
Уг хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хууль зүйн туслалцааны төвийг Хууль зүйн яамны харьяанд байгуулж, төв орон нутагт Төвийн салбарууд ажиллаж эхлээд байна. Хуульд зааснаар төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг хуульчийн эрх авсан өмгөөлөгчид олгож, төсвөөс цалинжуулан ажиллуулах юм. Хууль зүйн туслалцааны төвөөс оны эхээр зарласан сонгон шалгаруулалтаар нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймагт ажиллах өмгөөлөгчдийг сонгон Төвийн салбарыг нээгээд байна.
Мөн түүнчлэн үлдсэн гурван дүүрэг, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад Төвийн салбаруудыг байгуулахаар орон нутагт ажиллаж буй өмгөөлөгчдийн дунд Хууль зүйн туслалцааны төвөөс дахин сонгон шалгаруулалт зарлажээ. Шалгаруулалтад оролцогчдын материалыг 2014 оны гуравдугаар сарын 10-наас 17-ны өдрийг дуустал 9.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байранд, биечлэн бүртгүүлэх боломжгүй оролцогчийн материалыг khulan.tm@gmail.com гэсэн и-майл хаягаар хүлээн авах аж.
Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийн ажлын байрны талаар болон сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл legalinfo.mn веб хуудсанд хандаж мэдээлэл авах буюу 7000-4030 утсаар холбогдох боломжтой юм байна.