
Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс ХЭЗ-ийн 2016-2018 оны бүрэн эрхийн хугацаанд гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд дэлхий дахинаа хүний эрх, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Монгол Улсын Засгийн газраас өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ, түүний байгууллагуудтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг онцоллоо.
НҮБ-ын ХЭЗ-ийн энэ удаагийн чуулганы үеэр манай улсаас бусад бүс нутгийн төлөөлөл болох Франц, Коста Рика, Бенин, Молдав зэрэг оронтой хамтран зохион байгуулж буй “Цаазаар авах ялыг халах, цаазаар авах ялын гүйцэтгэлд моратариум зарлах асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг”-ийг дэмжиж оролцсон явдалд Дээд комиссарт талархал илэрхийлэв.
Түүнчлэн дэд сайд Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн дээд комиссарын газрын үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс сайн дурын санхүүгийн хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжлав.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, дэлгэрүүлэх талаар бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгааг онцлон тэмдэглээд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.