гурван хоног өнгөрөөд байгаа ч одоогоор ямар нэг сэжүүр олдоогүй байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж