НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхлээд байна. Азийн томоохон орнуудын хүнс, хөдөө аж ахуйн сайд нар болон өндөр төвшний албан хаагчид цугларч, тивийн хэмжээнд хурцадмал асуудал болсон өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцэж байна. Төлөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийн, хэлэлцэж буй асуудлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Ази, Номхон далайн бүсэд өлсгөлөнг багасгах алхмуудыг хийж, 2015 он гэхэд өлсгөлөнг 50 хувиар бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг сайн хэрэгжиж буй гэдэг ч дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 60 гаруй хувь энэ тивд амьдарч байгаа талаарх судалгааг гаргасан байна. Ази тивийн хөгжилтэй гэгдэх олон орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй, бие мах бодь, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулах тэжээлийн дутагдалтай байгааг хуралд оролцогчид онцолж байв. Тиймээс энэ асуудлыг түлхүү анхаарч, “Өлсгөлөнг тэглэх” уриалга гарган, НҮБ-аас 2025 онд өлгөлөнг бүр мөсөн арилгах кампанит ажил өрнүүлж эхлээд байна. Эдгээрийн хамгийн ойрын зорилт бол 2015 он гэхэд өлсгөлөнг арилгахын тулд Ази, Номхон далайн бүс дэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 60 хувиар өсгөх асуудал гэдгийг хурлын үеэр онцоллоо.
Монголын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа.
-Ази, Номхон далайн орнууд хамтдаа өлсгөлөнг арилгах чиглэлээр анхаарч байгаа бол Монголын хувьд, үүнээс илүүтэйгээр хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байгаа. Хувиргасан буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хянах, хязгаар тогтоох тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Бидний хэлж заншсанаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхийг хуулиар хориглосон. Хүнсний болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхэд ийм бүтээгдэхүүн импортлохыг хориглосон юм. Хуулийн хэрэгжилтийг манай яам, харьяа агентлаг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч хяналт тавьж байгаа.
-Хүнсний аюулгүй байдлыг хангахад дан ганц хууль эрх зүйн орчин гэхээс илүү өөр юу хийх хэрэгтэй вэ?
-Одоогоор хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг дотоодоосоо хангаж байна. Мах, гурил, ногоог боломжийн хэмжээгээр дотоодоосоо хангаж байгаа учир хяналт шалгалтыг сайн хийдэг гэж хэлж болно. Харин гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг цаашдаа илүү их хянаж, шалгаж байх хэрэгтэй байгаа. Ингэхдээ импортоор орж ирж буй бүх л бүтээгдэхүүнээс дээж авч, сан бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд багагүй хөрөнгө, мөнгө шаардлагатай ч хүнсний аюулгүй байдлыг хангахад зарцуулах л хэрэгтэй болж таарна.