Өмнөд Хятадын тэнгисийн сөөм бүрийг нэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын тэнгисийн сөөм бүрийг нэгжиж байна

Малайзын агаарын тээврийн 370-р нислэг учир битүүлэг байдлаар алга болсноос хойш гурав хонож байна. Энэ хугацаанд олон улсын хамтарсан эрлийн баг гарч, 34 нисдэг тэрэг, 40 хөлөг онгоцоор Өмнөд Хятадын тэнгисийн сөөм бүрийг нэгжиж байгаа ч одоо болтол сураггүй болсон онгоцны хэлтэрхийг ч болов олоогүй байна.

Малайзын иргэний агаарын тээврийн дарга Азхаруддин Абдул Рахманы “CNN”-д өнөөдөр өгсөн /III.10/ мэдээлэлд сураггүй болсон онгоцны хэлтэрхий төдийг ч далайгаас олоогүй байгаа тухай албан ёсоор мэдэгджээ.

Түүнчлэн гадаадын хэвлэлүүдээр Вьетнамын далайн эргийн ойролцоогоос сураггүй болсон “Boeing 777-200ER” онгоцны сүүл, хаалга байж болох хэлтэрхий олсон талаар мэдээлсэн нь худал болохыг Азхаруддин Абдул Рахман мэдэгдсэн байна. Харин То Чу арлаас баруун өмнөд зүгт 90 км зайд шатахуун далайн усанд хөвж байсан нь үнэн болохыг баталж, энэ нь сураггүй болсон онгоцных мөн, эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа талаар тайлбарлажээ. Далайн усанд хөвж буй 9-14 км-ийн хэмжээтэй шатахуунаас дээж авч, лабораторид шинжилж байгаа аж.

Ямартай ч яг одоогийн байдлаар эрлийн ажиллагааг гүйцэтгэж буй олон тооны нисдэг тэрэг, хөлөг онгоцнуудаас ямар нэгэн зүйл олсон талаар яаралтай мэдэгдэх дохио ирээгүй байна. Олон улсын хамтарсан эрлийн багт Вьетнам, Хятад, Сингапур, Индонез, АНУ, Тайланд, Австрали, Филиппин улсууд нэгдэн, Малайзын сураггүй болсон онгоцыг хайх ажилд тусалж, эрлийг үргэлжлүүлж байна.

239 хүн зорчиж явсан Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоц өнгөрсөн бямба /III.8/ гаригийн өглөө Куала Лумпураас хөөрснөөс нэг цагийн дараа радарын дэлгэцэнд үзэгдэхээ больж, холбоо тасарсан юм. Хятадын нийслэл Бээжин хотыг чиглэн нисч явсан онгоц хэрхсэн талаар одоо болтол сэжиг, таамгаас өөр тоймтой мэдээлэл байхгүй байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж