
Эрэгтэйчүүдийн 54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний "Хагас шигшээ" шатны шалгаруулалтыг ФМ У.Насанжаргал, ФМ Ц.Мөнхчулуун нар тэргүүлсэн байна. Мөн 13 настай Ү.Агьбилэг, 17 настай Э.Энхнар, 18 настай Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Улсын аваргын хагас шигшээ тоглолтод өмнөх шатнаас шалгарсан тамирчид болон 2000 ба түүнээс дээш рейтингтэй тамирчид оролцсон. Мөн аймаг тус бүрээс шалгарсан хоёр тамирчин хагас шигшээд оролцох шууд эрхийг авчээ. Эрэгтэйчүүдэд 98, эмэгтэйчүүдэд 48 тамирчин хагас шигшээ тоглолтод өрсөлдөж, эхний зургаан байранд шалгарсан шатарчид ирэх сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аваргын медальтнууд болон олон улсын рейтингээр хамгийн өндөр чансаатай зургаан шатарчин, нийт 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Улсын аваргын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болно.
Ингээд хагас шигшээ тоглолтоос эхний зургаан байранд шалгарсан шатарчдыг танилцуулья:
Эмэгтэй:
- ФМ Ц.Мөнхчулуун (2083) -7.5 оноо (Голомт банк)
- СМ Э.Хулан (2028) -7.0 оноо (“Мандах-Эрдэнэ” дээд сургууль)
- СДМ Ү.Үүрийнтуяа (1992)– 7.0 оноо (“Хан-Алтай” клуб)
- СДМ С.Жаргалмаа (1880) 6.5 оноо – (Сэлэнгэ аймаг)
- ФМ Б.Янжинлхам (1957) -6.5 оноо (“Хангарьд” клуб)
- Ө.Нямтуяа (1943) – 6.5 оноо (“Ихэр бэрс” клуб)
Эрэгтэй:
- ФМ У.Насанжаргал (2357) – 9 оноо (“Эрч спорт” хороо)
- Ү.Агьбилэг /1992/ -8.5 оноо (“Хан-Алтай” клуб)
- СДМ Б.Өлзийбаяр (2235) -8.5 оноо (МУИС)
- CМ Э.Энхнар (2192) -8.0 оноо (Сүхбаатар аймаг)
- СМ О.Батзориг (2209) – 8.0 оноо (“Хангарьд” клуб)
- ФМ Д.Эрхэмбаяр (2257) – 8.0 оноо (Засагт хаан стонус” ХХК) тус тус эхний байруудад шалгарч, шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.
Эрэгтэйчүүдийн 54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт дөрөвдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болно.
Өнгөрсөн жилийн улсын аваргад их мастер Б.Гүндаваа түрүүлж, их мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер М.Гүнбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин эмэгтэйчүүдийг ФИДЕ мастер У.Лхамсүрэн тэргүүлж, улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртсэн бол спортын мастер Б.Баярмаа, спортын мастер С.Сарантунгалаг мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Ч.БОЛ