
Өдөр бүр, цаг тутамд энэ гурван үсгийг дуудаж байсан боловч тарни мэт сүсэглэн, гүн гүнзгий утга агууллагыг нь ойлгоогүй л явж. Бага байхдаа би ижийгээ хэзээ унтаж, хэзээ сэрдэгийг мэддэггүй, хар залуугаараа явчихсан аавын минь араас урсах нулимсаа биднээс нууж, дотогш нь урсгадаг байсныг ойлгодоггүй байж дээ. Юунд ч үл уурлаж, юунд ч барьц алддаггүй байсан ээж минь одоо бол тийм биш болчихсон байна. Их ажил /би өөртөө л их гэж итгүүлсэн/-ын хажуугаар утсаар ярихаа мартчихаар дараа нь нэг хэсэгтээ л миний дуудлагыг авахгүй. “Эхнэр, охин хоёроо дагуулаад ээж дээрээ ирж, хамт хонооч” гэж хэлэхэд нь “дараа” хэмээн хойшлуулж, “завгүй” гэдэг үгээр өөрийгөө зөвтгөнө. Талийгаач ааваас минь хойш намайг л хаана явна тэнд, надтай үргэлж хамт байхыг бүхнээс илүүд үзэх болсон ээжээсээ өнөөдөр би өөрөө хүсээгүй ч зугтаагаад байх шиг. “Сэтгэл байвал бүх зүйл боломжтой” гэдэг үгийг мэддэг хэрнээ сэтгэлээ би хаана гээчихээ вэ?
…Аймгийн төвийн дунд сургуулиас их сургуулийн хуваарь авсан өөрийгөө их том хүн болчихлоо хэмээн бодож бушуухан л хот, хүрээ бараадахыг хүссэн. Харин ээж минь намайг санан бэтгэрч, хэрхэн шаналахыг бодоогүй. Ямар сайндаа л ээж минь оюутан болсон эхний гурван сарын дараа л “Хүүгээсээ хол байж чадахгүй юм байна” гээд хүрээд ирэхэв дээ. Харин би
. . . Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэртээ дараатай л яваа шүү… гэсэн яруу найрагч Ш.Гүрбазарын шүлгийн мөрүүдийг байнга санаж явдаг таныхаа ачийг бага ч болов хариулсан билүү. Өхөөрдөм хөөрхөн үртэй болж таныгаа баярлуулсан мэт боловч, үнэндээ таныгаа үнэгүй “асрагч” болгосон биш үү. Жилдээ төрсөн өдөр, 3-р сарын 8 гээд тоотой хэдхэн өдөр хүү шиг хүү байж, баярлуулахыг хичээдэг ч таныгаа үнэхээр баярлуулж чадсан болов уу?
Таны хувьд энэ хорвоогийн хамгийн “эрдэм, ухаантай” тэнэгхэн үр чинь өөртөө тавьсан энэ хэдхэн асуултандаа хариулж чадахгүй нь. Өөрийгөө “их”-д бодож явсан би таныхаа дэргэд бол “их далайгаас цалгисан балга ус” аж. Саяхан биеийг тань муудахад яаран сандран очиход танил хөгшин тань надад “Ээж чинь чиний дууг л сонсмоор байна гээд байсан” гэж хэлсэн. Би эмнэлэг сувилал, мөнгө төгрөг бодож явахад та минь үрийнхээ дууг сонсохыг хүсэж байсан байна. “Тэнэг” үрийг чинь ухаан суухгүй болохоор бурхан тэнгэр таны минь биеийг зовоож, хүүд нь асар их айдас, бас ухаарал хайрласан. ЭЭЖ гэсэн гуравхан үсгээс бүтэх энэ үг бүх дэлхийг орлох хүчтэй, тийм их үнэ цэнэтэй аж. Эрхэм энэ үгийн ард элбэрэл хайр, уучлал, энхрийлэл, ухаарал гээд хамгийн төгс утга нуугддаг юм байна.
Ээждээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье.