
Нэгэн удаа бүсгүйг хажуугийн хүүхдийн тоглоомын талбайд суугаад чимээгүйхэн уйлж байхыг харсан юм. Нимгэн шар алчуураар нулимсаа арчин уйлах бүсгүй намайг дэргэд очсоныг мэдээгүй. Магадгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг уйлмаар санагдсан байх. Нөхөртэйгөө ажилд ороод танилцсан тухайгаа, тэр өдрүүд хамгийн жаргалтай байсан, ээж болсон тэр гайхамшигт агшингаа хамгийн сүүлд нөхрийнхөө өдөр бүрийн "тамлалт"-ын талаар ярьснаас хойш түүн шиг олон олон бүсгүйчүүдийн амьдал хэн нэгэн эр хүний "хайр" гэгч нэрийн дор сүйрэн, сүйтгэгдэн унаж байгаа тухай мэдээг сонин хэвлэлээс олонтаа уншдаг байв.
Хорин нэгхэн настай бүсгүйн гунигтай богинохон амьдрал, нэгэн залууд ухаангүй дурласныхаа төлөө шоронгийн хаалга татсан татварын байцаагч бүсгүй. Нөхөртөө олон цагийн турш чөдөр, хазаараар зодуулж амиа алдсан ээж. Салъя гэж хэлснийхээ төлөө олон жилийн өмнө амиа алдсан бүсгүй гээд хайраас үүдсэн хүчирхийллийн тухай хар бараан мэдээллийг интернэтээс хайгаад үзэхэд ёстой хар мянгаараа гарч ирэх болов уу.
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Цэцэг навч, хайр дурлалд умбасан энэ өдөр эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө за гэж хэлээсэй. Эхнэртээ цэцэг өгөхдөө хайр нь тэр цэцэг шиг үүрд дэлгэрч байгаасай. Ингэж бүсгүйчүүд хүсч яваа. Инээмсэглэлийнхээ цаана тэд нулимсаа битгий нууж яваасай. Өдөр бүр өнөөдрийнх шиг бүсгүйчүүд инээмсэглэж байгаасай. Хайр дурлал, аз жаргал, инээд хөөрөнд умбаж амьдраасай. Хайртай бол хартай гэдэг. Худлаа шүү, хартай хүн хэзээ ч хайрлаж чадахгүй. Үүнийг олон олон бүсгүйн амьдралын гашуун тавилан гэрчилнэ. Тиймээс эрчүүд минь ухаантай байгаасай, ээжийгээ хайрладаг шигээ эхнэрээ хайрладаг байгаасай.
Эцэст нь энэ өдрийн мэндийг Монголын бүх эмэгтэйчүүддээ хүргэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн "Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй юм. Үзэсгэлэнт гүнж цайзан дотор жаргадаггүй юм. Эрчүүд минь эр хүн шиг байцгаая. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм. Жинхэнэ эцэг хүн охид хүүхнүүдээ өмгөөлөн зогсдог юм" гэсэн үгийг өдөр бүр санаж яваарай гэж эрчүүддээ хэлмээр байна.