
-Төгрөгийн ханш бол манай эдийн засаг, санхүүгийн байдлыг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг шүү дээ. Барометр гэж ярьдаг даа. Манай эдийн засаг ямар байна төгрөгийн ханш тийм л байна. Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр болж байсан гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр үргээчихсэн. Үүнтэй л холбоотой ханш унаж байна. Гаднын хөрөнгө оруулалт үргэнэ гэхээр хэдхэн гадаад хүн гараад явчихаж байгаа юм шиг хүмүүс ойлгоод байгаа юм. Тийм биш шүү дээ. Тэрийг дагасан маш их бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Монголд байхгүй болчихож байгаа юм. Ганцхан жишээ хэлье. Монголд 400 гаруй өрмийн компани ажиллаж байлаа. Өнөөдөр бараг бүгд сул зогсч байна. Маш олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоосон. Тэрийг дагаад тээврийн компаниуд зогсч, олон тооны жолооч ажилгүй боллоо. Гэх мэтчилэн үр дагавар нь маш олон л доо. Ийм маягаар бид эдийн засагтаа том шок үзүүлчихсэн. Эндээсээ ч сургамж аваад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа. Богино хугацаанд сайн сургамж аваад, алдаагаа ухамсарлаад шинэ хууль гаргалаа.
-Гэхдээ Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжиж эхлээд бараг нэг улирал өнгөрлөө шүү дээ. Гэвч бодит байдал сайжрахгүй л байх шиг.
-Хөрөнгө оруулалтын хууль дөнгөж л хэрэгжээд явж байна. Таны хэлдэг үнэн. Одоогийн байдлаар гадаад зах зээл, томоохон хөрөнгийн биржүүдээс сайн мэдээ ирэхгүй байна. Нью-Йорк, Торонто, Лондон, Сингапурын бирж дээр байгаа Монголтой холбоотой, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьцаа нэг их сайжирсан юм харагдахгүй л байна. Өөрөөр хэлбэл, унтаастай хэвээр байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр дахиад олон арга хэмжээ авах ёстойг л харуулж байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулиа бушуухан батлах хэрэгтэй байна. Бас “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, манайд ажиллаж байгаа гадаадын их олон компани байнга л нэг зүйлээр гомдол гаргадаг юм. Тэд танай засаг маш их саад тотгор болж байна. Элдэв янзын шалгалт, бүртгэл гээд янз бүрийн дарамтаар бизнесийн төслүүдийг зогсоодог. Энийгээ багасгах юм бол хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй болно гэсэн гомдол мэдүүлж, санал тавьдаг. Энэ дагуу ухаалаг төрийн бодлого хэрэгжиж байна гэж ойлгож байна. Ярьж байгаагаараа хэрэгжиж чадах юм бол манайд бизнес хийх таатай орчин бий болно. Сайжрах тал руугаа явна гэж ойлгож байна.
-Одоо тэгвэл Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх юм бол асуудал цэгцэрчих үү?
-Мэдээж өргөс авч байгаатай адилхан асуудал шууд алга болно гэж юу байхав. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирье, тогтвортой бизнесийн, хөрөнгө оруулалтын орчин бий болгоё гэж удаан ажилласан. Хүний итгэлийг авна гэдэг их удаан процесс л доо. Жишээ нь, хүн амьдрал дээр ханьтайгаа тааралдсан өдрөө шууд л гэр бүл болчихдоггүй биз дээ. Удаан хугацаанд бие биеэ харна, танина, хүлээнэ. Тэгж байж ханилан суудаг шүү дээ. Бүх бизнес, хөрөнгө оруулагч яг үүнтэй адилхан. Их удаан ажиж, хүлээж, хянаж байж Монголд хөрөнгөө оруулдаг. Харин ингэж олж авсан итгэлийг маш амархан эвдэж болдгийг бид сүүлийн хоёрхон жилд харлаа шүү дээ. Энэ бол бидэнд том сургамж болсон. Янз бүрээр авирлаж болохгүй, янз бүрээр аашилж болохгүй юм байна. Хуулиа гэнэт л, хурдан өөрчлөөд байж болохгүй нь. Бас хууль, эрх зүйн зохицуулалтаа өөр, өөрөөр тайлбарлаад байж болохгүй нь. Энэ дээр л биднийг зах зээл шүүмжлээд байгаа юм. Сая бол сайн сургамж авлаа. Тиймээс ажлаа сайжруулахын төлөө хичээх үлдлээ.
-Засгийн газар хөрөнгө оруулалтаас илүү зээлд найдаад байгаа юм биш үү. “Чингис”, “Самурай” бондыг гаргалаа. Хөрөнгө оруулалт татахаас өр тавих нь амархан байх шиг. Өр тавих энэ бодлого хэр оновчтой вэ?
-Ингээд өр тавиад байж болно л доо. Гэхдээ сүүлдээ зах зээл бидэнд зээл өгөхгүй ш дээ. Зах зээл эхлээд “Чинис” бондоо, Хөгжлийн банкны бондоо юунд зарцуулж вэ гэдгийг харна. Их ухаантай, ухамсартай хөрөнгө оруулалтууд хийж үү гэдгийг ажиж байгаа. Тэрний үнэлгээ ч эхнээсээ гарч байна. Жишээ нь, “Чингис” бондын зах зээл дэх үнэлгээ үүнийг харуулж банйа шүү дээ. Ер нь бол манай бодлого буруу л яваад байна. Бүгдийг зээлээр хийгээд байж болохгүй. Өнгөрсөн жил бид хоёр бонд, дээр нь Монголбанкнаас гаргасан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гаргасан дөрвөн их наяд төгрөгтэй нийлүүлж тооцвол дөрвөн тэрбум ам.доллар эдийн засаг руугаа хийжээ. Энэ бол маш том мөнгө шүү. Бараг л ДНБ-ий 40 хувьтай тэнцэх мөнгө. Бид ийм хэмжээний мөнгө зах зээл рүүгээ хийгээд эдийн засгийн 11 хувийн өсөлт авлаа.
-Эерэг үү, сөрөг үр дүн үү?
-Яаж ч бодсон чамлалттай дүн ш дээ. Маш сайн судалгаа хийж, тооцоолж үзэхгүй бол болохгүй байна гэдгийг л энэ өсөлт харууллаа. Уг нь ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэх мөнгө хийсэн юм чинь тэр хэмжээний, ядаж л 20 хувийн өсөлттэй байх ёстой байсан. Гэтэл макро төвшнөө харвал маш сулхан үр дүн гарлаа шүү дээ.
-Эдийн засгийн энэ 11 хувийн өсөлтийг бодит бус цаасан дээрх өсөлт гэж сөрөг хүчин дүгнэж байна лээ?
-Сөрөг хүчин тэгж дүгнэх нь зөв. Амьдралаа бодитоор л харж ярих ёстой. Би бол эдийн засагчийн хувьд энэ бүхнийг хараад байна л даа. Эдийн засаг 11 хувиар өсчихөөд байхад амьдрал яагаад тааруу байна вэ гэж. Шалтгаан нь төгрөгийн ханш 25 хувиар уначихсан. Ингэхээр иргэд дээр өсөлт нь наалдаж өгөхгүй байгаа юм. Иргэн болгоны, хүн бүрийн худалдан авах чадвар 25 хувиар унахаар нөгөө 11 хувь чинь наалдацгүй өсөлт болчихоод байгаа юм. Зүй нь эдийн засгийн өсөлтийг иргэндээ наах нь чухал юм. Эдийн засаг өсч л байвал иргэний амьдрал дагаад өсч л байх ёстой юм л даа.
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа энэ бодлогуудын талаар та дэд сайдын хувиар бус эдийн засагчийн хувиар саналаа хэлж байна уу?
-Тийм ээ, эдийн засагчийн хувиар ярьж байна. Гэхдээ дэд сайдын хувьд бодлого тодорхойлж яваа хүмүүст санаа бодлоо байнга хэлж байгаа. Шүүмжлэлтэй асуудлыг нь хэлээд л явдаг. Түүнээс би энэ албан тушаал дээр байхын тулд чимээгүй байгаад байх ёсгүй биз дээ.
-Тэгвэл энэ засгаас оновчтой шийдвэр гарах нь уу?
-Бүх юм болохгүй байгаа гэж би хэлэхгүй ээ. Эдийн засагт сайн сайн тоонууд бас бий шүү. Түүхэнд байгаагүй их хэмжээний барилга барилаа. Зам руу хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийлээ. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй. Бидний гол анхаарах ёстой юм бол макро үзүүлэлтүүд. Монгол Улс зөв явж байна уу, үгүй юү гэдгийг макро төвшинд харах ёстой. ДНБ-ий 11 хувийн өсөлт макро эдийн засгийн бусад үзүүлэлтээр батлагдаж байна уу гэдэг чухал.
-Батлагдаж байна уу?
-Дэлхий даяар макро эдийн засгийн үзүүлэлтийг харуулдаг тоонууд байна л даа. Жишээ нь, нийт тээвэрлэсэн ачаа багассан байна. Агаарын тээврээр зорчсон зорчигчийн тоо буурсан байна. Эд бол дээр өгүүлсэн дэлхий даяар макро эдийн засгийг хэмждэг үзүүлэлтүүд. Манайд бүгд буулаа. Тэгтэл ДНБ өсөхөөр сонин дүр зураг харагдаад байгаа юм. Нийт худалдаа багассан байна, нийт экспорт нь өсөөгүй байна. Зах дээр байгаа нийт мөнгөний хэмжээ багассан. Уг нь эдийн засаг өсч байвал мөнгө ихсэх л ёстой. Гэтэл манай зах дээр өнгөрсөн жил мөнгө багасчихслаа. Үүн дээр бид судалгаа дүгнэлт хийх хэрэгтэй. Банкин дахь муу зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдлээ. Энэ дээр санаа тавьж байх л хэрэгтэй. Ер нь ханш унах тусам банкин дахь муу зээлийн хэмжээ их хурдацтай өсдөг. Энэ нь эргээд банкны салбартаа, санхүүгийн зах зээлдээ муугаар нөлөөлнө. Ер нь л компаниуд хооронд, компани банкны хооронд, банк банкны хооронд, аж ахуйн нэгж төсвийн хооронд бөөн өр авлага бий боллоо. Энэ бүгдэд санаа тавихгүй бол болохоо байлаа.
-Энэ бүгд гадаадын хөрөнгө оруулалт муудсантай холбоотой юу. Эсвэл Засгийн газрын бодлогын алдаа бас байна уу?
-Алдаа бас байж болно. Тийм ураас энийгээ сайн ярих хэрэгтэй. Бид бүгдээрээ нэг юмны төлөө явж байгаа шүү дээ. Монголын эдийн засаг сайжраасай, хүн болгоны амьдрал дээшлээсэй гэж явж байгаа. Түүнээс МАН-ын гишүүдийн амьдрал муудаж, АН, МАХН-ын гишүүд дэмжигчдийн амьдрал сайжраасай гэсэн бодлого явахгүй байгаа.
-Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн гээд тусдаа яам байгуулж, бүтэц гаргаад ажилласан энэ хугацаанд яагаад тийм эерэг дүн гарахгүй байна вэ. Хөрөнгө оруулалт буурлаа, Монгол Улсын зээлжих зэрэглэл уналаа, төсвийн орлого тасарлаа гээд дандаа сөрөг мэдээлэл л сонсогдоод байх юм.
-Харин одоо тийм байдалтай л байна. Бид ганцхан сайхан тоогоо харж яриад байх ёсгүй юм. Юун дээр алдаад байна, юу нь болохгүй байна, яаж залруулах вэ, яаж сайжруулах уу гэдэг дээр анхаарах ёстой. Би хувьдаа энийг илүү харж ярьж байгаа л даа.
-Засагт албан тушаал хашиж буй хүмүүсээс, сайд нараас та л ганцхан ингэж ярьж байна. Бусад бүх хүн амьдрал сайхан байгаа талаар ярьж байна ш дээ.
-Уг нь бодит үнэнийг л ярих ёстой. Яахав зарим хүн зөвхөн болж байгааг нь ярьж болно ш дээ. Барилга олныг барьсан, урт зам тавьсан гээд л.
-Ер нь Засгийн газар, Монголбанкны бодлого хоорондоо хэр уялдаж байна вэ?
-Маш сайн уялдах ёстой. Гэвч ингэж ханш унаж байгаа нь, ерөнхий зах зээл дээрх иргэд компаниудын төлбөрийн чадвар, орлого муудаж байгаа нь уялдахгүй байгаагийн шинж л дээ.
-Шинэчлэлийн Засгийн газрын ажил үүргийн хуваарийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтыг танай яам хариуцдаг байх аа.
-Өнөөдрийн хуулиар тийм байгаа.
-Царцаасан 300 орчим объектын хөрөнгө оруулалт юу болсон бэ?
-Аудитын дүгнэлт гарч байгаа юм билээ. Тэрний дараа шийднэ. Ер нь бол Монгол Улс их сайн орлого төсөвтөө цуглуулаад байгаа юм. Даанч бидний хамгийн том алдаа бол тооцоо муутай хөрөнгө оруулалт буцааж хийгээд байгаа юм л даа. Хайран мөнгө. Хөлсөө гаргаж ажиллаж байгаа энэ олон компанийн гарыг мушгиж авсан татвараа хамаагүй зарцуулаад байна. Тэр царцаагаад байгаа төслүүд бол тэрний жишээ. Манай төсөв дээр тансаглалын төсөв хэчнээн зуу байна шүү дээ. Бөөн сайхан ордон, бөөн сайхан стадион, бөөн сайхан оффис, бөөн сайхан соёлын төвүүд байна. Бид ингэж сум болгоноор тансагласан төсөв цацаад байж болохгүй байхгүй юу.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин