
“Сайн байна уу ээжээ? Охин нь хичээлдээ яваад л байж байна. Манай анги өдөр орохоо болиод орой ороод шөнө тардаг болсон. Сургуулийн байшин нурах гэж байгаа гээд өөр газар хичээллэж байгаа. Эмээ бид хоёр хичээлээ тараад өвөөгийндөө ирсээр байтал шөнө болчихдог болсон. Бүр тэнгэрээр дүүрэн одтой хав харанхуй шөнө болчихдог. Ээж таныгаа болон саяхан нэг нас хүрсэн жаахан дүүгээ их санаж байна аа. Миний хамгийн их хүлээдэг өдөр бол баасан гариг. Энэ л өдрийн орой аавыг ажлаасаа ирэнгүүт охин чинь тань руугаа яардаг. Өнгөрсөн таван хоногт хэнтэй яаж тоглосон, хичээл дээрээ юу сурсан, ээж дүү хоёрыгоо яаж зүүдэлсэн гээд ярих юм зөндөө байна. Даанч ярих юм маань амралтын хоёрхон хоногт багтахгүй юм. Хэрвээ Улаанбаатар хот маань утаагүй байсан бол жаахан дүү та хоёртойгоо өдөр бүр хамт байгаад л гоё байхгүй юу. Цагаан сараар бүгдээрээ хотод гэртээ байхад үнэхээр гоё байсан л даа. Даанч жаахан дүү маань шөнөжин уйлаад унтаж чадаагүй. Тэр шөнө аав, ээж, би, дүү гээд бүгд унтаж чадаагүй. Ааваасаа дүү яагаад уйлаад байгаа юм бэ? гэж асуухаар агаар дутагдаж байна гэсэн. Ээж дүү хоёрыгоо санаж байгаагаа хэнд ч хэлдэггүй ээ. Хэрэв хэлбэл хүүхдүүд намайг шоолох байх гэж бодоод. Нэг удаа ээжийгээ санаж байгаагаа найздаа хэлсэн л дээ. Тэр надаас ээж чинь хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь зуслан дээрээ байгаа гэсэн чинь, өө иймхэн газар байж санадаг гэнээ гээд л байсан. Зарим хүмүүст зуслан гэхээр бол ойрхон л байх даа. Гэхдээ надад бол их хол санагддаг. Би ээжтэйгээ уулзах гэж таван хоног хүлээдэг. Өвөөгийн гэр хашаа байгаа газар удахгүй олон өндөр байшин баригдан гэж зурагтаар хүмүүс ярьж байна лээ. Тэгвэл олон нүүрс түлдэг айл өндөр байшинд ороод утаагүй хотдоо би ээж дүү хоёртойгоо өдөр бүр хамт байна.
Нийслэлийн 14-р дунд сургуулийн 3ё ангийн сурагч Н.Гүнж-Аялгуугаас майхан толгойн зусланд байгаа ээж О.Даваасүрэндээ” гэжээ.
