“Бүсгүйчүүдээ дэмжих мэдрэмж хамгийн сайхан санагддаг”

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

“Бүсгүйчүүдээ дэмжих мэдрэмж хамгийн сайхан санагддаг”

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Гранд сэтгүүлээс дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Grand people-2013” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 3-сарын 14-ний өдөр болно. Уг ёслол хүндэтгэлийн ажиллагааг санаачлан зохион байгуулагч “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Гранд сэтгүүл хэвлэгдэн гарсан цагаасаа хойш уг ёслол хүндэтгэлийн ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулсаар ирсэн. Ямар зорилгоор анх санаачилж байсныг ярилцлагынхаа эхэнд асуумаар санагдлаа?

-“Grand people” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулах болсон нь бас ч гэж сонин түүхтэй. “Гранд”сэтгүүл 2010 оны аравдугаар сарын 12-ны өдөр анхныхаа дугаарыг өлгийдөн авч байлаа. Сэтгүүл гараад нэг их удаагүй, 12-р сарын сүүлчээр надад хүмүүнлэгийн салбарт ямар нэгэн хүнд тустай ажил хийх санаа төрсөн юм. Тэгээд л найзтайгаа хамт Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр багштай очиж уулзсан.

-Та Ж.Дүгэр багшид чухам ямар санал тавьсан бэ?

-Миний санал бол ирээдүйд өсөн дэвжих авьяастай хүүхдүүдийг сонгон авч,  сургууль соёлд сургах, цаашлаад амьдралд нь хүргэх тал дээр туслах явдал байсан юм. Санаагаа хэлэхэд Ж.Дүгэр  багш эргүүлээд бас их сонин болзол бидэнд тавьсан. Шинэ жил болох гэж байсан үе л дээ, “Саяхан манай төвд Жеки Чан ирээд, бүх ангиудыг маань компьютержүүлсэн. Харин та нар нэг өнгөт принтер аваад өгчих, бид урилгаа хэвлүүлмээр байна. Бас нэг ангийг маань сайхан чимэглээд өгвөл сайн байна. Хүүхдүүдээ баярлуулъя. Тэгвэл хүүхдүүдээ гаргаад хамтарч ажиллаж болох юм гэсэн утгатай юм ярьсан. Тэр санал нь надад нэлээд эмзэг, сонин сэтгэгдэл төрүүлсэн л дээ.

-Эмзэг, сонин сэтгэгдэл төрсөн гэхээр?

-Бид нийгмийн сайн сайхны төлөө л ямар нэг ажил хийе гэж бодсон болохоос биш, өөрсдийгөө рекламдах гэж тэнд очоогүй. Тэр тусмаа тэдгээр өнчин хүүхдүүдийн байх байхгүйн зовлон дээр тоглож, бизнес хийх гэсэн санаа агуулаагүй байсан учраас арай өөр хэлбэрээр нийгмийн сайн сайхны төлөө ажил өрнүүлэх хэрэгтэй юм байна аа гэсэн бодолтой тэндээс гарсан.

-Тэгэхээр хүмүүнлэг үйлсийг арай өөр талаас нь харах гарц олсон гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Тэгээд л  гарч яваад бодлоо. Ер нь яагаад заавал хэдэн өнчин хүүхдүүдэд хувцас тарааж өгөх юм уу, тэдэнд хандсан үйл ажиллагаа зохион байгуулснаар  хүмүүнлэг үйлс болох ёстой гэж бодоход хүрсэн. Яг энэ бодлын үүднээс анх “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулах санаа төрж байсан юм. Нөгөө талаас би өөрөө феминист үзэлтэй хүн болохоор эмэгтэйчүүд рүү чиглэсэн  үйл ажиллагаа хийх дуртай ч байв.

-Анхны“Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдаж  байсан түүх нь бас их сонин байж болох юм. Энэ талаар?

-Ингээд л эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжье, тэдний нийгмийн хариуцлагын түвшинд хийж байгаа үйлсийг алдаршуулъя гэдэг зорилготойгоор 2011 оны хоёрдугаар сараас эхлэн бэлтгэлээ хийсээр, зохион байгуулж байлаа. Одоо бодоход их л зоригтой дайрч орсон байгаа юм. Сэтгүүл маань дөнгөж дөрөв дэх дугаараа гаргасан залуухан байж. Гэхдээ бид анхны гэлтгүй маш сайн зохион байгуулж байлаа. Энэ арга хэмжээгээ өргөжүүлэн тэлсээр энэ жил дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн жилээс “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагаа цар хүрээгээ тэлэн,  эрчүүдээ мөн алдаршуулах зорилгоор “Grand people”  нэртэйгээр зохион байгуулагдах болсон.

-Эрчүүдийг нэмэх санаа яаж төрөв?

-Эрчүүдийн номинацийг нэмэх санаа нь яг минийх биш. Ерөнхийдөө хоёр жил дараалан “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулснаараа бид тодорхой хэмжээний туршлагатай болсон л доо. Хараад, ажаад байхад нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд эрчүүд ч мөн эмэгтэйчүүдээс дутахааргүй гар бие оролцож, түүчээлдэг. Тэгээд л зохион байгуулагчдын зүгээс санал нэгтэйгээр эрчүүдийг мөн хамруулах, энэ үйлсэд оролцож байгаад нь урамшуулах зорилготойгоор нэмсэн. Энэ жил хоёр дахь удаагаа “Grand people”  ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. 

-Олон нийтийн санал асуулгын өмнө номинацуудад нэр дэвшигчдийг танайхаас тодруулдаг уу? 

-Сэтгүүлзүй өөрөө дөрөв дэх засаглал. Бүтэн жилийн турш сар тутам  сэтгүүлээ бэлдэх хугацаандаа явуулсан тандалт, судалгаа, ажиглалтан дээрээ үндэслэж,  манай сэтгүүлийн редакци, зохион байгуулах комисс ярилцаж байгаад Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт  манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүд, эрчүүдээ нэрлэдэг юм. Уг нэрсийг  бид олон нийтэд нээлттэй хэлбэрээр  тодорхой хугацаанд онлайн санал асуулга явуулдаг. Санал асуулгаар эрэгтэй, эмэгтэй төрлүүдээс зургаан номинацид шилдгийг тодруулдаг уламжлалтай.  Өөрөөр хэлбэл, эцсийн дүнг олон нийт гаргадаг гэсэн үг.

-Тэгвэл эдгээр номинациудаас арай өөр, танай сэтгүүлийн нэрэмжит, хамгийн хүндтэй шагнал  болох ХҮНДЭТ “Grand man” болон “Grand lady”өргөмжлөлүүдийн талаар?

-Энэ өргөмжлөл арай өөр сонгон шалгаруулалтаар  эзнээ олдогоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл уг өргөмжлөлийн эздийг шууд манай сэтгүүл, зохион байгуулах комисс өөрсдөө нэрлэдэг. Олон нийтийн санал асуулгад үндэслэхгүйгээр, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсийг санаачлагчдыг тэргүүлсэн эрхмүүдийг бид нэрлэдэг гэсэн үг. Өнгөрсөн жилээс энэ шагналыг бий болгосон.
 
-Номинациудад нэр дэвшиж буй эрхмүүд танай сонголтыг их л хүндэтгэдэг юм шиг санагдсан?

-Манай шагнал өөрөө их өвөрмөц. Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч манлайлагчдыг алдаршуулахад чиглэсэн байдаг учраас нэр дэвшигчдэд урам хайрладаг. Бид нэр дэвших болсныг нь  албан бичгээр мэдэгдснээр, шаардагдах зураг хөрөг, намтар сэлтийг нь бэлтгэн, онлайн санал асуулгад оруулах үүрэг хүлээнэ. Ер нь нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч  гэдэг үүднээсээ манай санал асуулгад нэр дэвших  нь өөрөө үнэ цэнэ юм гэж боддог. Тодруулбал, нэг номинацид нэг салбарын нэг ижил зиндааны хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Энэ нь нэр дэвшсэн хүн бүхэн нийгмийн хариуцлагатай, амжилттай, бүтээлтэй байсан гэсэн үг. Мэдээж бүгдээрээ өргөмжлөл гардах боломжгүй учраас эдэн дундаас нэг шилдгийг олон нийтийн саналаар тодруулдаг.

– Зохион байгуулалтын нөр их ажлаа амжуулах гээд завгүй байна уу?

-“Grand people”  ёслол хүндэтгэлийн ажиллагааг жилийн жилд маш сайн, мэргэжлийн түвшинд  зохион байгуулагдсаар ирсэн. Жирийн нэг парти, уулзалтын ажил биш болохоор манайх мэргэжлийн байгууллагад хандан хийлгэдэг. Сүүлийн үед  энэ төрлийн томоохон ажлууд их өвөрмөц, сонин содон шийдлүүдээр дүүрэн байх болсон. Тиймээс  бид сэтгүүлийнхээ нийтлэлийн бодлого, цаашлаад онлайн санал асуулгынхаа явцад илүү анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Танай сэтгүүл сүүлийн үед томоохон нэр хүндтэй шагналуудыг“түүх”болсон. Амжилт, бүтээлүүдийн тань  талаар эрхлэгчийн үгийг сонсмоор санагдчихлаа?

-Баярлалаа. “Гранд” сэтгүүл маань хоёр жил дараалан ”Болор үзэг” наадмаас “Шилдэг сэтгүүл”-ээр шалгарсан.  Мөн “BEST OF MONGOLIA-2013”-т  олон нийтийн санал асуулгаар  хамгийн өндөр санал авсан оны шилдэг 77 байгууллагын эгнээнд “Шилдэг сэтгүүл”-ээр бичигдсэн нь бидэнд ажлын эрч хүч, урам хайрласан явдал болсон. Мөн өнгөрсөн жил хувийн зүгээсээ 12 жилийн сэтгүүлчийн туршлагадаа үндэслэн “Гранд хүмүүс” ярицлагын номоо уншигчдын хүртээл болгосон байгаа.

– Ярилцсанд баярлалаа.

Ж.МЯДАГБАДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж