
Онгоцонд нислэгийн багийн 12 хүнээс гадна 227 зорчигч байсан юм. Тодруулбал, онгоцонд Хятадын 153, Малайзын 38, Индонезийн долоо, Австралийн зургаа, Энэтхэгийн тав, Францын дөрөв, Америкийн гурав, Шинэ Зеланд, Украин, Канадын тус бүр хоёр, ОХУ, Тайван, Итали, Недерланд, Австрийн тус бүр нэг иргэн зорчиж явсан аж. Гэхдээ Австри, Италийн эрх баригчид сураггүй болсон онгоцонд өөрсдийн иргэн зорчиж явсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Зорчигчдын ихэнхи нь ганцаараа, зарим нь найз нөхдийнхөө хамт, үлдсэн нь гэр бүлийнхэнтэйгээ зорчиж явсан байна. Сураггүй болсон онгоцны зорчигчдын хамгийн залуу нь хоёр настай Мохенг Ванг, хамгийн ахмад нь 76 настай Рушенг Лиу гэгч аж.
Үүний зэрэгцээ золгүй “MH370” нислэгийн “Boeing 777-200 ER” онгоцонд Монголыг зорьсон хоёр ч зорчигч явсан байна. Австралийн “WA Today”-д мэдээлснээр 38 настай Шинэ Зеландын иргэн Пол Уикс Монголд уул уурхайн компанид инженерээр ажиллахаар Улаанбаатарыг зорин, “Malaysian Airlines”-ын 370 дугаар нислэгээр зорчиж явжээ. Хоёр дахь зорчигчийн хувьд Энэтхэгийн иргэн байсан бөгөөд “The Hindu”-д мэдээлснээр, 50 настай Чандрика Шарма гэгч Улаанбаатар хотод өнөөдөр /III.10/ болж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралдаанд оролцохоор Улаанбаатарыг зорьсон байна. Тэрээр Энэтхэгийн Ченнай дахь Олон улсын загасны аж ахуйн эрхлэгчдийн хоршооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажээ.

Энэтхэгийн Ченнай дахь Олон улсын загасны аж ахуйн эрхлэгчдийн хоршооны
гүйцэтгэх нарийн бичгийн дарга Чандрика Шарма