
Уг санамж бичгийн зорилго нь гэрч хохирогчийг хамгаалахад хамтран ажиллах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршиж буй аж.
2013 оны долдугаар сарын 5-нд батлагдаж энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Тахарын албаны хуулийн дагуу Тахарын алба нь шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, сэжигтэн яллагдагчийг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, шүүхийн байгууллагуудын обьектын аюулгүй байдлыг хангах юм.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Тахарын Ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг “Тахарын алба гэсэн бүтэц бий болсон нь төр гэрч хохирогчид анхаарлаа хандуулахыг, ийм бүтэц бий болохыг шаардаж байсан төрийн бус байгууллагуудын олон жилийн хөдөлмөрийн үр дүн” хэмээн онцолсон бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Энхжаргал “Өмнө нь гэрч хохирогчийг мэдээллийн эх сурвалж болгоод л орхидог. Ердөө хэн нэгнийг яллахын тулд ашиглаад ямар ч хамгаалалтгүй үлдээдэг байсан. Харин өнөөдөр энэ алба байгуулагдсанаар гэрч хохирогчийг хамгаалах боломж бүрдэж байгаа юм” гэв.