Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

ХОНИНЫ ОРД

Тааламжтай долоо хоног. Уур бухимдал, таагүй зан авираа зөв жолоодож чадвал таныг бүр гайхалтай гэж дуу алдмаар долоо хоног хүлээж байна. Хамт олон тань таныг бүх талаас дэмжиж, багаар ажиллах бүтээмж маш өндөр байх болно. Та аливаа зүйлд анхдагч, манлайлагч байхыг хичээж, энэ хэрээр удирдлагууддаа үнэлэгдэнэ. Гэхдээ элдэв шагнал, урамшуулал, тушаал дэвших тухай хүлээгээд хэрэггүй. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай байх бололтой. Арьс, эсвэл мэдрэлийн системийн өвчлөл тусч магадгүй. Хоол хүнсэндээ анхаар.

ҮХРИЙН ОРД

Ажил мэргэжлийн хувьд ч, ар гэрийн асуудлууд ч таны хүссэнээр бүтэмжтэй байна. Өнгөц зүйлд хууртахгүйгээр аливааг бодитоор дүгнэх чадвар тань өндөр байх болно. Тооноос илүү чанар чухал гэдгийг мэдэрснээр таны ажлын бүтээмж сайжирч, эргэн тойрныхон тань таны чадварыг хүлээн зөвшөөрөх болно. Таныг болон ойр дотны хүний сэтгэлийг зовоох таагүй мэдээ сонсч магадгүй. Ямар ч нөхцөл байдалд хүлээцтэй, уужуу тайвнаар хандаж, нухацтай бодсоны эцэст шийдвэр гарга. Гэр бүлийн харилцаа дотно, халуун дулаан байх болно.

ИХРИЙН ОРД

Өөрийнхөө давуу талыг бусдад мэдрүүлэх ямар нэг алхам хийхгүй бол хэн ч таныг мэдэрч чадахгүй. Ажилдаа хандах хандлагадаа ч анхаар. Хичээж чадвал тушаал дэвших, цалингаа нэмэгдүүлэх боломж ойрхон байгааг санаарай. Бизнесменүүдийн хувьд түнштэйгээ тун аятайхан тохиролцоо хийж чадна. Гол нь өөртөө итгэлтэй, хийж буй, хэлж буй, хийх гэж буй зүйлдээ итгэл төгс байгаарай. Олон нийтийг хамарсан хэд хэдэн арга хэмжээнд оролцсоноор танилын хүрээгээ өргөсгөх болно. Амралтын өдрүүдийг дотны хүмүүстэйгээ ая тухтай өнгөрүүл.

МЭЛХИЙН ОРД

Хайр дурлалын харилцаа идэвхтэй байх долоо хоног. Хэрэв та гэрлэсэн бол эхнэр /нөхөр/-ийнхээ хайр халамжийг мэдэрч, романтик байх болно. Харин ганц бие мэлхийнхний хувьд хайр дурлалтай учрах магадлалтай. Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэсэн бол насан туршийнхаа ханийг олсон гэж бодоод харилцаандаа илүү нухацтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Мөнгөний асуудал таныг нэг их зовоохгүй. Харин эрүүл мэнддээ анхаараарай.

АРСЛАНГИЙН ОРД

Энэ долоо хоногт таны хувьд хамгийн чухал асуудал мөнгө, санхүүтэй холбоотой байх болно. Цалингаасаа гадуур хэрхэн нэмэлт орлого олох, мөнгөө хэрхэн хуримтлуулах, хэрхэн ашигтай зүйлд зарцуулах талаар толгойгоо гашилгах болно. Амин чухал шаардлагатай үед бусдад санхүүгийн тусламж үзүүлэх ямар чухал гэдгийг та мэдэх хэдий ч өөрийнхөө байдлыг бодоод та дотны найздаа туслахаас татгалзах бололтой. Ажлын хувьд сүүлийн үед хэт ачаалалтай ажилласныхаа үр шимийг амсах болно. Орлого урьдын адил байх хэдий ч ажлын хүрээнд статусаа сайжруулж чадна.

ОХИНЫ ОРД

Удаан хугацаанд санаа зовж байсан асуудлуудаа шийдэх гэж нэлээд санааширсан, бодолд автсан доло хоногийг өнгөрүүлэх болно. Удирдлагуудаасаа зэмлэл сонсч, дуусгаж амжаагүй төсөл, төлөвлөгөөгөө яаралтай гүйцэтгэхийг даалгах болно. Хэдий хүндрэлтэй байх ч даваад гарсны дараа ямар сайхан мэдрэмж төрөхийг төсөөлөөрэй. Эрч хүч, нөөц бололцоогоо зөв хуваарилж, ажлын амины элдэв асуудлаа амжуулахыг хичээ. Таны энэ завгүй, ажилчин зөгий мэт байдал гэр бүлийнхэнд тань таагүй сэтгэгдэл төрүүлэх хэдий ч эцэстээ тэд таныг ойлгох болно.

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Илүү боломжийн, ашигтай ажлын санал, ахиухан мөнгө олох боломжийн санал хүлээн авах бололтой. Та ямар ч шийдвэр гаргаж болно, гэхдээ бүх талаас нь нухацтай бодож байж шийдээрэй. Таны амьдралын хэв маяг хэчнээн уян хатан байсан ч өөрчлөлт хийхдээ анхааралтай байх нь зүйтэй. Гэр бүлийнхний тань хувьд орлого болоод ажлын цаг зэргийг харгалзан таныг одоогийн ажлаа солихыг дэмжих байх. Гэхдээ эцсийн үр дүн ямар байх эсэхийг сайтар ярилцаарай. Эрүүл мэнддээ онцгой анхаараарай.

ХИЛЭНЦИЙН ОРД

Аливааг дүгнэж цэгнэсэн, өчүүхэн жижиг асуудалд ч нухацтай хандсанаар алдаа, алдагдал багатай байх болно. Үзэл бодол, сонирхол нийлдэг нөхөд тань таныг дагаж, хамтдаа амжилт олох болно. Ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл. Сүүлийн үед ажлын төлөө хэт завгүй, нойр хоолгүй байж, гэр бүлийнхнээ ч хайхраагүй гэмээ цайруулахыг хичээгээрэй.

НУМЫН ОРД

Эрч хүч, урам зоригоор дүүрэн үе. Хүнд хэцүү ажил ч танд амархан мэт санагдана. Мөнгө олох, цаг хугацаа, эрч хүч хэмнэх гээд аливаа зүйлд та одтой байх болно. Найз нөхөд, хамт олныхны дунд нэр хүндтэй байж, бусдыг удирдах чадвар тань нэмэгдэнэ. Нэгэн хэвийн уйтгартай ажил хийдэг бол цоо шинийг эрэлхийлэх хүсэл тань нэмэгдэж, шинэ ажлын үзүүрээс атгах бололтой. Сүүлийн үед ойлгомжгүй байсан хайр дурлалын харилцаагаа сайжруулж чадна.

МАТРЫН ОРД

Тааламжгүй долоо хоног. Бүх зүйл хяналтаас гарсан мэт санагдаж, таагүй мэдрэмж төрөх бололтой. Үнэндээ та байдлыг сайжруулахын төлөө ямар нэг алхам хийсэн эсэхээ бодож үзээрэй. Ажлын ачаалал, гэр бүлийн таагүй харилцаа, мөнгө, санхүүгийн байдал гээд сэтгэл түгшээх олон асуудал байгаа ч та тэдгээрийг нааштайгаар шийдэхийн тулд ямар нэг зүйл хийсэн эсэхээ сайтар бодоорой. Бүх зүйл таны гарт гэдгийг бүү март. Нөхцөл байдлыг уужуу тайвнаар тунгааж, гарах гарц олж хар.

ХУМХЫН ОРД

Хувийн асуудал давамгайлсан долоо хоног. Таны хувьд онцгой анхаарал тавих ёстой зүйл нь хайр дурлалын харилцаа болоод мөнгө санхүү. Таныг чиглэсэн мөнгөний урсгал саарч, тасалдаж эхэлсэн тул зардлаа хяна. Шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаас татгалзаж, дэлгүүр хэсэхдээ ч хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд эерэг олон зүйл ажиглагдана. Гол нь та хайртдаа цаг хугацаа гаргаж, хайр халамжаар дутаахгүй хичээх хэрэгтэй.

ЗАГАСНЫ ОРД

Энэ долоо хоногт таны амьдралд олон том өөрчлөлт гарах болно. Бизнесмэнүүдийн хувьд шинэ түнштэй болж, бизнесийн хүрээ огцом сайжрах магадлалтай бол “ажилчин зөгий”-нүүдийн хувьд тушаал дэвшиж, орлогоо нэмэгдүүлэх бололтой. Өнгөрсөн хугацаанд хичээснийхээ үр дүнг амссанаар та болон таны ойр дотныхон сэтгэл хангалуун байх болно. Эрүүл мэнддээ онцгой анхаарч, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №052

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж