А.Гантулга: Хувийн хэвшлийнхэн мөнгөтэй

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

А.Гантулга: Хувийн хэвшлийнхэн мөнгөтэй

Яармагийн дэнжид баригдсан “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын эхний ээлжийн захиалгыг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан иргэдээс авч эхэлснийг Төрийн Орон Сууцны Корпорацийнхан өчигдөр мэдэгдсэн.

Захиалга өгөх иргэдийн хувьд хэд, хэдэн шаардлага хангаж байх ёстой. Үүнд Улаанбаатар хотын иргэн байх, төрийн албан хаагч нь хоёроос доошгүй жил ажилласан байх, залуу гэр бүлүүд 35-аас доош насныхан байх, Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх, ахмад настнууд эрэгтэй нь 60-аас дээш, эмэгтэй нь 55-аас дээш насныхан байх, банк болоод банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй байхын зэрэгцээ өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй зэрэг ерөнхий шаардлагууд тавигдаж буй юм. Иймд бид дээрх асуудлын хүрээнд Төрийн Орон Сууцны Корпорацийн захирал А.Гантулгатай ярилцлаа.

-Захиалгыг ТҮЦ машинаар авч эхэлж, захиалга өгөх иргэдэд ТҮЦ машин хангалттай хүрэлцэхээр нийслэлд байршуулжээ гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд төрийн үйлчилгээний ТҮЦ машин 20 ширхэг ажиллаж байгаа. 24 цагийн турш тасралтгүй ажиллаж захиалга авах боломжтой учраас иргэдэд илүү боломж олгоно. Нөгөөтэйгүүр, ажил гараад орон нутаг руу явсан байж болно, энэ тохиолдолд аймгийн төвд байрших ТҮЦ машинаар үйлчлүүлж захиалга өгөх боломж нээлттэй. Гол нь захиалга өгөх иргэн иргэний үнэмлэхтэйгээ очиж, анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Худал бүртгүүлбэл хасагдана. Хуримтлагдсан мэдээллийг нягталж үзнэ.

-Бүртгэх хугацаа хэд хоног үргэлжлэх вэ?

-Бүртгэл 14 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Эцсийн хугацаа гуравдугаар сарын 24-ний 18.00 цагаар дуусах учраас энэ хугацаанд багтаж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.

-Хуримтлагдсан мэдээллийг нягтална гэлээ, ТОСК нягтлах уу эсвэл өөр газар хяналт тавих уу. Сонгон шалгаруулалтыг мөн яаж хийх вэ?

-Бүртгэлд хамрагдсан бүх иргэдийн материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголбанкны мэдээллийн бүртгэлийн сан зэрэг холбогдох газрууд руу явуулж, шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлах юм. Дээрх байгууллагууд 5-7 хоногт багтаан ерөнхий мэдээллийг шалгаж, бидэнд эргэж мэдээлнэ. Сонгон шалгаруулалтын тухайд, барьсан байшин цөөн, захиалгад хамрагдах иргэд олон байх учраас сугалаа явуулна. Бүртгэлд хамрагдаж шаардлага хангасан иргэн бүр дугаартай байна. Сугалаагаар дугаар нь таарсан иргэн байранд хамрагдах боломжтой болно. Тийм учраас урьдчилгаа 30 хувиа шийдсэн, арилжааны банкинд хандаж үлдсэн зээлээ авснаар байранд орно. Процесс ийм байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй.

-Ашиглалтад орсон орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчдыг хамруулна. Захиалгаа ямар байдлаар өгөх вэ. Яам, агентлагууд орон сууцанд хамрагдах ажилтнуудынхаа захиалгыг авчихсан учраас нэрсийг нь ТОСК-д явуулах байх гэсэн яриа бий?

-Төрийн албан хаагчид ч ялгаагүй ТҮЦ машинаар бүртгүүлж, захиалгаа өгнө.

-Захиалгаас үндэслэлгүйгээр хасагдсан нөхцөлд хэнд хандах вэ?

-Энэ тохиолдолд ТОСК-ийн Хуулийн хэлтэст гомдлоо бичгээр гаргаж болно.

-Захиалгад хамрагдах иргэдэд тавьж байгаа шаардлагад залуу гэр бүл 35-аас доош насныхан байх ёстой гэж үзэж. Ийн насаар нь хязгаарлахын оронд урьдчилгаа 30 хувиа өндөрсгөж 40 хувьд хүргэдэг ч юм уу арай уян хатан болзол яагаад тавьж болсонгүй вэ. Зээл төлж дуусах хугацааг 20 жилээр хязгаарлах шаардлага байгаа ч дээрх байдлаар зохицуулж болмоор санагдах?

-35-аас дээш настай бол захиалга өгөх боломжгүй. Эхний ээлжинд цөөхөн байр барьчихсан учраас тэр. Мөн анх удаа том хөтөлбөр хэрэгжүүлж байна, ийм үед чамбай хийхгүй бол болохгүй. Тэгээд ч уян хатан зохицуулалт хийхэд үнэхээр хэцүү байсан. Бид сар шахам судалгаа шинжилгээ хийж, бүх сайд, дарга нар оролцож нарийн гарсан журам. Нээлттэй тавьчихаар хүнд, хүн бүр л зүтгэнэ. Ярилцаж, ярилцаж гаргасан шалгуур. Цаашид хөтөлбөр үргэлжилж орон сууцууд олноор ашиглалтад орохоор зохицуулалт хийгдэх боломжтой.

-Ашиглалтад орсон орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчдыг хамруулна гэдэг нь зөвхөн нэг талыг харсан шийдвэр биш үү. Хувийн хэвшлийнхнийг яагаад хямд орон сууцанд хамруулж болдоггүй юм бэ?

-Багш, эмч цагдаа нар өнөөдөр маш хэцүү нөхцөлд амьдарч байна шүү дээ. Нийслэлийн багш нарын 60 хувь гэр хороололд амьдардаг тухай судалгаа бий. Тийм учраас эхний ээлжинд дээрх хүмүүсээ хямд орон сууцанд хамруулахыг зорьж байгаа.

-Өмнөх Засгийн газрын үед иргэдийг орон сууцжуулахдаа мөн л эмч, багш нарыг тэргүүн ээлжинд авч үзнэ гээд 4000 айлын орон сууцанд хамруулж байсан. Яг түүн шиг үзэл санаа үргэлжилж хэрэгжиж байна шүү дээ?

-Эхлээд бид төрийн албан хаагчдаа цэгцэлмээр байна шүү дээ. Хувийн бизнес хийж байгаа хүмүүс мөнгөтэй, хувийн орон сууц барьж байгаа компаниудад захиалга өгөөд орон сууцаа ав л даа. Энэ чинь бодлоготой, зорилготой хөтөлбөр. Ганц 567 айлын орон сууц ашиглалтад оруулснаар хөтөлбөр дуусчихгүй аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар болж, Эрдэнэт хотод ажил нь эхэлж байна. Нийслэлд “Буянт-Ухаа-2” хорооллын ажил удахгүй эхэлнэ, нийслэлийн долдугаар хороололд мөн ажил явж байгаа. Өмнөх Засгийн газрын үед дарга, даамлын хамаатан садан, найз нөхөд орон сууцны зээлд хамрагддаг байсан. Одоо бол би тийм байдлаар хуваарилалт хийхгүй шударгаар олон нийтийн өмнө хүрэх ёстой хүнд нь хүргэнэ.

-Тэгвэл хувийн хэвшлийнхэн яг хэзээнээс орон сууцны захиалга өгөх боломжтой болох вэ. “Буянт-Ухаа-1” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц ирэх тавдугаар сард ашиглалтад орно гэж сар шинийн өмнө мэдэгдэж байсан. Түүндээ хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын захиалгыг авах уу. Хувьдаа компанитай бизнес эрхлэгчийн тухай биш, хувийн компанид ажилладаг иргэнээр жишээ авч асууж байна шүү. Ер нь төрийн албан хаагчид иймэрхүү “бялуу” хуваалтын тэргүүнд нь явах юм. Өмнөх Засгийн газрын үед ийм л байсан, Шинэчлэлийн Засгийн газар дээр мөн адилхан байна? 

-Би тэр үед Орон сууцны корпорацийн дарга байсангүй, тэр үед Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байсангүй, тэр бол МАН-аас зохион байгуулж байсан ажил. Тийм учраас би мэдэхгүй. Одоо би ТОСК-ын захирал байгаагийн хувьд тийм юм хийхгүй. Тэр тусмаа А.Гантулгатай найз нөхөд байх, дарга сайд нарын хамаатан садан байх хамаагүй. Хэрвээ тэр сайдын тийм албаны дарга шударга бусаар орон сууцанд орсон гэдэг юм байвал зарла. Би тийм юм хийхгүй.

-Иргэдээс захиалга авна гэж зарлаад байгаа ч Ардчилсан намынхан тэр дундаа ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан партизануудыг “Ахмадууд” гэх шалгуурт нь багтаан байранд оруулна гэх мэдээлэл цацагдаад эхэллээ?

-Тийм зүйл огт байхгүй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж