
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр /III.6/ ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар холбогдож, Украины хямралын талаар бүтэн цагийн турш хэлэлцжээ. Барак Обама Путинтай утсаар харилцахдаа Крымийн нутаг дэвсгэрт ОХУ-ын арми бэлэн байдалд байх нь Украины хямралыг улам дэвэргэж буйг сануулсан байна. Үүний хариуд Владимир Путин Барууныхны дэмжлэгтэй Украины шинэ Засгийн газрыг хууль бус, дарангуйллын засаг хэмээн мэтгэжээ. Түүнчлэн Владимир Путин тусламж эрсэн Крымийн ард иргэдэд олон улсын хууль, гэрээ, конвенцийн дагуу тусламж үзүүлнэ гэдэг бат сууриа илэрхийлсэн байна. Харин Барак Обама Украины бүрэн бүтэн байдалд заналхийлж буй ОХУ-ын армийн хүчийг Крымийн баазаасаа эргүүлэн татахыг ятгажээ. Түүнчлэн Владимир Путин ирэх 16-ны өдөр болох Крымийг ОХУ-д нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулгыг хүчин төгөлдөр бус хэмээгээд аливаа шийдвэрийг Украины хууль ёсны Засгийн газартай хамтран гаргах ёстой гэсэн байна. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Киевийг орхиж, ОХУ-ын цэргүүд Крымийн нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш анх удаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар харилцсан нь энэ байв. Путинтэй утсаар холбогдохоос нэг өдрийн өмнө Барак Обама Европын холбоонд хандан Крымд цэргийн хүчээ зузаатгасан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг шаардаж байсан юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэх зорилготой олон улсын яриа хэлэлцээрийг ирэх өдрүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулах аж.