
Сар болгоны 10-нд Үндэсний статистикийн газраас Монгол Улсын нийгэм эдийн засгийн талаар хэвлэлийнхэнд танилцуулдаг уламжлал тогтсон. Тэр уламжлалын дагуу статистикчид өнгөрсөн хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн талаар ээлжит хурлаа хийв.
Шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханш савалсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гээд эдийн засаг таагүй дүр төрхтэй гарах болов уу гэтэл статистикийн судалгаа эсрэгээрээ сайн гарсан байна билээ. Уг нь эдийн засаг ийм сайхан байгаа бол төгрөгийн ханш 30 хувиар унаагүй байж таарах нь. Долларын ханш нэмэгдээгүй, зүгээр л нааш, цаашаа бага зэрэг савалсан болж байх шиг. Энгийн хүний нүдээр харахад эдийн засаг тааламжгүй байгаа нь ойлгомжтой байтал статистикчид хаанаасаа амтат чихрийн цуглуулга шиг ийм сайхан тоонуудыг гаргаад ирэв. Нэг бол тоонууд “солиорсон” нөгөө бол статистикчид бодит амьдралаас тасарсан байх магадлал өндөртэй.
Өрхийн амьжиргааны орлого 112 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг өрхийн дундаж орлого 893 мянган төгрөг болж өссөн гэсэн судалгааг Үндэсний статистикийн газрынхан гаргасан байна лээ. Долларын ханшаас болж биднийг бхуимдаж байх хойгуур орлого маань зуун мянгаар нэмэгдчихэж. Халаасаа ухаад үз, хадгаламжаа нээгээд хар. Хаа нэгтээ статистикчдын өгсөн 100 мянган төгрөг байж л таараа. Үүнийг л ид шид гэхгүй юм бол өөр юуг ид шид гэх билээ. Статистикийнхний гаргасан тооцоогоор бол цөөн хэдэн тэрбумтнуудын олсон хөрөнгийг масст хуваагаад дундажийг нь тодорхойлчихдог юм уу даа, янз нь. Гэтэл тэрбумтан Баяраагийн олсон хөрөнгө тэтгэврийн Балдангийн өрхийн орлогод падлий ч байхгүй шүү дээ.
Гэхдээ эдийн засгийн байдал ямархуу байгааг байгааг банкны чанаргүй зээлийг харахад ойлгомжтой байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 598 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 16.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг аж. Түүнчлэн өнгөрсөн оныхоос чанаргүй зээл 95 хувиар өссөн гэдэг “аймшигтай” мэдээ бий. Эдгээр тоонууд Монголын эдийн засгийн байдлын хангалттай нотолгоо болох биз. Өөрөөр хэлбэл, монголчуудын орлого нэмэгдээгүй гэдгийг, санхүүгийн хямрал аж ахуйн нэгж, компаниуд, хувь хүмүүст хэрхэн нөлөөлж буйг дээрх хоёр, гуравхан тоо харуулж байна. “Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2014 оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өслөө” гэсэн ойлгомжгүй, албархуу үгээр статистикчид эдийн засгийг дүгнэж, тэдний гаргасан зарим дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгаагаас харахад зөвхөн хүүхдийг л чихрээр хуурдаг гэсэн үг санаанд буух.
Статистикийн мэдээг цааш нь гүйлгэвэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх сараас буурсан бололтой. Гэтэл гэхэд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байсан олон компани хүний нөөцөө цомхотгож, маш олон хүн ажлын байраа алдаж байна. Өнгөрсөн оноос хойш хичнээн хүн ажлын байраа алдсан талаарх бодит мэдээлэл байна уу, статистикийнханд. Үнэндээ Монголын эдийн засагт үнийн өсөлт хэрхэн нөлөөлж буйг илэрхийлсэн амьдралд ойрхон бодитой судалгаа хэрэгтэй байгаа болохоос хэнд ч хэрэггүй баахан тооны цуглуулага иргэдэд хэрэгтэй мэдээлэл болж чадахгүй. Тэртээ тэргүй байдал ерөнхийдөө ямар байгааг иргэд статистикчдээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм ч учраас статистикчдын үгэнд итгэх албагүй гэж.