“Гэрт орж эм, гадаа гарч эр болно”

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

“Гэрт орж эм, гадаа гарч эр болно”

-Монгол Улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд-

Мартын наймны баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ, өнгөрсөн амралтын өдрүүдээр. Улаан сарнай, дарс, амтат бялуу, зөөлөн чихэр хамгийн гүйлгээтэй байлаа. Нөхөр, хүү гээд гэрийн эр хүйстэн гэр орны тоос шороогоо цэвэрлэж, гарын хоолоо бэлдэв. Жил болгоны Мартын найман ийм л байдлаар өнгөрдөг.

Мартын наймнаар зад баярладаг бүсгүйчүүд Монголд юу бүтээж байна вэ? Хүн амын тооллогоор Монгол Улсын хүйсийн бүтэц онцын зөрөөгүй, ойролцоо. 2010 оны хүн амын тооллогоор 1,313,968 эрэгтэй, 1,333,577 эмэгтэй тоологджээ. Хөдөлмөрийн яамны өнгөрсөн оны мэдээгээр Монгол Улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Үүнээс харахад жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгч нарын 85 хувь эмэгтэйчүүд байна гэсэн тоо анхаарал татаж байгаа бөгөөд үүнээс баялаг бүтээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэсэн дүгнэлтийг хийж болно. НҮБ-ын эмэгтэйчүүдийн талаарх тайлан илтгэлд “Эмэгтэйчүүд төрөлхийн шударга, уян хатан, тууштай, дайчин зан чанартай байдаг нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь маш том давуу тал болдог” гэжээ.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын мэдээгээр тус байгууллагын гишүүн байгууллагуудын дөнгөж 10 хувийг буюу 2500-аас 260 нь эмэгтэй удирдлагатай гэсэн статистик байна. Гэвч 2010 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн дотор эмэгтэй захиралтай 26 компани багтсан эмэгтэй захирлаар удирдуулж байгаа компаниуд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь чамгүй болохыг харж болно. Эд бүгд хувийн хэвшлийн компаниуд. Нийт эдийн засгийн дүр зургаа харахад манай улсын ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлж, нийт ажиллах хүчний 88 орчим хувийг ажлын байраар хангаж байна.Ингээд бодохоор эмэгтэйчүүд улсынхаа эдийн засагт маш дорвитой хувь нэмрийг оруулж байна.Энэ бол бүс нутагтаа байхгүй үзүүлэлт юм.

Жишээ татахад, Японы Ерөнхий сайд Шинзо Абе улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Дэлхий нийтэд “Абеномикс” гэж нэршээд байгаа түүний энэ хөтөлбөрт эмэгтэйчүүд чухал байр суурийг эзэлж байна. Уламжлал ёсоор япон эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөж, эр нөхрөө халамжлах л үүрэгтэй. Орчин цагийн япон бүсгүйчүүд гэр бүл болох хүртлээ хөдөлмөрлөж байгаад эхний хүүхдээ гарангуут хүссэн хүсээгүй гэртээ суун уламжлалт үүргээ гүйцэтгэж байгаа. Абе-гийн үзэж байгаагаар япон эмэгтэйчүүдийн ашиглагдахгүй байгаа хөдөлмөрийн хүчийг ашиглаж чадвал эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж чадна гэж тооцож байгаа юм. Японы COSMO компанийн гүйцэтгэх захирал, хатагтай Куми Сато “Япон эмэгтэйчүүдийн 60 хувь дээд боловсролтой,  гэсэн ч эхний хүүхдээ төрүүлсний дараа бүгд гэртээ сууцгаадаг. Японд үнэндээ хүүхдээ өсгөж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлого, дэд бүтэц байхгүй байгаад учир байгаа юм” хэмээн CNN телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өмнөд Солонгост ч мөн Японтой ижил. Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ ч мөн эмэгтэйчүүдийг эдийн засагт илүүтэй татан оролцуулах хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн байсан.

Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум болон бусад судалгаа шинжилгээний байгууллага,  их дээд сургуулиуд, корпорациудын хийсэн олон судалгаагаар эмэгтэйчүүдэд хийсэн хөрөнгө оруулалт маш өндөр үр өгөөжтэй байдгийг нотолж  байна. Дэлхийн банкны тодорхойлсноор “Эмэгтэй бизнес эрхлэгчид бусдын төлөө их зүйлийг хийж чадна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн өсөлтөд илүү үүрэг гүйцэтгэж, ажлын байрыг бий болгодог нь баримт нотолгооноос харагддаг. Мөн эмэгтэй эзэдтэй компаниуд өсөлтийн түвшин нь өндөр, зээлийн эргэн төлөлт нь илүү найдвартай байдаг” гэжээ.

Монголын төрийн байгууллагуудын бүтээмжид эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгаа талаар дорвитой судалгаа олж чадсангүй. Хөндлөнгөөс ажигласнаа хэлэхэд дунд шатны гүйцэтгэх ажлын дийлэнхийг хүүхнүүд нугалж байгаа гэж бодогддог.

Энд өгүүсэн зүйлүүдээр монгол эрчүүдийн нийгэм, эдийн засаг дахь үүрэг ролийг бүдгэрүүлэх зорилго агуулаагүй, бас өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, тусал, харж ханд гэж гоншигонохыг хүссэнгүй. Зүгээр л амьдралын төлөө тэмцэж яваа, ар гэр, үр хүүхдээ халамжлах уламжлалт үүргийнхээ хажуугаар Монголын баялгийг бүтээгч болж байгаа эмэгтэйчүүдээрээ бахархах гэсэн юм. Монголчууд бид үүнийг “Гэрт орж эм, гадаа гарч эр” болно гэдэг дээ.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №052

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж