
Харсан зүгтээ гүймээр байна
Хатуу дарсыг ч балгамаар байна… гэх дууг чухамхүү гадаадад гарсан монголчууд хамгийн түрүүнд амандаа аялдаг. Шалтгаан нь эх нутгаа үгүйлж, хацар гоо охидоо санасан гэж бид ойлгодог, итгэдэг. Гэтэл Сэтгэл судлалын үндэсний төвийн Сэтгэл судлаач Г.Мандухай үүнийг “соёлын шок” гэж тайлбарлаж байна. Тэрээр “Харийн оронд очсоноос хойш ойролцоогоор 7-14 хоногийн дараа дийлэнх хүмүүс сэтгэлээр унаж, сэтгэл санааны таагүй мэдрэмж мэдэрч эхэлдэг. Зөвхөн гэрээ санасан, ганцаардсан, цаг агаар таарахгүй гэх мэт шалтгаанаас болж үүсч байна гэж ойлгох сөрөг мэдрэмжүүдэд хэт автан энэ байдал цаашид өөрчлөгдөхгүй мэт санан шантрах тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс соёлын шокийн үе өөрт нь ирээд байгааг анзаардаггүй, дасан зохицох боломжтойг мэддэггүй юм” гэдгээр тайлбарлаж байна. Хоол унднаас эхлээд харь хэл, тухайн улсын соёлын онцлогтой төдийлөн дасан зохицож чадахгүй шантрах үе байдаг бололтой. Үүнийг батлах мэт гадаадад удаан жил амьдарсан хүмүүс эх нутагтаа ирээд сая нэг сайхан амьдаръя гэвч бүх зүйл өөрчлөгдсөн Монголдоо идээшихгүй, бас л өнөөх соёлын шоконд орж буцахад хүрч байгаа анзаарагддаг. Тухайн хүн харьжсан гэхээс илүүтэй түүний нутагтаа амьдарч байснаас огт өөр хууль, дүрэм журам үйлчилдэг болсонтой үүнийг холбовол илүү ойрхон буух болов уу.
Харин сүүлийн үед бид даяарчлалын тухай их ярих болсон. Түүнтэй хөл нийлүүлэн алхсанаар “соёлын шок” гээч үгүй болох тухай энэ үзлийг номлогчид айлддаг. Бид дэлхийн аль өнцөгт амьдарч буйгаас үл хамааран интернэт, гар утсаа ашиглан жилийн газарт буй ойр дотныхонтойгоо хормын дотор “уулзчихаж” байна. Америкаас компьютер, Италиас гутал, Францаас сүрчиг гээд л гэртээ сууж байгаад захиалаад авчихдаг болсон. Бидэнд мэдрэгдсэн даяарчлалын хамгийн тод томруун жишээ энэ.
Монголчууд сошиал ертөнцөөр гадны соёлтой танилцаж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхахын хэрээр эх хэлээ гээж байна. Харь хэлний нэршил маш их орж ирлээ. Энэ нь зөв, буруу гэж маргаж, бүдүүлэг, боловсролгүйгээрээ дуудалцаж ахуйд аливаа хэл аюултай тулгарсны хэв шинжийг илэрхийлдэг дохио буюу гадаад үйл үг монгол хэл рүү эрчимтэйгээр дайрч, байр суурийг нь ганхуулж эхэлжээ. Боловсролоороо гайхуулж, чамирхаж ганц нэг гадаад үг хавчуулж ярьдаг нэгэн байхад учраа мэдэхгүй даган хошуурагчид ч бас байна. Харин тэдний хэн нь ч эх хэлээ мөхөөх зам руу нэг алхам нэмэрлэж байгаагаа үл мэдэн чамирхана.
Дэлхий даяаршиж, нэг хэлээр ярьж, нэг ижилхэн нөхцөлд амьдрах нь бага үндэстний хувьд өв уламжлал, соёл, ёс заншлын маш том дайсан гэж үзэх хүн ч цөөнгүй. Нөгөө талаас өв уламжлалаа сэргээх нэрийдлээр гадаадын олон одтой зочид буудалд галын тайлга хийдэг Хөгжлийн сайд Н.Батбаяраас эхлээд морин цагт ажлаа хийдэг, жалга дов, гол горхины үзэлтэй олон улстөрчдийг бид өдөр болгон шахуу хардаг. Харин тэдний талаар улс төр судлаач Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улсууд улам бүр нээлттэй болж байгаа өнөө цагт Монгол хаалттай, өнгөрсөн рүү ухарсан алхмууд хийх болсон нь цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна” хэмээн анхаарууллаа. Үнэхээр түүний хэлсэнчлэн тавьсан нөхцөл таалагдахгүй бол зайлцгаа гэх бодлогыг 2008-2012 онд хэрэгжүүлсэн билээ. Харин бид өнөөдөр эргээд хөөж явуулсан хөрөнгө оруулагчдаа гуйж байна. Тэгвэл бид даяаршлын ертөнцөд хэрхэх ёстой вэ. Дэлхийн 200 гаруй улс хаашаа тэмүүлнэ вэ?
Америк гэхэд үндэстний сонирхол гэхээсээ илүүтэй тухайн улсын иргэн нь аз жаргалтай сайхан амьдарч байвал хаанахын хэн байх нь хамаагүй. Шар, хар, цагаан, улаан арьстан байх нь падлийгүй нэгдмэл улс. Харин Англи, Япон, Герман гээд үндэстэнд тулгуурласан Монголтой төстэй улс ч байна. Гурав дахь нь геополитик дээр тулгуурласан гүрэн улс байна. Хамгийн тод жишээ нь, бидний өмнөд, хойд хөрш. Тэдний хувьд тулгуур үзэл нь эв нэгдэл. АНУ-ын тулгуур үзэл бидэнд таарах уу. Бид дэндүү цөөхүүлээ. Тийм бодлого баривал бид тэгээд л уусаад алга болно. Монгол оршин тогтнохуйн үндэс нь үндэстний аюулгүй байдал гэж бид Үндсэн хуульдаа ч тусгачихсан. Монгол хүн байж гэмээнэ Монгол Улс байна аа л гэсэн үг. Тиймээс бидэнтэй ижил төстэй үндэстэнд тулгуурласан улсын бодлого л илүү зохицно. Харин тийм улс байхад даяарчлалтай харших нь гарцаагүй. Бид бүх талаараа олон улстай нээлттэй бодлого баривал өөрсдөө үгүй болохын дохио ч байж мэднэ. Тиймээс л улс гүрнүүдийн оршин тогтнохуйн гурван гол хэлбэр өөр хоорондоо зөрчилдөн байна.
Бид нэг гэр бүл гэдэг үзлээр даяарчлалыг магтан дуулж буй ч АНУ тэргүүтнүүд Иран, Иракт өөрсдийн эрх ашгийг тулган хүчирхийлж, Европын орнууд түүнийг нь эсэргүүцэх нэрийдлээр эрх ашгаа хамгаалж байна. ОХУ ч ялгаагүй Европ руу гарах хамгийн найдвартай гарцаа алдахгүйн тулд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэх шалтгаанаар Украин руу цэргээ оруулж байна. Тиймээс тэд үүнтэйгээ л урлаг, соёлын бодлогоо уялдуулж явуулдаг. Америкчуудын хувьд жирийн иргэнийхээ эрх ашгийг хамгаална гэх философитой сурталчилгааг киногоороо дамжуулан тархи угаадаг. Тэр нь ч амжилттай хэрэгжиж дэлхийд хамгийн түгээмэл дэлгэрсэн хэл англи хэл болж буй бол дэлхийн нийт захиа, факсын 75 хувь, радио нэвтрүүлгийн 60 орчим хувь нь англи хэлээр хүрч, цацагдаж байна. Тэгвэл дэлхийг хавтгай болгож буй интернэтээр дамжиж буй мэдээллийн 90 орчим хувь энэ хэлийг ашигладаг. Үүнийг ч дагаад өмнө нь Төвд, Манж, Хятад, сүүлийн зуунд орос хэлийг хоёр дахь хэлээ болгож байсан монголчууд англи хэлийг эх хэлнээсээ дутахааргүйгээр эзэмшиж, мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг чухалчлах болж. Японыг бид арлын улс гэцгээдэг. Цунами болж хэзээ мөдгүй арчигдах аюул тэдэнд бодит заналхийлэл болдог.
Харин өөрсдийгөө эх газрын өндөрлөгт орших үндэстэн гэж өргөмжилнө. Үнэндээ бид эх газрын улс ч гэлээ арлын улсаас ч дутахааргүй зовлонтой. Хойд хөршөөсөө нефть, цахилгааны, урд хөршөөсөө эдийн засгийн хувьд шууд хамааралтай. Хэл, соёл, шашны хувьд ч хэцүүхэн байдалтай. Тэд хилээ хаагаад долоо хоноход л монголчууд модоо барина. Тиймээс л бид даяаршлын цунамид амьд оршин тогтнохын тулд хамгийн түрүүнд бүтээмжээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулах нь чухал. Харин дархлаа нь соёлынхоо бодлогыг хатуу чанд тодорхойлох нь чухал. Хүчтэй нь дэлхийн бодлогыг тодорхойлдог хойно түүнд уусахгүй байх бидний вакцин нь тэр.
Ердөө зуун жилийн тэртээд биднийг, Хятадыг өөрийн эрхшээлдээ барьж байсан хүчирхэг Манж улс өнөөдөр уусаад алга болсон. Харин бид даяарчлалын сайхныг магтан дуулахаас гадна даяарчлагдсан ертөнцөд амьд үлдэх нь чухал. Хэрэвзээ бүх дэлхийгээрээ түүнийг байгуулахаар тэмүүлж буй ахуйд хязгаар бий. Тэр цаг ирэхэд бид орших уу, оршлоо гэхэд юутай үлдсэн байх бол?