Найруулагч С.Бямба:
-Урлаг бол тухайн цаг үеийн нийгмийн толь шүү дээ. Урлаг зогсонги байна гэж байгаа бол нийгэм нь тийм байна гэсэн үг. Тэр нийгмийг хувь хүмүүс бүрдүүлдэг. Мөн чанартаа бол бүх зүйл хувь хүнээс шалтгаалдаг. Тэр тусмаа урлаг бол үргэлж хувь хүнтэй холбоотой. Тэр хүмүүс нийгмийг бүрдүүлдэг, урлагийг ойлгохгүй, мэдрэхгүй байгаа хүн нь давуу байгаа учраас урлаг ийм байдалтай байгаа юм. Тиймээс уран бүтээлчдийг зохиолын дуу дуулж байна, хошин шогт тоглож байна гээд буруутгаад байх нь утгагүй зүйл л дээ. Нийгмийн шаардлагыг л дагана шүү дээ. Тиймээс бид энэ нийгмийг өөрчлөх гээд үзээд байгаа юм. Энэ нийгмийг бид нар л өөрчлөхгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Ардчилал гэж ярьчихаад сонголтгүй байгаа юм. Тиймээс сонголтыг бид нар өөрсдөө гаргах ёстой юм л даа. Урлагийг бизнес болгочихсон үед нийгмийн үнэ цэнэ байхгүй болчихсон байна. Үүнийг л зогсоохын тулд явж байгаа юм.
Зураач Д.Ариунсайхан:
-Нийгмийн хөгжил бол угаасаа урлагийнхантай шууд холбоотой юм. Нэмж хэлэх юм алгаа. Бямбаагийн хэлснээс илүү ухаантай зүйл яаж ярих гээд яах вэ. /Инээв/
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх:
-Урлаг хөгжихгүй байна гэж байхгүй. Харин арагшаагаа хөгжөөд байна уу, урагшаагаа хөгжөөд байна уу гэдэгт л учир нь байна. Зогсонги байна гэж байхгүй. Дэлхийн аль ч улс оронд санхүүгийн ач холбогдолтой бүтээлүүд гарч байдаг, Сэтгэхүйн ач холбогдолтой уран бүтээлүүд гэж бас бий. Эдгээрийн аль нь илүү хөгжиж байгаад л учир нь байх шиг байна. Хөгжмийн тал дээр ч ялгаагүй. Нийтийн дууны концертыг хүмүүс үзэх гэж дугаарлаж л байхад бид муу гэж дүгнэхэд бэрх шүү дээ. Үе үеийн уран бүтээлчид нэг үе чинээлэг, нэг үе уналтанд байдаг. Зарим нь бүр үхчихсэн хойно нь уран бүтээлүүд нь дэлхийн сонгодог болоод л явж байна шүү дээ. Уран бүтээлч хүний хамгийн эцсийн үг нь үнэн байх юм болов уу гэж боддог.