ажлууд нь тодорхой болсон-
Бидэнд мэдэхгүй, зохицуулахгүй асуудал гэж алга аа. Украйны асуудлыг зохицуулах гэж үзлээ, Путины байр суурийг ч сонирхлоо, Сочигийн олимпийг ч шүүмжиллээ, загвар өмсөгч хүүхнийг нүцгэллээ гэж доромжиллоо. Ер юу эсийг ярьж, шүүмжилж, гутааж, газар дор ортол нь муулж байна вэ. Хэтэрхий өндөр “ай кү”-тэй ард түмэн гэдгээ гайхуулаад сүрхий юм аа, бид. Монгол гэсэн юм болгоноо муучилж, муухай болгож ханахгүй харь гүрэн, дэлхийн оддыг ч харааж зүхэж, хадуурна. Ер юм бүхнийг үлдээхгүйг хичээж байна уу даа гэлтэй. Энэ тийм гоё уу.
Ажаад байх нь ээ, сүүлийн хэд хоногт төрд данстай ганц муу МИАТ-ээ өөд уруугүй “зодоцгоолоо”. Одоо болно оо, найзууд аа. Зүгээр л хэн нэгэн энэ компанитай хамтран ажиллах санал тавьсных нь төлөө ингэх хэрэггүй юм биш үү. МИАТ-ийг зараад идчихсэн мэтээр сүржигнэж, нууц гэрээ гээчээр нээнтэглэж хэчнээн нүдэв. “Сэй Юү” гэгч солонгос компани МИАТ компанитай хамтран ажиллая гэсэн санал тавьсан нь үнэн. Манайхан судалж үзье, боломжит нөхцөл хувилбарууд байгаа эсэхийг нь харъя, хяная, эргээд хариу өгье өө гээд “өргөдлийг нь цохоод” явуулсныг гэрээ хийчихлээ, баталчихлаа гээд урьдчилгаа мөнгөө шилжүүлчихсэн “Сэй Юү”-гийн хохь л байхгүй юу, эцсийн эцэст. Ингэхэд тэр “гэрээ”-г Зам, тээврийн яамны удирдлагууд биш МИАТ-ийн эрх мэдэл бүхий зарим нэг хүн хийсэн. Яг үнэндээ тэр гэрээний юу нь буруу, юун нь болохгүй байгааг хэн ч хэлж мэдэхгүй, чадах ч үгүй байгаа юм. МИАТ-ийн билетийг зардаг агентууд, үнэгүй ачаа зөөдөг бизнесмэнүүд л үүнийг эсэргүүцэж байгаа. Иймэрхүү бизнесийг одоо МИАТ-д ажилладаг зарим нэг хүн, тэдэнтэй холбоотой, хэтэвч нэг компанийнхан хийдэг. Ингэж хууль бусаар олдог ашгийг нь хаах гэлээ гэж дургүйцээд байгаа гэх юм билээ.
МИАТ-ийн эрх мэдэл бүхий хоёр эрхэм ажлаасаа саяхан халагдсан. МИАТ ХК-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билигсайхан “Солонгосын “Сэй Юү” компанитай гэрээ хийсэн гэж намайг ажлаас халлаа” гэж хэвлэлээр ярьж явна. Үнэн хэрэгтээ цахим ертөнцөөр авгай хүүхний хэрүүл хийж, байгууллагынхаа дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөний учир ажлаасаа халагдсан юм билээ. Төрийн өмчит томоохон компанийн эрх мэдэл бүхий албан тушаалд бүү хэл захын нэг хувийн компани ажилтан авахдаа байгууллагын дотоод журамд захирагдан ажиллах үүрэг хариуцлага хүлээлгэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаг биш бил үү. С.Билигсайхан нь ч тэр, Ц.Бат нь ч тэр. Хэн хэнийхээ нүүрийг харж байгаад эр хүн шиг асуудлаа шийдчихэж чадахгүй байгууллагынхаа дотоод асуудлыг олон нийтэд дэлгэж суудаг ямар арчаагүй эрчүүд вэ, тэд. МИАТ-ийн “зодуур” энэ хоёроос эхэлсэн гэж бодохоор нүүр хийх газар олдохгүй нь. Өрх толгойлж, үр хүүхдэдээ үгээр биш үйлдлээрээ үлгэрлэж байх ёстой монгол аавууд ийм болчих гэж халаглаж харамсмаар. Одоо ч хаа газарт иймэрхүү хов жив ярьсан, атаа хорсол өвөрлөсөн, хувийн эрх ашиг, олз хонжоог эхэнд нь тавьдаг “хархнууд” дүүрэн болж. Дарга нь таалагдахгүй бол, хууль бус ашиг орлогыг нь хааж боосон тушаал шийдвэр гаргавал, ажил хэрэгч шаардлага тавибал хэнийг ч, юу ч гэж гүтгэж, хошуугаа худалдагсад олон болж. “Та ажлаа хийж чадахгүй байна, болохгүй байна. Хууль бус үйлдэлтэй чинь хэзээ ч эвлэрэхгүй шүү. Та эндээс гарч байж болно” гэсэн зэмийн хариуд “Гар чи, зайл. Чамтай хамтарч ажиллахгүй” гэж загнасан хэмээн ичих ч үгүй ярьж суудаг хүнийг хэнтэй зүйрлэхээ мэдэхгүй байна. Согтуу сурвалжлагч залуу “Танай яамны нууц гэрээ надад байна, бүрэн эхээр нь нийтэллээ шүү” гэж сүрдүүлж байна гэнэ.
Ийм л үйл явдлууд өнгөрөгч долоо хоногт өдөр шөнөгүй үргэлжиллээ. МИАТ-ийг өөлж өөнтөглөж, дампууруулах сонирхол хэн нэгэнд байна уу, байна. Хурдан түргэн хувьчил гэж шахаж шаардаж байгаа төрийн түшээд бий юу, бий. Сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажилласан учраас тэгсэн байх. Тэгвэл салбараа мэддэг, ажлаа мэддэг хүн удирдаад ирэхээр ажил нь яаж өөдөлдгийг, ашиг орлого нь яаж арвиждагийг өнгөрсөн оных нь тайлан тооцоо, ТӨХ-ны байр сууринаас харж болно. Жилд 139 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, 130 тэрбум төгрөг олоод байхаар яаж ашигтай ажиллах юм бэ. МИАТ компанийн орлого болох мөнгийг “ганц гапий” ч үлдээлгүй хувьдаа завшсан, зарлагаа зохиомлоор нэмсэн гээд энэ компанийн экс удирдлагуудын увайгүй үйлдэл олонд илчлэгдэж, зарим буруутнууд нь ялаа эдэлж байгаа биш бил үү. МИАТ-ийг толгойлж байсан хүмүүст энэ компанийг ашигтай ажиллуулах сонирхол байгаагүй. Ард түмний хөрөнгөөр босгосон компанийг ингэж л мөлжсөн, шулсан, дампууруулах шахсан.
Харин азаар Ардчилсан нам сонгуульд ялж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар сүйрлийн ирмэгт ирчихээд байсан томоохон салбарууд, зарим төрийн өмчит компаниуд сэхэж эхэлсэн. МИАТ компани өнгөрсөн жил анх удаа ашигтай ажилласан гэдгийг та ч сонссон, би ч сонссон. Тэр хэний хүч вэ гээд асуугаад үзээрэй. Салбарын яам, сайд хоёр санаанд чинь бууна гэдэгт мөрийцье. Салбарын дэд сайд байсан хүн одоо жинхэнэ сайд нь болчихсон болохоор ажлаа хаанаас, юунаас эхэлж цэгцлэхээ мэдэж байгаа. Цэгцэлж ч байгаа. УИХ, Засгийн газар, яамнаас бодлогоо гаргачихсан учраас ажлаа эхлүүлээд явж байгаа. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг УИХ батлан гаргасан. Агаарын тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар баталчихсан. Хийх гэж байгаа ажлууд нь ч тодорхой болчихсон болохоор юунд торно гэж. Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын ажил эхэлчихсэн, бараг жигдэрчихээд явж байна, МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч статустай боллоо, монголчууд өөрийн гэсэн агаарын шинэ хөлөгтэй болж агаарын замын анхны шангаа татлаа. “Боинг 767/300” онгоцоо өөр улсад түрээслүүлснээр нэлээд ашигтай ажиллаж чадлаа. Монгол Улс анх удаа үйлчилгээгээ экспортолсныг та мэдэх үү. Өнгөрөгч онд Шанхай, Эрээн, Бангкок руу шинээр гурван чиглэл нээсэн. Энэ жил Парис, Франкфурт, Сингапур руу чиглэл нээнэ, бид түүгээр нисч эхэлнэ гэдгийг сонссон уу.
“МИАТ-ийн нислэгт өгч байгаа хоолных нь байж байгаа царайг” гэж нэг эмэгтэй твиттерээр жиргэж байна. Нөгөө нь “Тийм болохоор би МИАТ-ийн онгоцонд суудаггүй, гадны онгоцонд суудаг” гэж онгирч байна. Түүнийг өмнөх дарга удирдлагууд нь нэг компаниас түрээсээр авахаар гэрээ хийчихсэн байсан, одоо гэрээг нь цуцлах гэж байгааг тэд мэдэхгүй. Сайд, салбарын удирдлагууд өдөр бүр ийм, тийм ч юм болохгүй байна. Өмнөх сайд, дарга нар нь ингэсэн байна, тийм буруу шийдвэр гаргасан, муу гэрээ хийсэн байсан гэж өдөр бүр гомдоллоод байх шаардлага бий гэж үү. МИАТ компанид шинэчлэл хийж байгаа учраас эсэргүүцэл, шүүмжлэл гарч байгаа. Дундуур нь хар муур гүйж яваа. Битгий тоо. Том хулгайч нар нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд шоронд ялаа эдэлж байгаа. Тэднээс сугарч үлдсэн “жижиг жараахай”-нууд нь хорсол тээсээр яваа. Эцсийн эцэст МИАТ Монголын өмч, Монголын нэр нүүр хэвээрээ байна. Энэ их өөдгүй, явуургүй гөвүүрүүдээс МИАТ-ийг өмөөрөхийн учир тэр минийх, бас таных. Бүр цаашилбал Монголынх юм чинь. Харин Украйн, Путин хоёрыг бол өмөөрөх шалтаг алга аа. Тэр хүнийх, бас харийнх.