Охид жирэмсэлж, эхчүүд гэртээ амаржсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Охид жирэмсэлж, эхчүүд гэртээ амаржсаар байх уу?

Хөдөө сумдад дунд сургуулийн охид жирэмсэлж, амаржих болжээ. Жилдээ нэг хоёроор тогтохгүй өсвөр насны охид жирэмсэлж, үр хүүхэд төрүүлж байна. Түүнээс цөөнгүй нь  нууц байдлаар үр хөндүүлж байгаа гэж барьсан ч алдахгүй. Хүүхдээ төрүүлж байгаа охидын тухайд жирэмсэн болсноо хожуу мэдсэнээс  хүүхдээ төрүүлэхээс аргагүйд хүрснээ өгүүлж байгаа юм. Аав ээж нь малаа даган өвөлжөө, хаваржаа дамжиж явах зуур сумын төв дэх гэрээ сахиж, аав ээжээ орлож үлддэг нь дунд сургуулийн ахлах ангийнхан. Намрын сараас махран зүтгэсэн эцэг эхчүүд арайхийн цагаан сараар төв бараадан ирэхэд өврөөсөө гараагүй мэт сэтгэж суусан охин нь хэдийнээ ээж болох шахсан байдгаас залуухан ээжүүд олшрох болжээ. Хүүхдийнх нь эцэг ч мөн л дунд сургуулийн сурагч. Тэглээ гээд нэгэнт томорсон хойно үр хөндүүлэх боломжгүйгээс хойш гэрийн чинээ гэдэстэй элсэлтийн шалгалт өгөх нь энүүхэнд. Зун нь нярайлаад намар нь сургуульдаа орно. Эрүүл саруул амаржиж байгаа нь аз гэхээс аргагүй.

18-аас доош насны жирэмслэлтийг эрсдэлтэйд тооцдог нь одоо ч хэвээрээ. Монголчууд эртнээс “Үхэх төрөх хоёр адилхан” хэмээн  хэлцэж ирсэн нь хүүхэд тээж төрүүлэхийн бэрхийг хатуу боловч үнэнээр нь илэрхийлсэн үг ажээ. Ялангуяа насанд хүрээгүй охид, 35-аас дээш насны эмэгтэйчүүд, суурь өвчтэй эхчүүдийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмын нэгд жирэмслэлт ордог байна. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл зааж эхэлсээр багагүй хугацаа өнгөрч байна. Уг хичээлийн хөтөлбөрт нөхөн үржихүйн мэдлэг олгох хичээл хангалттай орсон байдаг. Тэгсэн байтал охид жирэмсэлсээр, жирэмсэлснээ ч мэдэхгүй амаржсаар байх уу. Үүнээс үүдэн амьдралын босго алхаж ч амжаагүй цэцэг цэврүү шиг охид арилгаж үл болох алдаанд хүрвэл хэн хариуцах вэ. Дээхэндээ бол эхчүүд эрсдэх тохиолдол маш их байсан. Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хориглодог байснаас болж зөндөө олон ээж цаг бусаар хорвоог орхиж байсан харамсалтай түүх бий. Харин одоо бол сонголт хэн бүхний өмнө чөлөөтэй байна. Өнөө цагт жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар амаржих хугацаандаа дөхөж очно гэдэг чинь л өөрөө асуудал юм биш үү.

Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж, тэднээс 600 мянга нь энддэг байна. Энэ нь минут тутамд нэг эх эндэж байна гэсэн үг ажээ. Чухам иймээс л энэ зууны хамгийн тулгамдсан асуудлын нэг нь эх, нялхсын эндэгдэл гэдэгтэй дэлхийн 147 орны тэргүүн санал нэгдсэн байна. Дэлхийн улс орнуудыг эхийн эндэгдлээр өндөр, дунд, бага эрсдэлтэй гэж ангилан хуваадаг. Манай улсын хувьд өнгөрсөн зуунд өндөр эрсдэлтэй орны нэг байсан бол сүүлийн 20 жилд эхийн эндэгдлийг зургаа дахин бууруулж, дундаж эрсдэлтэй орны тоонд багтсаныг хүний гавьяат эмч Т.Эрхэмбаатар дурджээ. 1993 онд амаржсан 100 мянган ээжээс 241 нь эндсэн бол 2013 оны эхний есөн сарын байдлаар 35 болж буурсан байна. Гэвч тайвшрах болоогүйг дахиад л жишээ татан сануулах гээд үзье.

Өнгөрсөн 2013 онд нийслэл  Улаанбаатар хотод нийт  21 эх  эндсэн байна. Дээрх  21   эхийн   долоо  нь   НЭМГ-ын  харьяа  байгууллага, 14   нь   НЭМГ-ын  харьяа бус  эмнэлгийн   байгууллагуудад болон  гэртээ нас  барсан байна. Тэдний зургаа нь гэртээ, нэг нь зочид буудалд эндсэн гэсэн мэдээлэл анхаарал татлаа. XXI зуун гараад 13 оныг үдчихээд байхад гэртээ амаржиж, эндэж байна гэдэг аймаар биш үү. Үр хойчоо зочид буудалд төрүүлэхдээ тулаа юу, монголчууд бид. Бээжинд аж төрдөг монголчуудаас цөөнгүй нь хүний нутагт амаржиж, тэгэхдээ нууцаар эмч мэргэжилтэй нэгнээ гуйн байж хүүхдээ эх бариулсан талаар уншсан юм. Хятадууд монголчуудад яг л гудамжны гуйлгачин мэт ханддагийн жишээ энэ гээд уур бухимдал төрж байв. Гэтэл эх нутагтаа, элгэн садан, ижий аавынхаа дэргэд байгаад ч эмнэлгийн тусламжийг хүн ёсоор авч чадахгүйд хүрчээ, бид. Анхны үрээ төрүүлээд төрөхийн хүндрэлээс хорвоог орхисон нэгэн бүсгүйн нөхөр цэл залуухан хархүү хүүгээ тэврэн нулимс дуслуулан гашуудаж суугаа тухай сэтгэл өвдөм сурвалжлага олныг цочроосон ч эмч, эмнэлгийн ажилтнууд маань цочирсон болов уу. Хагалгааны үеэр дөнгөж амаржсан эхийн хэвлийд самбай үлдээж орхисноос яс арьс болтлоо турж эцсэн хөөрхий эх сэхэл авсан болов уу.

Хүүхэд эх барина гэдэг  эмч, эх баригчдын хувьд ердийн, өдөр тутмын ажил нь байж болно. Ажил хийхэд алдаа онооны аль аль нь байдаг шүү дээ гэж хандаж байж ч магад. Тэгвэл хүүхэдтэй болно гэдэг тухайн гэр бүлийн хувьд хүсэн хүлээсэн баярт мөч, бүр ганцхан тохиох ховорхон боломж байдаг. Тиймээс нэг хүний бус хоёрын хоёр халуун амины төлөө эх баригч эмч алдаж үл болно гэсэн бичигдээгүй хууль бий. Алдъя гэж алдахгүй нь тодорхой боловч дасаж дадсан ажилдаа бардах, өдөр тутам давтагддаг үзэгдэл гэсэн аясаар хүйтэн хөндий өнгө аяс цухалздаг нь нууц биш. Тэрхүү хөндий зэндий зан эхчүүдийг төрөхийн өвдөлтөөс илүүтэй өвтгөдгийг мэддэг болов уу, эх баригч нар. Амаржих газруудад танил тал, найз нөхөдгүй хүн бол ямагт арын эгнээнд жагсаж байдаг. Өөрийн хүнгүй байлаа ч хэн нэгнээр “балийшигдуулж” байж л эсэн мэнд амарждаг жишиг тогтсон нь үнэн. Хэтэрхий олон хүнээр асуулгаад, яриулаад байвал “Яасан олон балийшигтай юм” гээд бас л ад үзэгдэнэ.

Өнгөрсөн онд эндсэн эхчүүдийн талаас илүү буюу 11 нь эх  барихын  шууд  шалтгаантай нас барсан бол 10 нь эх  барихын  шууд  бус  шалтгаантай өөд болжээ. Эндсэн эхчүүдийн тав нь аюултай үр хөндөлтийн улмаас  өөрөөр  хэлбэл дур мэдэн  эмчиийн зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр захаас үр зулбуулах эм авч  хэрэглэн, түүнээсээ болж  амь насаа алджээ. Магад тэд хүсээгүй жирэмслэлтээс ийм болчимгүй алхам хийсэн биз ээ. Өнөөдөр ч хэн нэгэн бүсгүй зах руу гуниг тээн алхаж л яваа. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ. “Хэн тэднийг  жирэмсэл гэсэн юм” гээд харааж зүхээд орхих уу. Гэртээ амаржиж, жирэмслэлтээ тасалах гэж захаас эм авч уухдаа тулсан эхчүүддээ анхаарлаа хандуулж, тэдэнд үйлчилдэг эмнэлэг, эмч нарын тоог нэмэх үү. Эмч нарын олонх нь эхчүүд. Тэдний ачаалал дэндүү их байдгаас л өр нимгэн зангаа умартахад хүрчихээд байна бус уу. “Эхээ үр нь зовоолгүй төрж, эзнээ шүлэг нь зовоож төрөх болтугай” гэж Дагистаны их найрагч Расул Гамзатав нэгэнтээ дуун алдан өгүүлсэн байдаг. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Ядаж энэ жилдээ эхчүүд, эмэгтэйчүүд маань жирэмсэлж, амаржихаасаа айлгүйгээр эмнэлгийг зориосой доо.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж