Боксчид Азийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Боксчид Азийн аваргад оролцоно

Өнгөрсөн сард Европын цуврал тэмцээнүүдэд оролцож, медалийн хур буулгасан Монголын олимпийн боксын шигшээ багийнхан Азийн аваргын бэлтгэлээ базаахаар ирэх даваа гаригт Орхон аймаг дахь “Олимп” баазыг зорих гэж байна. Ширэн бээлийтнүүд тэнд гурван долоо хоног гаруй нэгдсэн бэлтгэл хийгээд “China Open” тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах гэнэ. Тус тэмцээн Хятадын Гүйян хотноо энэ сарын 27-ноос зургадугаар сарын 4-нд болох юм. Залгуулаад боксчид Иорданы нийслэл Амман хотноо зургадугаар сарын 17-27-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ. Тивийн аваргад оролцох баг тамирчдын бүрэлдэхүүн тодорсон бөгөөд бэртлийн улмаас багагүй хугацаанд тэмцээн, уралдаан өнжсөн Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 56 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Харин “World Series of Boxing” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Гавьяат тамирчин Н.Төгсцогт гэмтлийн улмаас Азийн аваргыг өнжих юм байна.

Азийн аваргад оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:

49 кг: Г.Ариунболд
52 кг: П.Сэрдамба
56 кг: Э.Бадар-Ууган
60 кг: З.Энхзориг
64 кг: У.Мөнх-Эрдэнэ
69 кг: Ж.Отгонжаргал
75 кг: Т.Чулуунтөмөр
81 кг: С.Эрдэнэбаяр
-91 кг: Х.Мандахнаран
+91 кг: Д.Идэрбат

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж