Ш.Отгонбилэгийн
нэрэмжит Технологийн сургуулийн профессор С.Даваанямтай хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар цөөнгүй жил ажилласан
туршлагатай нэгэн.
“Нэн түрүүнд
хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал удахгүй болох гэж байна. Энэ хурлыг
гурав дахь жилдээ зохион байгуулж буйн тань хувьд асуумаар байна. Монголд хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил хэр их гарч байна вэ? Энэ талаар статистик
судалгаа байдаг уу?
ХХI зуунд бизнесийн удирдлагын уламжлалт зорилтууд шинэчлэгдэж байна. Өнгөрсөн зууны үйлдвэрлэлд
хамгийн бага өртгөөр, хамгийн богино хугацаанд, чанартай бүтэээгдэхүүн гаргах уламжлалт
зорилтууд давамгайлж байсан бол шинэ зуунд байгаль орчинд сөрөг нөлөөгүй,
эрүүл, аюулгүй үйлдвэрлэлийн зорилтууд тавигдах боллоо. Өөрөөр хэлбэл, Үнэ
өртөг, Цаг хугацаа, Чанар гэсэн уламжлалт загвар Хүрээлэн буй орчин, Аюулгүй
байдал эрүүл ахуйн ойлголтыг нэмсэн шинэ загвар болж өөрчлөгдөн хувирч байна.
Монголд 2011,
2012 онд бүртгэгдсэн ослын тоогоор бол өдөрт нэгээс доошгүй осол гарчээ. 5 осол
тутмын 1 нь хүний амь үрэгдсэн осол байна.
2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн
тухай хууль гарсан. Гэвч хууль журам гаргаад үйлдвэрлэлийн осол огт буурсангүй.
2009 оны ослын байдлыг 2012 оныхтой харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна.
Дэлхийд 300 зөрчлийн 29 нь хөнгөн гэмтэл, 1 нь хүний амь
нас эрсдсэн тохиолдол байдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн
статистикээр 300-д 1 хүний амь нас эрсдэж байна. Гэтэл Монголд 400-д 75 хүний
амь нас эрсдэж байгааг бид судалгаагаар гаргасан. (график хавсаргав 1.)
Гэтэл Монголд гэмтээгүй тохиолдлууд, тухайлбал, халтираад
унасан ч гэмтээгүй бол тэр тохиолдлыг огт бүртгэдэггүй. Бүртгэдэггүй учраас
судалдаггүй. Яагаад ийм аюултай тохиолдол учраад байна вэ гэдгийг судалдаггүй,
тоодоггүй, хэнэггүй байдлаар явж байгаа. Харин хүнд гэмтсэн, амь нас эрсдсэн бол
булавч бултайна, даравч далдайна гэгчийн үлгэрээр ил гардаг. Энэ нь осол
эндэгдлийн нуун дарагдуулалт их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын
статистик худлаа байна. Үүнийг дэлхийн статистик тогтоочихож. Үнэндээ бол 75-ыг 300-гаар үржүүлсэн
тоо байхаар байна.
Хууль журам гаргасан
ч осол буурахгүй харин ч нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ?
Удирдахуйн ухаанд бид бүхний сайн мэдэх “Демингийн мөчлөг”
гэж ойлголт бий. “Эхлээд сайтар төлөвлө, дараа нь төлөвлөснийхөө дагуу хий,
хийж буй зүйлээ тогтмол шалга, үр дүнгийн шинжилгээг үндэслэн байнга сайжруул”
гэсэн онол. Манайд айхтар том бодлого тавьдаг ч дүн шинжилгээ хийгээд хэрэгжүүлэх
ажил нь явдаггүй.
Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчил
буурахгүй байгаа нь үндсэн хоёр шалтгаантай.
Хүн төрөлхтөний бий болгосон OHSAS 18001 стандартыг МУУҮА
санаачлан монголоор орчуулаад 2012 онд гаргачихлаа. Энэ нь сайн дурын стандарт
байгаа юм. Сайн дурын гэчихээр манайд хэрэгжүүлдэггүй. Дандаа ташуурдуулж байж
явдаг. Хөгжилтэй улс оронд энэ стандартыг хэрэгжүүлэхийг компанийн үнэлэмжийг
нэмэгдүүлэх нэр хүндийн хэрэг гэж үздэг. Жишээлэхэд, олон улсын том банкнаас
зээл авъя гэхэд энэ стандартыг хэрэгжүүлдэг бол нийгмийн хариуцлагатай компани
гэж хардаг. Нийгмийн хариуцлагатай гэдгийг сайн компани юм байна, ажлын
нөхцлийг анхаардаг юм байна, удирдлага ажилтнуудын харилцаа хэвийн юм байна гэж
хардаг. Ажлын нөхцөл муу бол ажилтнууд удирдлагадаа сайнаар хандахгүй биз дээ. НЭН
ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэсэн бодлого нийгмийн хариуцлагын хамгийн гол
шалгуур болчихжээ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг
хангаж ажиллана гэдэг нь нийгмийн хариуцлагын стандарт болчихсон байна.
Нийгмийн хариуцлагын 7 шалгуурын хамгийн гол шалгуур нь Safety.
OHSAS 18001 сайн дурын стандартыг монголчууд
хэрэгжүүлэхгүй байгаа үндсэн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйг / ХАБЭА/ зардал гэж хараад байдаг. Гутал хувцас, нүдний шил худалдаж авах
болно. Дээр үед махны дэлгүүрээс гуя авахад хүзүү дагуулдаг байв. Хөдөлмөрийн
аюулгүй байдлыг тэр хүзүү гэж хардаг. Компанийг удирддаг гурван стандарт бий.
Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцооны стандарт, байгаль орчны стандарт,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт. Энэ гурав хоорондоо сүлэлдсэн
цогц зүйл. Гэтэл заримыг нь дайвар бүтээгдэхүүн аятай болгоод хаячихаар дангаараа
механизм болж хэрэгжихгүй байгаа юм.
Хоёр дахь шалтгаан нь монгол хүний амь нас, эрүүл мэнд
өнөөдөр Монголд үнэгүй байна. Хүн ослын улмаас бурхан болчихвол тэр хүний
буруутай, эс буруутайгаас үл хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний
тэтгэлэг өгдөг. Энэ нь сайндаа л 17-18 сая төгрөг. Монгол хүний амь нас ийм
үнэтэй байна.
Гэтэл 2010 онд Чилид 33 хүн газар дор дарагдсан осол
гарахад улс даяараа хөдөлж аварч байлаа. Осол гарсан компани одоо байхгүй,
дампуурчихсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын айхтар том зөрчил гаргаад, хамаг
юмаа худалдаж даатгалаа төлөөд тэр компани дампуурсан. Чилид хүний амь нас тийм
үнэтэй байна. Хамгийн ойрхон байгаа Орос оронд гэхэд л 1 сая рубль. 34 мянган доллар
гэсэн үг. Орос хүний амь нас ийм үнэтэй байна. гэтэл хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн зөрчил гаргавал компани дампуурах аюул Монголд байхгүй.
Өчнөөн хүн бурхан болоод, өчнөөн зөрчил гараад байхад ямар дарга шоронд суусан
юм бэ? Байхгүй шүү дээ. Зөвхөн осолдсон хүн л хохироод өнгөрдөг.
Осол гарч буй
учир шалтгааныг судалж үзэв үү? Юунаас болж осол гэмтэл гараад байна вэ?
Бид 10 ослыг дундажлаад учир шалтгааныг нь судалсан.
Манайхан ослыг судлахдаа буруутныг хайгаад явчихдаг. Ямар дарга, ямар мастер
гэм буруутан байна гэж эрдэг. Менежментийн аргын нэг гажуудал нь энэ. Сүүлийн
хэдэн арван жилд бүр ч гажуудлаа. Шүүмжилдэг, буруутгадаг системтэй. Буруутныг
хайхаас биш шалтгааныг эрдэггүй. Гэтэл Япон, Солонгос, Сингапурт дандаа эерэг
менежмент хэрэгжүүлдэг. Сайн туршлага хаана байна, түүнийг яаж түгээх вэ гэсэн менежменттэй.
Гэтэл манайх буруутныг хайдаг сөрөг менежменттэй. Safety-д ч мөн адил хүн
буруутгаж санаа амардаг. Тэгэхдээ голдуу осолдсон хүнийг буруутгана.
Гэтэл дэлхийн статистик учир шалтгааны 98% нь тогтолцоотой
холбоотой гэж тогтоосон байна. Бидний судалгаагаар 82% нь зөн совинтой
холбоотой юм гарч ирээд байна. Нэг нөхөр халтирч унаад зүв зүгээр босоод
явчихдаг. Гэтэл нөгөө нөхөр унаад гараа хугалчихдаг. Хүн сэтгэлийн амьтан гэж монголчууд
ярьдаг. Шинжлэх ухаан үүнийг баталчихлаа. ШУТИС-ийн профессор Б.Лхагваа яавал зөв
хооллолт байх вэ гэдгийг судлаад, хүн ямар сэтгэлээр яаж идэв, хэний хажууд
идэв, хэн авчирч өгөв гэдгээс шалтгаалан зөв хооллолтын 59-70 хувь нь хүний сэтгэлээс
хамаардгийг тогтоосон байна. Тэр хоолыг яаж хүртсэнээс зөв хооллолт хамаардаг
байх нь. Хүн сэтгэлийн амьтан гэдгийг дэлхийн эрдэмтэд ч тогтоочихлоо. Хүний
биеийн 70% нь ус байна. Энэ ус амьтай гээд тогтоочихлоо шүү дээ.
Тэгвэл хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөв ойлголт хэвшүүлж, осол зөрчлийг
бууруулах оновчтой арга замыг юу гэж харж байна вэ?
НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж дэлхий нийт
хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж байгаа хүн нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй
байдлыг хангах ёстой. Энэ бол мэдээд зогсохгүй сайтар хэрэгжүүлэх шаардлагатай
стандарт. НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэдгийг дэлхийн улс орнуудад
жирийн ажилчнаасаа аваад улсын ерөнхийлөгч нь хүртэл мөрддөг. Сургуульд хүртэл
гудамжаар яаж гарахыг дэндүү сайн зааж байна. Бүр багаас нь ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ
БАЙХЫН ОНОЛ-ыг эзэмшүүлдэг.
Өвлүүлж л чадахгүй байгаагаас биш монголчууд бидний
уламжлал дотор энэ бүхэн бий. Өвөө, эмээгийн маань энэ, тэр “нүгэл” гэдэг нь
үндсэндээ аюулгүй байдал буюу safety юм.
Нөгөө талаасаа гадны юмыг орчуулаад, хуулаад авчихаар монгол хүний оюун
сэтгэлгээнд сайн бууж өгдөггүй шиг байна. Тиймээс safety нь даргыг байх үед мөрддөг,
байхгүй үед нь мөрдөхөө больчихдог зүйл болсон байна.
ХАБЭА-н бодлогын цөм нь НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ
БАЙДАЛ. Тусгаар тогтносон Монгол улсын хамгийн үнэ цэнтэй зүйл нь эрүүл монгол
хүн. Монгол хүн эрүүл байхын тулд аюулгүй хөдөлмөрийн орчин хэрэгтэй.
Монголчууд цөөхөн байна. Дурын бизнес эрхлэхэд цөөхөн учраас явж өгөхгүй байна
шүү дээ.
Осол, эндэгдэл хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж монголчууд ярьдаг.
“Тэнэг хүн” гэж алдаа гаргачихаад давтдаг хүнийг хэлдэг. “Ухаантай хүн” гэж гаргасан
алдаагаа засчихдаг хүнийг хэлнэ. “Мэргэн хүн” гэж урьдчилан сэргийлээд, алдаа
гаргахгүй явж чаддаг хүнийг хэлнэ. Тэгвэл Монголын бүх хүн цэцэн мэргэн буюу
хувилгаан болсон цагт л осол гарах магадлал тэглэх гээд байгаа биз. Хувилгаан
гэдэг чинь эцсийн эцэст ЗӨВ хүн. ЗӨВ гэдэг нь үг биш агуулга юм. 3 үсэг нь гурвуулаа
томоор, бас ногооноор бичигдэх ёстой. Энэ учир OHSAS 18001 сайн дурын стандартыг
монголчууд заавал мөрддөг байх нь Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд
тустай байх болно.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд гурван “Сайн туршлага” бий. Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын систем бий болгосон. Сургалт
зааварчилгааны тогтолцоо бий болсон. Хамгаалах хэрэгсэл гэж толгойны өвчин
болсон асуудал байсныг стандарттай болгосон. Энэ ажил онцгой сайн болчихоогүй ч хэрэгжих шатандаа явна.
Цаашлаад хамгаалах хэрэгслийн хангамжаар аутсорсинг хийнэ. Гутал өмсдөг ажилчныг
ханган нийлүүлдэг газартай нь шууд уулзуулна. Ажилчин хүн өөрөө өмсөж үзээд
хөлдөө таарсан эвтэйхэн гутлыг сонгох ёстой. Гэтэл өнөөдөр ихэнхдээ даргын
худалдаж авсныг өмсөж байгаа. Дийлэнх тохиолдолд өндөр үнэтэй шахааны зүйл авдаг.
Нэг дарга нь нөгөөдөө шахдаг энэ байдлаас болоод асуудал их гарч байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарч,
хөрөнгө мөнгө зарвал үр ашгаа 2.2 дахин өгдөг бизнес гэдгийг дэлхийн шилдэг
компанууд аль хэдийн тогтоочихсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалдаа мөнгө
зараад, удирдагч ажилтны хоорондын харилцаа сайн, ажлын нөхцөл сайхан, хувцас
нь биед эвтэй, өмсөж явахад сайхан болоод ирэхээр хүмүүсийн ажлын үр дүн,
бүтээмж 59-70% дээшилдэг. Компанийн нэр хүндийн 59-70% нь тэр гэж хэлж, хэмжихэд
хэцүү зүйлээс хамаараад байгаа биз.
Би хоёр асуудал дэвшүүлж байгаа. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ
БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СОЁЛ буюу Safety
culture нь их том цогц ойлголт. Энэ бол компанийн удирдлага,
менежментийн хандлага юм. Ажил олгогчид хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Компанийн
хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих анхаарал жилээс жилд сайжраад байвал
ажилтнууд сэтгэл хангалуун байна. Ажилтнууд айх аюулгүйгээр ажлаа хийхэд Safety culture гэдэг ойлголт их чухал
гэдэг санааг дэвшүүлж байна. Safety
бол гуя дагасан хүзүү биш. Удирдлагын системийн салшгүй хэсэг. Чухал төдийгүй
монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас нэн түрүүнд анхаарах ёстой
асуудал. Монгол хүний эрүүл мэнд, амь нас Монгол улсын тусгаар тогтнолтой
хамгийн түрүүнд холбогдох учраас нэн чухал юм.
Хоёр дахь санаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн асуудлыг өөдтэй болгоё гэвэл Монголын төр даатгалын системээ өөрчлөхгүй
бол болохгүй нь. Монгол хүний амь нас, эрүүл мэндийн үнэлэмжийг нэмэгдүүлэхгүй
бол, хөдөлмөр эрхэлж буй хүний хөдөлмөрийн хөлсийг нэмэхгүй бол, эрсдэлийг нь
үнэлээд, тэр ажил мэргэжил өндөр эрсдэлтэй бол түүнийг 100 мянган доллар, 500
мянга, 1 сая доллар гэж эрсдэлийнх нь хэрээр үнэлдэг болохгүй бол, нийгмийн
даатгалд тэгж даатгахгүй бол, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан амьдралын даатгалын
системийг зөв болгохгүй бол өнөөгийн даатгалын системээр монгол хүн аюултай
байдлаас ангид байх ямар ч боломжгүй.
Энэ хоёр асуудлыг шийдэхгүйгээр мянган хууль, журам
гаргаад, стандарт боловсруулаад нэмэргүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байнга
яриад байгаа минь миний хувьд буяны ажил. 2006 онд “Эрдэнэт үйлдвэр”-т 2 хүн
тээрэмд орсон осол гарсан. Түүний нэг нь миний хайртай дүү байсан юм. Дүүгийн
минь бурхан болсон шалтгаан ерөөсөө л ХАБЭА-н тогтолцоо байхгүйтэй холбоотой
байсан. Хэн нэгэн Х.Наранхүү захирлыг буруутгах биш, Монгол даяар энэ тогтолцоо
байхгүйд байсан. Тиймээс ийм тогтолцоог бий болгоход жаахан ч гэсэн үйл хэргээ
зориулж чадвал талийгаач болсон дүүдээ маанийн ерөөл уншуулснаас хавьгүй их
буян үйлдэнэ гэж ойлгож явдаг. Ер нь хэн ч байлаа гэсэн энэ чиглэлээр мэдэх
чадах бүхнээ хийнэ гэдэг нь бусдадаа, хүн арддаа буянтай үйл үйлдэж байгаа хэрэг юм шүү.
Тиймээс гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Эрдэнэт
хотод зохион байгуулагдах “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2014” бага
хурал, үзэсгэлэнд ажил олгогчид болон бусдын төлөө сайн үйлс бүтээж, сэтгэл
түвшин амьдрахыг хүсдэг хүн бүхэн ирээсэй, идэвхтэй оролцоосой гэж хүсэх байна.