Онгоцны хаалга байж болох зүйл олджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Онгоцны хаалга байж болох зүйл олджээ

Малайзын нийслэл Куала Лумпур хотоос Бээжинг зорин ниссэн “Malaysia Airlines”-ын MH370 нислэг сураггүй болоод бараг хоёр хонож байна. Тэгвэл, Вьетнамын тэнгисийн цэргийнхэн 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнийг тээвэрлэж явсан Boeing 777-200ER онгоцны сэг байж болох зүйлийг олж илрүүлсэн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна.

Олон улсын хамтарсан эрлийн багийнхан эрлийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж буй бөгөөд онгоцонд сууж явсан хоёр зорчигч хулгайлагдсан пасспорттой ниссэн тухай CCTV-гээр нэвтрүүлсэн мэдээллийг мөрдөгчид шалгаж эхэлсэн байна.

Орон нутгийн цагаар бямба гариг /III.08/-ийн 00:41 цагт Куала Лумпураас хөөрсөн MH370 нислэг 06:30 цагт газардах ёстой байсан ч хөөрснөөс хойш ердөө нэг цаг орчмын дараа радарын дэлгэцнээс алга болж, сураггүй болжээ. Онгоцыг Вьетнам, Малайзын ойролцоо далайд унасан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Хамгийн сүүлийн буюу ням гаригийн оройн мэдээллээр Вьетнамын албаныхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлийг Вьетнамын өмнөд зүгт тэнгисээс илрүүлсэн тухай мэдэгдээд байна. Тодруулбал, То Чу арлаас баруун өмнөд зүгт 90 км зайд нисэх онгоцны сэг байж болох хоёр хэсэг зүйл илрүүлсэн гэнэ. Тэдгээр нь онгоцны хаалга байж магадгүй юм байна. Энэ нь бямба гаригт Вьетнамын тэнгисийн цэргийнхний тэнгисийн уснаас тос илрүүлсэн газартай бараг давхцаж буй ажээ.

Одоогоор сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажиллагаанд есөн улсын 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц оролцож байна.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж