
Найруулагч С.Бямба киноныхоо тухай ийн өгүүлж байна.
-Анх уран бүтээлээ хийж байхдаа Олон улсын кино наадмаас шагнал хүртэнэ гэж бодож байв уу?
-Мэдээж хэрэг кино маань олон улсын кино наадамд оролцоод явж байхад сэтгэл өндөр байлгүй яахав. Энэ чинь цаанаа Монголын нэрийг гаргаад явж байгаа юм л даа. Өнгөрсөн бүх хугацаанд Монголын кино л хоцорчихсон, бид нар кинотой ч юм уу киногүй ч юм уу их мэдэгддэггүй байсан. Энэ бол үнэхээр харамсалтай. Түүхээ харах юм бол бид нар чинь 70-аад жилийн туршлагатай. Тиймээс Монгол киног дэлхийн сонорт, үгүйдээ л Азидаа гаргах нь их чухал. Тийм ч учраас уг киног хийсэн. Анх хийж байхдаа бид нар болж өгвөл хэдэн наадамд оролцуулаад үзчих юмсан гэсэн бодол байсан. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол уран бүтээлчдийгээ урьж авчирсан. Манай зураач, хөгжмийн зохиолчид маань өөриймсөг ажилласанд би их баяртай байгаа.
-Киног бүтээхэд хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Яг кино хийж байхад онцгой хүндрэл гээд байх юм гайгүй дээ. Бас овоо хэдэн жил ажилласан, ерөнхийдөө кино хийхэд ямар саад бэрхшээл гардагийг мэддэг хүмүүс нэг баг болж ажилласан болохоор зураг авалтын үед хүндрэл учраагүй.
-Гол дүрийн эрэгтэй жүжигчин их сонирхолтой санагдсан. Миний бодлоор тэр жүжигчин дүрээ их сайн гаргаж байх шиг байсан?
-Зохиолын анхны хувилбарт арай бага насны хүүхэд дүрслэгдсэн байсан. Эхлээд бид нар тийм бага насны сайн жүжигчин хайгаад олоогүй. Гадна төрх нь төсөөлж байсантай дөхүү хүүхэд мэр сэр байсан ч жүжиглэлт нь нийцэхгүй байсан. Зураг авалт эхлэх болчихоод байдаг, хүүхэд олдохгүй бид нар нилээд сандарч эхэлсэн л дээ. Тэгээд проб хийж байтал Цэцгээ эгчийн шавь туслах дүрд тоглох гэж шалгуулахаар орж ирсэн. Тэр хүүхэд өөрийнхөө хамаатны хүүхэд гээд өндөр хүүхдийг дагуулаад ирсэн байсан. Цэцгээ эгчийн шавь нь кино урлагийн дээд сургуулийн оюутан. Түүнийг шалгуулчихаад явах гэхэд хамт ирсэн найз нь нүдэнд туссан. Тэгээд түүнийг шалгуулахыг хүсэхэд нэг орос дуу дуулсан юм. Тэр дуугаа их сэтгэлээсээ дуулж байхыг нь хараад сонирхол татсан л даа. Чи ахиад нэг дуу дуулаадахдаа гэтэл “Би монгол дуу мэдэхгүй” гээд нэг англи дуу дуулсан юм. Анагаах ухааны дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан байсан. Гаднах төрх нь бид нарын бодож байгаа шиг биш ч дотроо юм байгаад байдаг. Нилээд хэдэн удаа дуудаж үзсэн. Ирэх бүрдээ бид нарт таалагдаж байсан шүү. Тэгэж тэгэж ерөөсөө зохиолыг нь өөрчилье гэж шийдсэн . Тэгээд гол дүрийн баатрынхаа насыг нь нэмж, киноныхоо нилээд хэдэн хэсгүүдийг авч хаясан л даа. Бага насны хүүхдүүдэд зориулсан хэсгүүдийг хассан. Ингэж л гол дүрийн баатраа олсон юм.
Д.Ариунсайхан зураач Берлин хотноо ажиллаж амьдардаг. Тэрээр Германы болон Европын найруулагчдын бүтээл дээр ажиллахын зэрэгцээ өөрийн төгссөн Потсдам –Бабелсбергийн Кино, Телевизийн дээд сургуульдаа багшилдаг аж.
-Киноны зураачийн хувьд энэ кинонд ажиллахад ямар байсан бэ. Таныг өмнө нь Монгол кинонд бараг ажиллаж байгаагүй гэж сонссон юм байна?
-Монголд би хоёр л кинонд зураачаар ажиллалаа. Өмнө нь “Хадаг” гээд кинонд ажилласан. “Хадаг” кино ч бас 1990-ээд оны уур амьсгалтай байсан л даа. Гадаадад ч юм уу, Германд, ОХУ-д хийсэн түүхэн кинонууд бий. Монголд бол түүхэн кино хийж үзээгүй. Хүмүүс түүхэн кино бүтээсэн зураачийн ажлыг сайн үнэлээд, түүхэн биш кинонд зураачийн бүтээлийг үнэлдэггүй юм. Зураачийг орчин үеийн кинонд хийх ажилгүй гэж боддог нь их буруу юм.
-Зураачийн ажил арын албанд байдаг учраас тэр байх л даа. Ер нь киноны зураач юу хийдэг юм э. Тухайн киног зураг авахаас өмнө бүгдийг нь зурна гэсэн үг үү?
-Тэгэж ойлгож болно. Би өөрөө ерөнхий зураачаар ажиллаж байгаа нөхцөлд “story book” хийдэг. “Story book” гэдэг чинь тухайн киноны зохиолыг дүрсжүүлнэ гэсэн үг шүү дээ. Кино гэдэг бүхэлдээ зургийн ажил. Зураач нар киноны үйл явдалд нь, утга санааг нь дэмжих гэж ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Кино төсөл бүрээсээ шалтгаалаад зураачийн ажил жаахан ялгаатай л даа. Ерөнхийдөө биччихсэн зохиолыг дүрсжүүлэх эхний алхмыг зураач хийдэг.
-Монголд кино зураач мэргэжлээр ажилладаг хүмүүс олон байдаг уу?
-Монголын кинонд ажиллаж байгаа зураач гэвэл 30 гаруй хүн байх шиг байна. Кино мэргэжилтэн олон, эсвэл цөөн байна гэдэг тухайн улсын кино хөгжилтэй холбоотой, сургалттай нь хамааралтай. Германд энэ мэргэжлээр 800-аад хүн ажиллаж байх жишээтэй. Зөвхөн ерөнхий зураачаар шүү дээ.
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин, удам залгасан уран бүтээлч билээ. Тэрээр мөн АНУ-д ажиллаж амьдардаг.
-Алсын удирдлага кинонд хөгжмийн зохиолчоор ажиллахад бусад киноноос ялгаатай тал нь юу байсан бэ?
-Найруулагч Бямбаатай урьд нь хамтран ажиллаж байсан “Хүсэл шунал” киноноос их өөр кино байлаа, энэ кино. Алсын удирдлагаас их юм сурсан, Бямбаад их ч загнуулсан. Би киноны хөгжмийн хувьд тийм ч их туршлагатай хүн биш. “Алсын удирдлага” миний гурав дахь кино шүү дээ. Хүмүүс кино үзээд яагаад уйлдаг вэ, яагаад айдаг вэ, яагаад инээдэг вэ гэхээр энэ бүхнийг хөгжим үнэмшүүлээд байгаа юм. Хөгжимгүй ч кино байдаг л даа.
Хөгжим бол кино бүтээлд үнэрийг өгдөг гэж би хувьдаа боддог. Киног хоол гэж бодоход нэг сайхан бууз жигнэлээ гэхэд үнэр үнэртэхгүй бол ямар байх вэ. Энэ хоол бол үнэхээр сайхан амттай хоол гэдгийг хоолны үнэр хүнд итгүүлдэг шиг киноны хөгжим итгэл үнэмшил төрүүлж байдаг. Кино урлагт аль нэг нь ихдэхээрээ, эсвэл багадахаараа утаггүй болчихдог. Их дуу чимээ, хөгжим дуугараад л байвал чихэнд чийртэй биз дээ. Тиймээс жор тунг нь тааруулах мэдрэмж бас хэрэгтэй.
-Дараагийн уран бүтээл тань юү бол?
-Уран бүтээлч хүн чинь нэг бүтээл хийж байхдаа дараагийнхаа уран бүтээлд аль хэдийнээ орчихсон байдаг. Ер нь уран бүтээлч хүн зогсохгүй л дээ. Бид нар чинь одоо ч гэсэн уран бүтээлээ бодоод л сууж байна гэсэн юм.
Кино бол хамтын уран бүтээл. Үзэгчдэд хамгийн ихээр нөлөөлдөг жүжигчдийн дүрээс гадна найруулагч, зураач, зураглаач, хөгжмийн зохиолч, дуучин гээд киног амилуулж, хүмүүсийн сэтгэлд хүргэдэг олон уран бүтээлчийн хүч хөдөлмөр хөшигний цаана өрнөж байдаг. Тиймээс ч нэгэн нэртэй найруулагч “Арын албагүй кино амьгүйтэй адил” гэж хэлсэн байдаг. Түүний онч үгээр киноны арын албаны ажилтнуудынхаа ярилцлагыг гарчигласан юм. Арын албаны дайчдын яриа танд нэгийг өгүүлсэн байх гэж итгэж байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №052