Хортой гэдэг нь ташаа мэдээлэл гэж бодож байна

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Хортой гэдэг нь ташаа мэдээлэл гэж бодож байна

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш, доктор  Монголд тарьсан хүнсний ногоо хортой буюу Пестицидтэй хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь нийтэд Монгол тарьсан ногоо хортой гэсэн ойлголтыг өгөөд байсан юм. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монголд тарьсан ногоо хоргүй гэсэн мэдэгдлийг хийгээд буй. Энэ нь иргэдэд хортой, хоргүй гэсэн эргэлзээг төрүүлээд байгаа юм. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Хортой гэдэг нь ташаа мэдээлэл гэж бодож байна

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Дондог

-Хүнсний ногоог хэрэглэхгүй хүн тун ховор шүү дээ. Гэхдээ Монголд тарьсан ногоог хортой гэхэд итгэхгүй байгаа. Энэ бол ташаа мэдээлэл гэж бодож байна. Урд хөршөөс орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ямар нэг хор байхыг үгүйсгэхгүй. Үүнийг нь мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авах хэрэгтэй.  Хортой гэдэгт нь итгэхгүй байгаа учраас хүнсний ногоогоо авч хэрэглэж байгаа.

Хүнсний ногоо идэхээс татгалздаг

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Норовцэнд

-Хүнсний ногоо хэрэглэдэг, хэрэглэдэггүй гээд хүн хүн өөр байдаг. Тухайлбал, би болон манай гэрийхэн хүнсний ногоо бага хэрэглэдэг. Монголынхоо ногоог хэрэглэе гэж бодсон ч зарим нь хятад үрээр тарьдаг гэж сонссон. Тиймээс иргэд хүнсний ногоогоо авч хэрэглэхдээ л сонголтоо зөв хийх ёстой байх. Захуудад урд хөршөөс орж ирсэн ногоо бас их болсон гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Монгол ногоо хордсон гэж бодохгүй байна. Харин хятад үрийн төмсөөр л тарьдаг гэдэгт итгэж байна.

Аюулгүй гэх баталгаагүй болсон

Баянгол дүүргийн иргэн Б.Баттүвшин

-Ер нь бол аль болох Монголд тарьсан ногоог хэрэглэхийг боддог. Гэтэл сүүлийн үед Монгол ногоо хортой гэсэн  мэдээлэл гарсан. Монголд тарьсан ногооноос пестицид буюу химийн бодис илэрч байгаа учраас хүнсний ногооны аюулгүй байдал маш их эргэлзэж байгаа. Хэрэглэгч бид нар хүнсний ногоо худалдаж авахад гаднаас нь хараад мэдэх боломжгүй учраас найдваргүй болчихлоо. Хүнсний ногоо худалдан авахдаа аюулгүй гэхэд итгэх баталгаагүй болчихлоо.

Хортой гэсэн  гээд хэрэглээ багасахгүй

Чингэлтэй дүүргийн иргэн Р.Баттогооч

-Хүнсний ногоог өдөр тутамдаа л хэрэглэдэг. Хортой, хоргүй гээд л яриад байдаг. Гэтэл хортой юу, үгүй гэдэгт эргэлзэж эхэлж байна. Гэхдээ өдөр бүр хэрэглэдэг учраас сайн угааж цэвэрлээд, боловсруулаад л хүнсэндээ хэрэглэж байгаа. Худалдаанаас авахдаа Монголд тарьсан эсэхийг нь асууж, тодруулж байж авдаг. Мэргэжлийн байгууллагууд нь хоргүй гэсэн баталгааг нь гаргаж өгөхгүй бол эргэлзэж эхлээд л байна. Гэхдээ хэрэглээ нь багасахгүй шүү дээ.

Худалдааны ногооноос татгалздаг

Сүхбаатар дүүргийн иргэн Л.Дамдинсүрэн

-Хүнсний ногоог тарихдаа дандаа бордоо хэрэглэж байгаа учраас хортой гэж бодож байна.  Ногоо тарьж байгаа хүмүүс нь бордоо гэж химийн бодис ашиглана, бас хятад үрийн ногоо тарина. Ер нь хүнсний ногоо худалдаж авахаас илүү өөрсдөө тариалахыг хичээдэг. Өөрсдийн хэрэгцээнд тохируулан ногоо тарих, эсвэл таньдаг хүнээсээ хүнсний ногоо худалдан авдаг. Ер нь худалдааны ногоог Монголд тарьсан гэх баталгаа байхгүй. Тиймээс  худалдааны ногооноос татгалздаг. Хүмүүсийн ярьдагаар Монголд тарьсан гээд л хятад төмс зараад байдаг юм гэсэн.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №052

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж