Малайзын онгоцыг есөн орны эрлийн баг хайж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцыг есөн орны эрлийн баг хайж байна

Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200 ER” онгоц өнгөрсөн бямба гаригт /III.08/ Куала Лумпураас Хятадын нийслэл Бээжин хүрэх замдаа холбоо тасарснаас хойш одоог хүртэл тодорхой сураг гараагүй байна.

239 хүнтэй Малайзын онгоцны нисэгчид хамгийн сүүлд агаарын тээврийн хяналтын багтай Кота Бхару хотын зүүн эргээс 222 км-ийн зайд нисч явахдаа холбоо барьсан байна. “MH370” нислэг Куала Лумпураас хөөрснөөс цагийн дараа радарын хянах дэлгэцэнд харагдахаа больсон аж. Гэвч Малайзын албаныхан онгоцноос сураг тасарснаас таван цагийн дараа олон нийтэд энэ талаар мэдээлсэн байна. Онгоц алга болсон талаар хамгийн түрүүнд малайзчууд цахим ертөнцөөр мэдээлэл тараажээ. Нууцлаг байдлаар холбоо тасарсан онгоцыг олон улсын хамтарсан эрлийн баг одоо ч хайсаар байна.

“Boeing 777-200ER” онгоц сураггүй болсныг мэдэгдсэний дараа хамгийн түрүүнд Вьетнамын тэнгисийн цэргийн харуулынхан "Өмнөд Хятадын тэнгист осолдсон байж магадгүй" гэх мэдээлэл цацсан юм. Мэдээллийн дагуу Хятад, Малайз, Вьетнамын хамтарсан эрлийн баг гарч, онгоц осолдсон байж болзошгүй гэх Өмнөд Хятадын далайн хэсэгт хайгуул хийгээд юу ч олоогүй юм.

Удалгүй “Malaysia Airlines”-аас зорчигчдын мэдээллийг ил болгож, онгоцонд хулгайн паспорттой хоёр хүн байгааг тодруулснаар үйл явдал онгоц барьцаалах гэмт хэрэг байж болзошгүй гэсэн таамаг болж хувирсан юм. Энэ сэжиг, таамгийг судлахаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “FBI” Малайзын онгоцыг хайх ажилд оролцож эхлээд байна. Хулгайн паспортууд нь Австрийн иргэн Кристиан Козел, Италийн Луижи Маралди нарынх бөгөөд тэд хоёул Тайландад аялж яваад паспортоо алдсан болохыг албаныхан  мэдээлжээ. Мөн яг энэ үед тэрхүү хоёр иргэн Хятадын нийслэлээс Европ руу нислэгт захиалга өгсөн байгаа аж.

Үүний зэрэгцээ Малайзын агаарын тээврийн хяналтын багийнхан сураггүй болсон “Boeing 777-200ER” онгоц чиглэлээ өөрчилж, буцаж эргэсэн байж магадгүй хэмээн өчигдөр /III.09/ мэдээлсэн байгаа. Тэдний мэдээлснээр Бээжинг чиглэн хөөрсөн онгоц, чиглэлээ өөрчилж, буцаж эргэсэн байж магадгүй ул мөрийг радарын хяналтын дэлгэцний бичлэгээс илрүүлжээ.

Түүнчлэн сураггүй болсон онгоцонд зорчиж буй нэг хятад зорчигч гар утсаараа холбоо барьсан бөгөөд Малайзын албаныхан дохиог нь ашиглан байршлыг нь тогтоохоор ажиллаж байгаа тухай Синьхуа агентлагт ням гарагт мэдээлжээ. Бээжингийн телевизэд мэдээлснээр нэг зорчигчийн утас богинохон хугацаанд холбоо тогтоогоод тасарсан байна.

Харин “Boeing 777-200ER” онгоцыг хайх эрлийн хоёр дахь өдрийн орой Ханойн албаныхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлийг Вьетнамын өмнөд зүгт тэнгисээс илрүүлсэн тухай мэдэгдээд байна. Тодруулбал, То Чу арлаас баруун өмнөд зүгт 90 км зайд нисэх онгоцны сэг байж болох хоёр хэсэг зүйл илрүүлсэн гэнэ. Энэ нь бямба гаригт Вьетнамын тэнгисийн цэргийнхний тэнгисийн уснаас тос илрүүлсэн газартай бараг давхцаж буй ажээ. Мөн үүнтэй ойролцоо далайн хэсэгт шатахуун байж болзошгүй хар бараан зүйл хөвж буйг нисдэг тэргээр авсан зураг цахим ертөнцөд тархаад буй юм. Энэ бүхнийг судлан нягталж, сураггүй болсон онгоцных мөн эсэхийг тодруулахаар есөн улсын эрлийн баг 40 хөлөг онгоц, 34 нисдэг тэргээр Вьетнамын далайн өмнөд хэсгээс Малайзын баруун эрэг хүрэлх өргөн хүрээнд самналт хийж байгаа аж.

Түүнчлэн Вьетнамын албаныхан өнөөдөр /III.10/ “Boeing 777-200ER” онгоц агаарт дэлбэрч, юу ч үгүй сүйрсэн байж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байна.
 
Малайзын агаарын тээврийн холбоо тасарсан “MH370” нислэгт 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүн зорчиж явсан юм. Сураггүй болсон “Boeing 777-200ER” онгоцонд Хятадын 153, Малайзын 38, Индонезийн долоо, Австралийн зургаа, Энэтхэгийн тав, Францын дөрөв, Америкийн гурав, Шинэ Зеланд, Украин, Канадын тус бүр хоёр, ОХУ, Тайван, Итали, Недерланд, Австрийн тус бүр нэг иргэн зорчиж яваа аж. Гэхдээ Австри, Италийн эрх баригчид сураггүй болсон онгоцонд өөрсдийн иргэн зорчиж явсан гэх мэдээллийг үгүйсгээд буй юм.

Б.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж