АНУ-ын тамирчин Сочид төрсөн эхтэйгээ уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын тамирчин Сочид төрсөн эхтэйгээ уулзав

ОХУ-ын Сочи хотноо өвлийн паралимпийн наадам үргэлжилж байна. Бие эрхтний хувьд бусдаас дутуу байж болох ч сэтгэлийн хат, хичээл зүтгэлээрээ бүхнээс илүү паралимпийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж буй юм. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Паралимпийн багийн тамирчин бүсгүй 20 орчим жилийн дараа Сочи хотноо төрсөн ээжтэйгээ уулзсан баярт үйл явдал тохиожээ.

Өвлийн паралимпийн цанын төрөлд уралдаж буй 24 настай Татьяна МакФадден олон жилийн өмнө амьд үлдэхийн эрхээр хагацсан төрсөн ээж Нина Полевиковатай Сочид эргэн уулзсан аж. Татьянагийн ээж Нина Полевикова охинтойгоо уулзаад “Би түүнээр маш их бахархаж байна. Охинтойгоо эргэж уулзсан маань яг ид шиг санагдаж байна” хэмээн баярын нулимс унагажээ.

Татьяна МакФадден 1989 онд ОХУ-ын Санк-Петербургт төрсөн аж. Тэрээр төрөлхийн нурууны гажигтай төрснөөс удаан амьдрахгүй хэмээгдэж байжээ. Гэсэн ч Татьяна өргөж авсан Америк гэр бүлийнхээ ачаар олон удаагийн хүнд хагалгааг тэсвэрлэн давж, үүгээр ч зогсохгүй спортоор хичээллэж эхэлснээр өнөөгийн амжилтад хүрчээ. Тэрээр сүүлийн гурван зуны паралимпийн наадмын марафоны төрөлд нийт 10 медаль хүртсэн гайхамшигтай тамирчин юм.

Татьяна Америк руу өргүүлэхдээ зургаан настай байжээ. Түүнийг өргөж авсан ээж Дебора МакФадден нь тухайн үед АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн комиссараар ажиллаж байсан аж. Татьяна “Би Оросын нэг хэсэг гэдэгтээ хайртай. Би орос хоол идэж, хүмүүстэй уулзах дуртай. Гэхдээ миний гэр бол Америк” гэсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж