Арьсны хавдар үүсэхэд нарны туяа нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Арьсны хавдар үүсэхэд нарны туяа нөлөөлдөг

Хавдраар өвчлөгдийн тоо нэмэгдэж, хүмүүс  хавдрыг  аюултай, эдгэшгүй өвчин гэж  ойлгох болжээ. “Хавдраар өвчилжээ” гэдэг үгийг  хүндээр хүлээн авч, өвчтөн ч, ар гэрийнхэн ч сэтгэлээр унадаг. Гэтэл хавдар гэдэг өвчнийг эрт илрүүлж чадвал эмчлэгддэг, эдгэрдэг гэдгийг “ЕТЕМО” клиникийн Толгой хүзүүний мэс заслын эмч Ц.Одонтунгалаг онцолж байна. Хавдрыг эмчлэхийн тулд  эрт илрүүлэлт  хамгаас чухал энэ өвчнийг газар авахуулахгүйн  тулд хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ёстой гэдгийг тэрбээр чухалчилсан.

-Хавдар өвчнийг эмнэх, эдгээх, хавдраар өвчлөгсдөд үйлчлэх чиглэлээр ажиллаж буй хувийн эмнэлэг олонгүй. Тэр дундаа толгой, хүзүүний хавдрын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Голчлон дотор эрхтэний хавдар давамгайлдагаас тэр л дээ. Ер нь толгойн хүзүүний хавдар хэр түгээмэл өвчин бэ. Толгой хүзүүний эд эрхтэнүүд ил байдаг болохоор  илрүүлэлт ч харьцангуй эрт байх магадлалтай юу?

-Өнөөдөр монгол хүмүүст хамгийн элбэг тохиолдож байгаа хавдар өвчний эхний байруудад элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хавдар ордог. Эдгээрийн араас толгой хүзүүний тэр дундаа төвөнхийн хавдар жагсдаг. Толгой хүзүү гэж  ерөнхийд нь нэрлээд байгаа хэсэгт гавлын суурь яснаас доош эгэм хүртэлх бүхий л эд эрхтэн багтдаг. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх гээд хүний таван мэдрэхүйн эрхтэн бүгд толгой хүзүүний хэсэгт байрлаж байдгаараа онцлог. Үүн дээр нэмэгдээд бамбай булчирхай, шүлсний булчирхайнууд гэх мэт маш олон эрхтэнүүд орно. Эдгээр нь бодит хэмжээгээр жижигхэн, хоорондоо  ойрхон байрладаг гэхчилэн онцлогтой. Тиймээс толгой хүзүүний хавдар нэг эрхтнээс нөгөөдөө тархах нь амархан байдаг. Өөрийн тань асуугаад байгаачлан толгой хүзүүний хавдар эрт илрэх боломж уг нь бусад эрхтэнтэй харьцуулахад илүү ч бусад хавдрын нэг адил эхэн үедээ өвдөх зовиургүй байдагтай холбоотойгоор хүмүүс ихэнхдээ оройтож ирдэг.

-Өвдөхгүй ч гэсэн ямар нэгэн өөрчлөлт анзаарагдмаар санагдах юм. Яагаад гэвэл бид өдөр бүр тольддог шүү дээ?

-Манайхан их хэнэггүй. Хамар битүүрээд байх юм, хоолой сөөчихлөө, булчирхай цоччихож гээд л яваад байдаг. Мэнгэ загатнаад, цус гараад байна гээд сонингийн цаас наачихаад хэдэн сараар, жилээр явж байгаа хүн ч байна. Энэ бүхнийг нарийн сайн анзаарвал хавдрыг эрт илрүүлэх бүрэн боломжтой. Өвдөж мэдэгдэх зүйлгүй байсан ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж сураагүйгээс хавдар хожуу оношлогдож байна. Дээр хэлсэнчлэн толгой, хүзүүний эрхтнүүдээс төвөнхийн хавдар илүүтэй тохиолдож  байна. Төвөнхийн дараа амны хөндий, бамбайн хавдар ордог.

-Бусад эд эрхтний хавдрын шинж тэмдэг толгой хүзүүний эд эрхтэнд илэрдэг тохиолдол цөөнгүй гэлээ. Тэгэхээр толгой хүзүүнд гарсан өөрчлөлт чухам юунаас болов гэдгийг хэрхэн илрүүлдэг вэ?

-Толгой хүзүүний эд эрхтэнүүдийн хавдраас гадна хүзүүнд өөр бусад эрхтэний хавдар үсэрхийлсэн булчирхай томорч гарч ирэх тохиолдол элбэг. Жишээ нь, хөх, уушги, ходоод гэх мэт ихэнхдээ амьсгал хоол боловсруулах замын хавдрын үед хүзүүн дээр булчирхай томрох нь бий. Хавдрын үсэрхийллийн булчирхай мөн үү биш үү, мөн бол аль эрхтэнээс үсэрхийлсэн бэ гэдгийг нарийвчлан тогтоохын тулд эд эсийн шинжилгээ өгөхөөс аргагүй. Огт шинж тэмдэггүй эрүүл гээд явж байтал хүзүүнд булчирхай томроод эд эсийн шинжилгээгээр оношоо тодруулан анхдагч хавдар хаана үүссэнийг олж эмчлэх тохиолдлууд байдаг.

-Та яриандаа арьсны хавдрын тухай дурдлаа. Арьсны хавдар гэж төрөлжсөн өвчин байдаг уу?

-Байлгүй яахав. Хүний хамгийн их талбайтай эрхтэн бол арьс. Арьсны хавдрын 90 орчим хувь нь толгой хүзүүний байрлал буюу ил хэсэгт илэрдэг. Учир нь энэ хэсгийн арьс уур амьсгалын өөрчлөлт, нарны туяанд хамгийн их өртөж байдаг онцлогтой. Арьсны хавдар дундаа мэнгэний хорт хавдар нь хоруу чанар ихтэй. Мэнгэний хавдар ам хамрын салст бүрхэвчинд мөн тохиолддог. Тиймээс нүүр, хүзүү, ам хамарт жижиг өөрчлөлт гарсан ч ялангуяа удаан хугацаанд эдгэрэхгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх учиртай юм.  Мөн хувцасны зах, суганы оёдол зэрэг арьсанд  үрэлт үүсгэснээс  мэнгэ ургацаганд шалбархай, шарх бий болох, загатнах, зовиурлах, хэлбэр хэмжээ, өнгө нь өөрчлөгдөх зэргийг анзаарч байх хэрэгтэй.

-Арьсны хавдар юунаас болж үүсдэг вэ. Сүүлийн үед охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гоо сайхны хагалгаа хийлгэж, үү, ургацаг, мэнгэ авахуулдаг болсон. Мөн шивээс хийлгэж байна. Энэ бүхэн арьсны хавдарт нөлөөлөх үү?

-Одоогоор гоо сайхны үйлчилгээ, шивээсээс болж хавдар үүссэн гэх батлагдсан мэдээлэл алга. Ер нь хавдар үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байна. Арьсны хавдарт гол нөлөөлдөг зүйл бол нарны туяа. Ялангуяа В туяа. Нарны В туяа арьсыг түлдэг. Харин нарны А туяа арьсыг хөгшрүүлдэг гол туяа. Далайн төвшнөөс дээшлэх тусам агаар дахь  В туяаны найрлага ихэсч байдгаас гадна цас мөснөөс ойсон туяанд их байдаг. Тиймээс бид  В туяаны нөлөөнд илүү их байдаг болж таарч байна. Далайн төвшнөөс дээш өндөрлөг газарт байхын дээр өвлийн улирал урт байдаг учраас нарны хортой туяанд өртөх эрсдэл тун их. Тиймээс нарнаас хамгаалах тос түрхэх, нягт нэхээстэй хувцас өмсөх зэргээр арьсаа  хамгаалж байх хэрэгтэй.

-Мэнгэний хавдар хоруу чанар өндөртэй юм байна. Хүн болгонд мэнгэ бий. Тэдгээрийг хавдрын шинжтэй болж байгааг хэрхэн мэдэж болох вэ?

-Нарны туяаны нөлөөнөөс гадна нүүрээ угаахдаа, үсээ самнахдаа мэнгийг байнга үрж, шударч байдгаас нүүр хүзүү болон хуйханд байрласан мэнгэнүүд хавдарт шилжих эрсдэлтэйд тооцогддог. Мэнгэний  хорт хавдарт шилжиж байж болзошгүй шинж тэмдгүүд бий л дээ. Мэнгэний өнгө нь өөрчлөгдөх, дагуул олон мэнгэ гарч ирэх, хэлбэр нь зөв бус болох, загатнах, өвчин орох, хэмжээ нь огцом томрох, шархлан цус гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах учиртай.

-Хавдар өвчин газар авахын хэрээр эмч нараас илүү нарийн мэргэшил шаардах болжээ. Хавдрын эмч  гэхэд л бүх эд эрхтэний  хавдрыг эмчлэх бус  эд эрхтэн нэг бүрээр нь нарийвчлан мэргэшдэг юм байна. Толгой хүзүүний хавдрын мэргэжлийн эмч хэр хүрэлцээтэй вэ?

-Тийм ээ, эмч нар мэргэшиж байгаа. Ингэхээс ч аргагүй. Ер нь бол бүх эд эрхтэнийг мэддэг супер эмч гэж байдаггүй. Гэхдээ л хавдар өвчин өөрөө олон мэргэшлийн эмч нарын багийн ажиллагааны дүнд эдгэрэх боломжтой, ялангуяа хожуу шатны хавдар оношлогдож байгаа үед энэ нь зайлшгүй. Толгой хүзүүний хавдрын мэс заслын алба байгуулагдаад хорь гаруй жил болж байгаа. Толгой хүзүүний хувьд чих хамар хоолой, нүд, эрүү нүүр, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах болон хэл яриа засалч гээд бүр ч олон мэргэшлийн эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай байдаг. Үүн дээр мөн мэдрэлийн мэс заслын баг ч шаардагдах тохиолдол гарч болно.

-Хавдрыг хүмүүс эмчлэгддэггүй өвчин гэж боддог. Гэтэл эмч нар эрт оношлуулбал эдгэрэх боломжтой өвчин гээд байгаа. Хавдрыг эрт илрүүлэхийн тулд хүмүүс юуг мэдэж байх ёстой вэ?

-Эрт оношлуулж, эмчлүүлбэл хавдар бүрэн эдгэрдэг өвчин. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хавдрыг боломжтой үе шатанд нь мэс заслаар бүрэн авчихад эсвэл хавдрын эсрэг зохих өвөрмөц эмчилгээг нь хийхэд тэр хүн эдгэрэх бүрэн боломжтой. Үүний тулд хүмүүс өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж,  өөрсдийн эрүүл мэндээ маш сайн анхаарч үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Хорт хавдар гэсэн эцсийн оношийг эмгэг судлаач эмч тавидаг. Үүний тулд эд эсийн шинжилгээ авч оношийг тогтоосны дараа хорт хавдрын эсрэг эмчилгээнүүд хийгддэг. Хорт хавдар өвчний үед хийгдэх мэс засал ч бас бусад мэс заслын эмчилгээнээс цар хүрээ, баримтлах зарчмын хувьд өөр. Үүн дээр хавдрын төрөл, үе шат, аль эрхтэнийх гэдгээс хамааран химийн болон туяа эмчилгээ нэмэгдэнэ.

-Тэгэхээр хавдрыг илрүүлэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай юм байна гэж ойлголоо. Зөв үү. Хааяа нэг өрхийн эмнэлэгтээ үзүүлж, цусны шинжилгээ өгснөөр хавдрыг илрүүлэх боломжгүй юү?

-Цусны шинжилгээгээр хавдрыг шууд оношлохгүй. Тухайн хүн эрүүл байна уу, эсвэл ямар нэгэн үрэвсэлтэй байна уу, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол байгаа эсэх зэргийг харж шаардлагатай бол нарийвчилсан шинжилгээ хийж тодруулдаг.  Тэгэхээр зовиур илэрдэг хүмүүсийн хувьд  жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, дүрс оношлогоо хийлгэх нь зүйтэй. Ходоод нь зовиуртай байдаг хүн дурандуулаад үзэх, таван цулаа ЭХО-д харуулж шалгуулах гэх мэт. Жишээ нь элэгний хавдар биед үүсэнгүүтээ л өвчин ороод зовиур өгдөг байсан бол өнөөдөр энэ олон хүн элэгний хавдрын хожуу шатандаа эмнэлэгт ирэхгүй байх сан. Аль ч хавдрын үед адилхан үүсэнгүүтээ л үрэвсэл мэт өвдөж халуураад байдаггүй. Тиймээс л урьдчилан сэргийлэх үзлэг гэж яриад байгаа юм. Өвчин эдгэрэхгүйгээр удсан тохиолдол бүрт мэргэжлийн эмчид хандаж байгаарай гэж зөвлөх байна. Хамар битүүрэх, хоолой сөөх, хэлэн дээр шарх гараад эдгэхгүй удах гэх мэтийг манайхан үл тоодог. Энэ бол сайн зүйл яавч биш гэж бодож сэрэмжилж байх ёстой.

-Хуучин цагт хавдрыг хөгшин хүний өвчин гэж үздэг байсан гэж та хэллээ. Хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаагийн шалтгаан юү вэ?

-Хорт хавдрын шалтгаанд олон хүчин зүйлс ордог гэж дээр хэлсэн. Гэхдээ хүмүүсийн амьдарч буй орчин, тухайн хүний зуршил, амьдралын хэвшил, ажил мэргэжил, элдэв хэрэглээтэй нь шууд холбоотой нь харагддаг. Хуучин цагт монголчууд маань ихэнхдээ өөрсдөө боловсруулсан хүнс хэрэглэдэг байсан бол өнөөгийн бидний хүнсэнд химийн аргаар боловсруулсан, хадгалалтыг уртасгадаг бодисын найрлагатай бүтээгдэхүүн маш их байна. Төвөнхийн хавдраар жишээ татъя л даа. Шууд шалтгаан нь тамхи. Намайг анх хавдрын эмч болох үед микроавтобусны үйлчилгээ ид дэлгэрч байсан. Хүүхдүүд голдуу мөнгө хураагч хийнэ. Тэд зун өвлийн халуун, хүйтэн орчинд хоолойны чадлаар хашгирч, хүмүүсээ суулгаж байхыг хараад ойрын ирээдүйд төвөнхийн өвчлөл нэмэгдэх магадлалтай юм байна даа гэж бодож байсан. Бас хүүхдүүд тамхи их татах болсон байна. Үнэхээр ч өнөөдөр төвөнхийн өвчлөл тэр дундаа хавдар нэмэгдэж байна. Гэхдээ хоолой нь удаан сөөсөн бүхэн ирээдүйд хорт хавдар болно гэж айлгаж байгаа юм биш шүү. Өвчилсөн үедээ мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаж эмчилгээг дутуу орхилгүй тууштай хийж өвчин үүсгээд байгаа нь тогтоогдсон хорт зуршлуудаас хол явахад өвчнөөс сэргийлж бас эрт оношлогдож чадна.

-Толгой хүзүүний хавдар туссан хүмүүст нас, хүйс, ажил мэргэжлийн нөлөө ажиглагддаг уу?

-Толгой хүзүүний хавдраас төвөнхийн болон нармайн хавдар эрэгтэйчүүдэд илүү тохиолдох нь бий. Гэтэл бамбайн хавдар эмэгтэйчүүдэд илүү байх жишээтэй. Ажил мэргэжлийн нөлөө бас байна. Төвөнхийн хавдарт жолооч, багш нар арай илүү өртдөг нь ажиглагддаг. Нарийвчлан судалбал сонирхолтой судалгаа гарах байх. Багш нар маш их ярьдаг, чанга дуугарах шаардлагатай болдог. Дууны хөвч байнга ажилладаг гэсэн үг. Мөн дээр нь шохойны хэрэглээ ч нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй.

-Эрчүүдийн хувьд төвөнхийн хавдарт өртдөг нь тамхитай холбоотой юу?

-Ерөөс төвөнхийн хавдрын нотлогдсон шалтгаан бол тамхи. Тамхи төвөнхийн хавдарт онцгой нөлөөтэй. Загасыг утаж болгоод байдаг даа. Тэгвэл хүмүүс тамхи татсанаар өөрийн эд эрхтнээ утаж байгаагаас ялгаагүй.

-Хавдраар өвдсөн хүмүүсийн эдгэрэлтэд өвчтөний сэтгэлзүйн байдал нөлөөлдөг үү?

-Тухайн хүний сэтгэл санааны байдал, ар гэрийн арчилгаа өвчний эдгэрэлтэд онцгой  нөлөөтэй. Хавдраар өвчилсөн хүмүүс болон ар гэрийнхэн нь эмчээс хэдий хэрийн хугацаа үлдсэн бэ гэж  их асуудаг. Энэ бол тодорхойлох аргагүй зүйл л дээ. Өвчний эдгэрэлийн 50 хувь эмч болоод эмчилгээнээс, үлдсэн 50 хувь нь тухайн хүний сэтгэл санаанаас хамаардгийг судалгаагаар тогтоосон байдаг. “Би энэ өвчнийг ялан дийлж чадна” гэсэн бүрэн итгэлтэй байх үед эмчилгээг 30 хувьтай хийлээ ч эдгэрэлт 80 хувьтай байх жишээтэй. “Би ч өнгөрчээ” гэж бодсон хүнд эмч, эмнэлгийн ажилтан чадах бүхнээ хийгээд ч  үр дүн 50 хувьтай л гарна гэсэн үг шүү дээ. Шархны эдгэрэлтэд ч анзаарагддаг. Аливаад уужуу тайвуу, өөдрөг сэтгэлээр ханддаг хүний шарх маш хурдан эдгэдэг бол санаа сэтгэлээр унамтгай хүмүүсийн шарх удаан илаарших байдал ажиглагддаг.

-Хавдрыг хожуу илрүүлж  байгаа нь  хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол нимгэн байгаатай холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?

-Тийм ээ, санал нэг байна. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол нимгэн байгаагийн хор уршгаар хавдар оройтож оношлогдож байна. Хүмүүс нь эрүүл мэндийн боловсрол муутай бол эмч нь хичнээн сайн байгаад, эмнэлэг нь хичнээн мундаг тоног төхөөрөмжтэй болоод нэмэргүй. Эрүүл мэндийн боловсролыг балчир наснаас нь олгож, хэвшүүлэх хэрэгтэй санагддаг. Шүдээ хэрхэн зөв угаах вэ, амны хөндийн ариун цэвэр гэж юү вэ гэдгээс эхлээд хоолой, шүдний өвчин архаг өвчлөлийн суурь болж байдгийг багаас нь ойлгуулчих хэрэгтэй байгаа юм. Ерөнхий боловсролыг хүүхэд бүрт заадагчлан эрүүл мэндийн боловсролыг ч чухалчлах цаг болсон. Дээхэн үедээ монгол хүн бүр өөрийн гэсэн аягатай явдаг байсан нь эрүүл ахуйн талаас маш ач холбогдолтой байсан.

-Эрүүл мэндийн зөвлөгөөг хүмүүс нэг нь нөгөөдөө мэдэмхийрч ярьснаас болж буруу ташаа ойлголт төрүүлэх нь элбэг санагддаг. Эмчид үзүүлэхээсээ өмнө хэн нэгний зөвлөгөөг дагадаг, эсвэл эмийн сан руу очоод дурын эм аваад уучихдаг. Энэ байдлыг хэрхэн засч залруулбал зохистой вэ?

-Ам дамжсан ярианд амархан итгэдэг нь монголчуудын нэг онцлог гэх үү дээ. Тиймээс ч  “Шинэ эмчээс ширгээсэн ус дээр”, “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц илүү” гэх мэт үг бичигдээгүй хууль мэт үйлчилж байгаа нь харамсалтай. Эмийн санд ороод “Энэ ханиаданд юү сайн бэ” гэж асуугаад эм авдаг хүн олон бий. Зарим эмийн сангийнхан ч “Хүмүүс энийг л хамгийн ихээр авч байгаа” гээд эмээ худалдаж байх юм. Энэ бол үнэхээр харамсалтай. Элэгний өвчинд элээний элэг залгих сайн гэх мэт дом ч юм уу хүмүүсийн ам амжуулан бие биедээ зөвлөж хэрэглэдэг аргууд бас байна. Өнөөг хүртэл элэгний ямар төрлийн өвчин, ямар шатандаа байхад элээний элгэн дэх ямар бодис нь сайн нөлөө үзүүлснийг  тогтоосон шинжлэх ухааны үндэстэй тайлбар, бүтээл гараагүй л байна. Хаван хавдарт олон жил хадгалсан монгол шар тос, ээдэм, түүхий гурил түрхэх сайн гээд хүмүүсээс сонссон зүсэн зүйлийн арга чарга хэрэглэдэг. Гэхдээ нотолгоо баталгаагүй зүйлд итгэх нь хэр зохистой вэ. Орчин үед нотолгоонд суурилсан анагаах ухааны талаар хүчтэй ярих болсон шүү дээ. Түүнчлэн  Гиппократын тангарагт  “Хүнд би хамгийн энэрэнгүйгээр тусална. Тус хүргэж чадахааргүй бол хор хүргэхгүй” гэж байдаг. Энэ бол эмч нарын тангараг. Үнэндээ бол эмч хүн тус хүргэж чадахгүй бол чаддаг дүр эсгэж хор хүргэх ёсгүй юм. Үүнтэй нэгэн адил мэдэхгүй зүйлээ бусдад зөвлөх нь хорлож байгаагаас ялгаагүй гэдгийг хүмүүс маань бас ойлгоосой гэж боддог. Өвчтэй хүмүүс ч өөрсдөө замбараагүй олон мэдээлэл дундаас алийг нь сонгох вэ гэдгийг тунгаан шүүх хэрэгтэй юм. Хортой хавдартай хэр нь бумба тавиулж, зүү төөнүүр хийлгээд ирдэг тохиолдол ч бий.

-Хавдрын чиглэлээр ажилладаг хувийн эмнэлэг хэр олон байдаг вэ. ЕТЕМО клиникийн онцлог, эмчилгээ, үйлчилгээний талаар та манай уншигчдад танилцуулна уу?

-Манайх ил байрлалын болон толгой хүзүүний хавдрын үзлэг, зөвлөгөө, оношлогоо, тодорхой хүрээний мэс заслын эмчилгээ хийдэг. Эмгэг судлалын лабораторидоо хорт хавдрын эд эсийн оношлогоог богино хугацаанд  хурдан шуурхай хийхийн дээр эмгэг судлалын зөвлөх зэрэгтэй эмч оношлогоо хийдэг гээд давуу тал олон бий.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж