2014 оны төсвийг батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга, байгууламжийг царцаасан. Өөрөөр хэлбэл, олон жил он дамжин хийгдэж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, төсвөөс мөнгөө авсан ч барилгын ажил нь эхлээгүй гээд олон шалтгаантай төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга, байгууламжид хөрөнгө оруулахыг түр зогсоосон юм. Ингэснээр царцаасан төсвийн төслүүдэд Аудитын шалгалт хийж, хэдэн барилгыг цааш үргэлжүүлэх, хэдэн барилгыг санхүүжүүлэх, хэдэн барилгын ажлыг түр зогсоож, ирэх оны төсөвт суулгах шийдвэрийг гаргахаар болсон билээ. Аудитын ерөнхий газраас шалгалтаа дуусгаж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Төсвийн байнгын хороо аудитын шалгалтын дүнг хэлэлцээд, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналд хүрсэн юм. Тиймээс ээлжит бус чуулганы хуралдааны хамгийн эхний хэлэлцэх асуудал нь царцаасан төсвийн аудитын шалгалтын дүн байх юм. Энэхүү шалгалтын дүнгээс хамааран 2014 оны төсвийн тодотголын төслийг батлах болно.
Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт юм. УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах байсан ч гишүүдийн олонхид нь хэлэлцэх асуудлын жагсаалт “таалагдаагүй” учраас энэ төсөл унасан. Уг нь бол УИХ хавар, намрын чуулганы хаалтын өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг уламжлалтай. Гэтэл 2014 оны Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон төслүүдийг батлахдаа намуудын төлөөлөлтэй ярилцаагүй, МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл, тэдний санаачилсан хуулийн төслүүдийг оруулаагүй гэх шүүмжлэл дагуулснаар жагсаалтыг батлалгүй хойшлуулсан юм. Тиймээс одоо ээлжит бус чуулганы хуралдаанаар хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах бөгөөд өмнөх унасан жагсаалт нь хэвээр орж ирнэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдээд буй.
Ямартай ч ээлжит бус чуулганы тов, хэлэлцэх асуудлыг албан ёсоор зарлаагүй ч хэлэлцэх чухал гурван асуудал нь 2014 оны төсвийн тодотгол, аудитын шалгалтын дүн, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт байх нь тодорхой байна. Эдгээрээс ээлжит бус чуулганы хамгийн чухал асуудал нь 2014 оны төсвийн тодотголын төсөл байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах төлөвтэй байна.