
“Челси” клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын урилгаар “Челси”-гийн бүх цаг үеийн чансаагаар гуравдугаарт бичигддэг мэргэн бууч, домогт хөлбөмбөгч Керри Диксон өнөөдөр, маргааш хоёр өдрийг Монголын хөгжөөн дэмжигчидтэй өнгөрөөх юм. Тэрээр өнөөдөр Монгол дахь албан ёсны клубын нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд клубынхээ 109 жилийн ойг Монголд өнгөрүүлэх нь.
“Челси” клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клуб болон “EVENTO”-гийн урилгаар манай улсад ирж байгаа Диксон өнөөдөр орой “VLVT” дэмжигчидтэйгээ уулзалт хийнэ. Энэ үеэр “Челси”-гийн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд тоглолт үзэх азтанг тодруулах юм байна. Тэрээр Монголд хоёр хоногийг өнгөрүүлэхдээ өсвөрийн хөлбөмбөгчидтэй тусгай уулзалт хийнэ. Үүнээс гадна Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзах аж. Дашрамд дуулгахад, энэхүү арга хэмжээ нь “Chelsea TV”-ийн 20 минутын нэвтрүүлэг болон гарах бөгөөд “Боловсол” суваг телевизтэй хамтран бэлтгэж байгаа аж.